20-р зуунд Монгол улс Зөвлөлтийн боловсролын тогтолцоог хуулж нутагшуулснаар улс орны хөгжилдөө хамгийн том хувьсгал хийсэн гэж хэлж болно. Багшаа насан туршдаа хүндэлж явдаг Монгол соёл, Зөвлөлтөөр дамжиж ирсэн Европ боловсролын тогтолцоотой уялдаж жинхэнэ монгол боловсролын тогтолцоо бүрдсэн. Лам хуварга болж л бичиг үсэгтэй, номтой болдог тогтолцоог халж, малын бэлчээрээс арван жилийн сургуульд орж, тэндээсээ дотоод гадаадын дээд сургуульд явдаг болсны ачаар Монгол улс хөгжиж чадсан. Энэ хувьсгалын ачаар хот хөдөөгийн мянга мянган залуучууд орчин цагийн сэхээтнүүд болж Монгол орныхоо эдийн засаг, нийгэм, соёл, спортын бүхий л салбарыг хөгжүүлж өдий зэрэгт хүргэсэн. Африк, Ази, Латин Америкийн хөгжиж буй олон орны нөхцөл байдалтай харьцуулахад Монголоос ялгаатай хамгийн чухал зүйл нь боловсролын тогтолцоо байдаг.
Харин 21-р зуунд Монголчууд энэ тогтолцоогоо улам сайжруулах цаг үеийн хэрэгцээ шаардлагатай тулгарлаа.
Нэгд, боловсролын тогтолцооны ялгарал газар тэнгэр шиг болсон. Өндөр төлбөртэй хувийн сургуулийн хүүхдүүдийн Ерөнхий эрдмийн шалгалтын дундаж дүн улсын өмчийн сургуулийнхаас дэндүү ялгаатай боллоо. 2020 оны Ерөнхий эрдмийн шалгалт улсын сургуулийн дундаж дүн 513.7 оноо, хувийн сургуулийнх 565.5 оноотой байна. Энэ бол багшийн эсвэл хүүхдийн чадвараас шалтгаалж байгаа зүйл огт биш. 2019 онд математик, физик, хими, мэдээлэл зүй зэрэг хичээлүүдийн олон улсын олимпиадад 12 медаль аван, оролцсон бүх сурагчид медальтай эх орондоо ирсэн байна. Боломж нь байвал багш нь ч хүүхэд нь ч олон улсын аль ч түвшинд өрсөлдөх чадвартай гэдэг нь эргэлзээгүй. Улсын өмчийн сургуулиудын тогтолцоог өөрчлөхгүй бол болохгүй байна гэдэг нь энэ хоёрхон тооноос л харагдаж байна.
Хоёрт, Монгол Улсад нийт 662 улсын сургууль байхад 158 хувийн сургууль ажиллаж байна. Дэлхийд боловсролын салбараар тэргүүлэгч Финланд улсад 3,400 бага сургууль байдгаас түүний 30 нь хувийн сургууль бөгөөд, хувийн болон хувийн бус сургуулиудын зардлыг нь засгаас нь буюу дээд удирдлагаас гаргадаг байна. Мөн Канад улсад 15,500 дунд боловсролын сургуулиуд байхад 2,000 орчим нь л хувийн сургууль бөгөөд нийт бага болон дунд боловсролын сурагчдын 91.2 хувь нь улсын сургуульд суралцаж байна. Энэ нь нэг л зүйлийг хэлээд байна. Манай орны хувд ээж аав нар сайндаа биш аргаа барсандаа хувийн сургуулиудад их мөнгө төлж хүүхдүүдээ сургаж байна. Энэ нь баян мөнгөтэй айлын хүүхдүүд нэг боловсрол эзэмшдэг, ардын хүүхдүүд өөр боловсрол эзэмшдэг тогтолцоо руу хөтлөх үндсэн шалтгаан болоод байна. Өөрөөр хэлбэл энэ нь баян ядуугийн ялгааг байх ёстой зүйл гэж аль эрт хүүхэд наснаас нь “төлөвшүүлэх” тогтолцоо бүрдэж байна. Баян айлын хүүхэд гадаад хэлээр багаасаа чөлөөтэй ярьдаг, бүрэн дунд сургуулиа төгсөөд гадагшаа дээд сургуульд суралцах боломж нь нээлттэй байдаг, төгсөж ирээд цалин өндөртэй ажил төрөл хийх боломжтой болдог. Харин орлого багатай, эсвэл хөдөө орон нутагт байгаа айлын хүүхэд “зөвхөн Монголдоо” үлдэх ийм л сонголттой байх үндэс суурь нь аль бага сургуулиас нь тавигдаад байна. Шалтгаан нь нэг жигд биш стандартын зөрүү.
Манай зарим популистууд хувийн сургуулиудыг хаах, эсвэл өөр ямар нэгэн хязгаарлалт тавих гэх мэт санал гаргах байх. Тэглээ гээд цаана байгаа суурь асуудал нь шийдэгдэхгүй. Баян айлын хүүхдийн хувийн сургуульд сурах боломжийг хааснаар асуудал шийдэгдэхгүй. Ардчилсан Монгол улсад тэгж болох ч үгүй. Харин ардын хүүхэд хувийн өндөр төлбөртэй сургуультай адилхан хөтөлбөр, орчинд суралцах боломжийг бүрдүүлэх ёстой.
Гуравт, өнөөдөр гадаадад сурч байгаа залуучуудын тоо социализмын үед Зөвлөлт Холбоот Улсад эсвэл Зүүн Европын холбоотон улсуудад сурдаг байсан оюутны тооноос хол давлаа. Энэ оны байдлаар Өмнөд Солонгосд 58 оюутан, АНУ-д 798, Хятадад 19, Орост 216, Германд 126, Японд 83 оюутан суралцаж байна. Гадаадад суралцах тухайд Монголчууд эртнээс л гадагшаа явж сурдаг байсан. Суут зохиолч Д.Нацагдоржоос эхлээд шинэ Монголын орчин цагийн сэхээтнүүдийн нилээд хэсэг нь гадаадад сурч байсан түүхтэй. Тэр хүмүүс одоо ч манай улсын оюун санааны үсрэнгүй хөгжлийг авчрагсад гэж дуурсагддаг.Тэгэхээр гадаадад боловсрол эзэмших нь ганц өнөөдрийн ч биш ер нь монголчуудын амьдралын хэв маяг байсан. Мэдээж хэрэг ихэнх төгсөгчид дотооддоо их дээд сургуульд суралцаж төгсдөг. Гадагшаа суралцах цөөн хэдэн хүүхдэд зориулж тогтолцоогоо шинэчилж болохгүй. Харин манай тогтолцоо нь өөрөө олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байж л гадагшаа сурах урсгал нь багасна. Өөрөөр хэлбэл гадаадад эзэмших боловсролыг Монголдоо эзэмших боломжтой байвал хүүхдүүд дотооддоо суралцах илүү сонирхолтой болно. Гадаадын өндөр чанартай гэгддэг боловсролыг Монголдоо эзэмших энэ тогтолцоо нь ерөнхий боловсролын тогтолцооноос эхлэх ёстой. Үүний тулд Монголын боловсролын тогтолцоогоо олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн болгох хэрэгтэй.
Хөтөлбөрийн ялгааг ялгаварлан гадуурхал гэж шүүмжлээд байгаа хэсэг маань олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн хөтөлбөр Монголд байсаар ирсэнийг санах хэрэгтэй. Уламжлалт орос сургуулийн тогтолцооны нэг жишээ нь олон ээж аав нар, сурагчдын мөрөөдөл болсон монгол-оросын хамтарсан 3-р сургууль байна. Сүүлийн жилүүдэд амжилт үзүүлж буй хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Юцай сургууль бас бий. Олон жил Монгол улсын боловсролын салбарт жишиг болж орон нутагт сүлжээтэй болж чадсан Турк сургуулиуд байна. Герман хэлний сургалттай Гёте сургууль, Францын консулын сургууль гээд манайх шиг жижигхэн улсад хувийн салбарт өрсөлдөөн маш хүчтэй өрнөж байгаа.
2010 онд төрөөс энэ салбарт шинэчлэл хийхдээ Кембрижийн Олон улсын шалгалтын төвтэй хамтарч ажиллахаар болсон. Зорилго нь маш тодорхой: Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн дипломыг олон улсын түвшинд нийцэж байгаа гэсэн үнэлгээ авах. Энэ нь хүүхдүүд гадаадад очиж суралцахад дипломыг нь гадаадын сургуулиуд хүлээн зөвшөөрнө гэсэн шууд үр дүн дагуулахаас гадна том утгаараа манай сургуулиудын өгч буй хөтөлбөрийн агуулга нь олон улсын түвшинтэй нийцэж байгааг баталгаажуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл монгол хүүхдүүд Монголдоо олон улсын стандартын боловсрол эзэмшиж байгааг баталгаажуулна.
Энэ ямар ач холбогдолтой вэ? Бид дэлхийн түвшинд боловсрол олгодог байлаа ч олон улсын түвшинд тэрийгээ баталгаажуулж байж л хүлээн зөвшөөрүүлнэ.
Баталгаажуулалтын жишээ манай оронд маш олон бий. Жишээ нь мэргэшсэн нягтлан бодогчийн үнэмлэхийг авахдаа олон улсын стандартын дагуу шалгалтыг нь өгөөд авдаг. Хамгийн наад захын жолооны үнэмлэх гэхэд л олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг дүрмийн дагуу шалгалт өгөөд үнэмлэхээ авдаг. Тийм учраас тэр үнэмлэхээрээ гадаадын зарим оронд машин тэрэг барьж болдог. Яагаад гэвэл Монголын жолооны үнэмлэхийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрдөг.
Кембриж гэсэн гадаад үг ороод ирэхээр Монгол хөтөлбөр байхгүй болоод оронд нь гадаад хөтөлбөр орж ирээд, хүүхдүүд монгол хэл, түүх, уран зохиолоо үзэж сурахаа болино гэсэн энгийн түвшний айдас төрдөг. Гэтэл тийм зүйл огт байхгүй. Монгол хэл дээр үзэх ёстой монгол хэл, түүх, уран зохиол гэх мэт бүх хичээлээ үздэгээрээ үзээд, сурдагаараа сурна. Байгалийн ухааны хичээлээ ч гэсэн монгол хэл дээрээ үзнэ. Харин агуулгын хувьд олон улсын үздэг хөтөлбөртэй нь нийцэж байна гэсэн баталгаажуулалт хийх ёстой гэсэн үг.
Тэгэхээр байгаа хөтөлбөрөө сертификатжүүлах асуудал гэж ойлгож болно. Монгол сурах бичгээрээ монгол хэлээрээ монгол багш нар заадгаараа л заана. Харин түүнийг нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлнэ гэсэн үг.
Энэ шинэчлэлийн хүрээнд Кембрижийн хөтөлбөртэй гурван сургуулийг улсаас байгуулаад арав шахам жил болоод байна. Энэ нь хос хэлний лаборатори сургууль. Яагаад хос хэлний гэхээр нийгмийн ухааны хичээлээ монгол хэлээр үзэж, байгалийн ухааны хичээлээ англи хэлээр үздэг. Яагаад лаборатори гэхээр Монгол улсын бусад сургуулиуд эндээс суралцаж Кембрижийн хөтөлбөр руу аажмаар шилжилт хийх байсан.
6 дугаар ангиас эхэлж сургадаг эдгээр сургуулиудыг ээж аав нар хүлээн зөвшөөрөөд одоо нэг л сургуульд нь 90 хүрэхгүй орон тоонд 2000 шахам хүүхэд элсэлтийн шалгалт өгч жил бүр өрсөлдөж байна. Нэг сургуулиас авч үзэхэд 2020 оны байдлаар 35 хүүхэд сургуулиа төгсөхөд 71 хувь нь МУИС, СЭЗДС, ШУТИС, АШУИС гэх мэт дотоодын тэргүүний сургуульд элсэж, 29 хувь гадаадад суралцаж, энэ 29 хүүхдийн 90 хувь нь гадаадад 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж байна. Өөрөөр хэлбэл ээж аав нар нь, хүүхдүүд нь бүгд энэ тогтолцоог ойлгож, хүлээн зөвшөөрч хамрагдах гэж маш их хүсдэг.
Харин үүнийг эсэргүүцдэг хүмүүс нэг л зүйлийг хэлдэг. Үнэтэй. Цөөн тооны хэдэн хүүхдүүдэд дэндүү их мөнгө зарж байна гэдэг. Гэтэл яг үнэн дээрээ хос хэлний лаборатори сургууль гуравхан байгаа. Зардлын хувьд энэ гурван сургуулийн зардал нь тийм ч өндөр биш. Жирийн сургуулиас ялгаа нь 25 хувь л байдаг. Тэгэхээр дүүрэг, аймаг болгонд ядаж нэгээс хоёр ийм сургууль байгууллаа гээд боловсролын салбарт тийм их дарамт учраад байхгүй. Улсын хэмжээнд одоо байгаа сургуулийн тоог 50 болголоо гээд боловсролын салбарын зардал тийм айхтар өсөхгүй.
Цөөн хэдэн хүүхдэд тусгай сургууль байгуулах гэж байна гэж шүүмжилдэг. Энэ сургуулиуд тусгай сургууль биш, лаборатори сургууль. Өөрөөр хэлбэл бусад сургуулиуд үүнээс туршлага судлаж, багш нарын сургалт явуулж, аажимдаа бүх сургуулийг шинэчлэх лаборатори болох учиртай.
Амьдрал дээр бол өнөөдөр Улаанбаатар хотын 1 дүгээр сургууль, 11 дугаар сургууль гэх мэт тусгай сургууль гэж хэлж болох сургууль байсаар л байна. Тэнд ихэнх хүүхэд нь шалгалт өгч эсвэл харъяаллын зарчмаар ордог ч гэсэн ар өврийн хаалгаар мөнгөтэй айлын эсвэл дарга нарын хүүхдүүд ордог гэдгийг эцэг эхчүүд бүгд л мэдэж байгаа. Аймаг болгонд л тийм сургууль байдаг. Харин энэ сургуулиудад жирийн ардын хүүхдүүд орж чадаж байна уу гэвэл бас худлаа. Хотын төвийн байр нь үнэтэй учраас харъяаллаараа орж болдоггүй. Танил тал багатай учраас ар өврийн хаалга нь дутдаг. Гэтэд ил тод шалгалтаар орох гэхээр тийм сургуулийн тоо бага учраас өрсөлдөөн дэндүү өндөр байдаг. Тэгэхээр 5 ангиа төгсөгч нараас дүүрэгтээ, аймагтаа сурлагаараа тэргүүлж байгаа хүүхдүүдээс ил тод байдлаар шалгалт авч хамгийн сайн сурлагтануудыг нь ийм хос хэлээр заадаг лаборатори сургуульд элсүүлэх нь харин ч хамгийн шударга бөгөөд ил тод арга зам.
Орон нутагт ийм сургууль байгуулах нь давхар олон ач холбогдолтой. Хамгийн гол нь орон нутагтаа сургууль төгсөгчид нь цаашдаа тухайн аймгаа, орон нутгаа авч явах удирдагчид, бизнесменууд, нийгмийн зүтгэлтнүүд болно. Хот руу сургууль бараадаж нүүх нүүдэл бага ч гэсэн саарна.
Гэхдээ энэ бол шинэчлэлийн эхний үе шат. Бусад бүх сургуулиудыг бүгдийг нь яг ийм болгох албагүй, шаардлага ч байхгүй. Хөтөлбөрөө баталгаажуулж, тогтолцоогоо шинэчилж чадах юм бол улсын өмчийн бүх сургуулийн төгсөгчид олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой болно. Үүний тулд эхний ээлжинд лаборатори сургуулийг аймаг, дүүрэг болгонд байгуулах хэрэгтэй. Тогтолцоогоо шинэчлэх бодит эхний алхам бол эдгээр лаборатори сургууль.
Энэ бол Монголчууд дангаараа аваад хийх гэж байгаа шинэчлэл биш. Бусад олон оронд байдаг тогтолцоо. Английн ерөнхий боловсролын диплом \CGSE\, АНУ-ын GED буюу ахлах сургуулийн диплом, Сингапурын О төвшин, Энэтхэгийн CBSE зэрэгтэй адил төвшний, харилцан зөвшөөрөгдсөн сургалтын тогтолцоог Монгол улсад байгуулах гэж байгаа юм.
Монгол улсын боловсролын салбарт өмнө нь яригдаж байсан шинэчлэлийн хөтөлбөртэй харьцуулах юм бол маш прагматик, гарт харагдахуйц, нүдэнд баригдахуйц эцсийн үр дунд хүрэх зорилготойгоороо ялгаатай.
Том утгаар нь ярих юм бол нийгмийн шударга ёсыг тогтооход үндсэн гурван арга хэрэгсэл байдаг. Татвараа зөв тогтоож баян ядуугийнхаа ялгааг багасгаж, баян нь илүү татвар төлж орлого багатай хэсэгтээ нийгмийн халамж олгох санхүүгийн арга хэрэгсэл байдаг. Улсын өмчийн сургуулиар дамжуулан орлого их багаас үл хамааран зах зээлд өрсөлдөх чадвартай боловсрол бүх хүүхдэд олгох тэгш боломжийн арга хэрэгсэл мөн байдаг. Эрүүл мэндийн салбарт орлогоос үл хамааран эмнэлгийн тусламж авах боломжийг бүрдүүлсэн арга хэрэгсэл. Тэгэхээр олон улсын стандарттай хэдэн сургууль аймгийн төвүүд, гэр хорооллуудад барих нь зүгээр нэг боловсролын тогтолцооны асуудал биш нийгмийн шударга ёсны асуудал гэдгийг огт мартаж болохгүй. Ардын хүүхдүүдээс ирээдүйн Монгол улсын улс төр, бизнес, нийгмийн удирдагчид төрөх боломжийг бүрдүүлж байгаа шударга ёсыг тогтоох үйлс гэдгийг санаж явах хэрэгтэй.
МУИХ-н гишүүн Г.ДАМДИННЯМ
Холбоотой мэдээ