Иргэдийн хувьцааны ногдол ашгийг хэзээ тараах вэ!

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

Иргэдийн хувьцааны ногдол ашгийг хэзээ тараах вэ!

Иргэдийн хувьцааны ногдол ашгийг хэзээ тараах вэ!

Засгийн газар “Ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараана” хэмээн амалсан ч өнөөдрийг хүртэл олгоогүй. Тиймээс дөрвөн сарын турш горьдлого тээсэн иргэд хувьцааны ногдол ашгийн сураг сонгуулийн шоу болоод өнгөрлөө хэмээн бухимдаж буйгаа илэрхийлсээр байгаа билээ.

Иргэдэд хувьцааны ногдол ашиг тараах тухай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэдэгдлээс хойш үнэт цаасны компаниуд ихээхэн ачаалалтай ажиллаж байв. Харин Засгийн газар амалсан хугацаандаа мөнгөө өгөөгүйгээс зургадугаар сараас хойш хувьцааны дансаа нээлгэх иргэдийн тоо эрс цөөрчээ.

Монгол Улсын нийт 2,512,768 иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж буй мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрт Засгийн газрын 216 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа буюу нэг сая төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг эзэмшүүлсэн. Түүнээс хойш 2011-2012 онд насны хишиг хувь хүртсэн, оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд суутгуулсан иргэд өнөөдөр хувьцаагүй байгаа ба 2016 онд “Сайн хувьцаа” хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хувьцааны тоо янз бүр байгаа юм.

Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 1072 хувьцааны дансаа нээлгэсэн 1.6 сая иргэн байгаагаас дансаа баталгаажуулсан, бүртгэлийн асуудалгүй сая орчим иргэний хувьцааны ногдол ашгийн мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК эхний ээлжинд Төрийн сангийн данс руу шилжүүлсэн байдаг. Тус компаниас ногдол ашгийн эхний 60 тэрбум төгрөг орж ирсэн талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Стратеги, эрсдлийн удирдлагын ахлах мэргэжилтэн Т.Төгөлдөр мэдээлсэн юм. Дээрх мөнгөөр өнгөрсөн тавдугаар сард 702 мянган иргэний ногдол ашгийн 48 тэрбум төгрөгийг Үнэт цаасны тухай хуулийн дагуу хугацаанд нь олгох боломжтой байв.

Наймдугаар сарын 24-нд буюу өнгөрсөн Даваа гаригт ногдол ашгийн үлдэгдэл мөнгө Төрийн санд шилжиж орсон талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганхуяг өчигдөр (2020.08.27) мэдээлэл хийхдээ мэдэгдэв. Өөрөөр хэлбэл,  тус компаниас нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээг 90 төгрөгөөр тооцож, нийт 179 тэрбум төгрөгийг Төрийн дансанд шилжүүлжээ. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 14.7 хувийг эзэмшдэг 2.5 сая иргэний 2.2 тэрбум ширхэг хувьцааны ногдол ашгийн мөнгө юм.

“Хувьцаа эзэмшиж буй бүх иргэн, аж ахуйн нэгжийн хувьцаанд ногдох ногдол ашгийн мөнгө бүрэн гүйцэд Төрийн сан руу шилжсэний дараа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараана” гэж амалсан Сангийн сайд өнөөдөр таг чиг. Ямар ч байсан "Эрдэнэс Тавантолгой" хувьцаатай бүх иргэдийн ногдол ашгийг Сангийн яамны мэдэлд шилжүүлсэн байна.

Иргэдийн хувьцааны ногдол ашгийн мөнгийг хэзээ иргэдийн данс руу шилжүүлэх асуудлаар холбогдох яам, албадаас тодруулахыг оролдсон ч тодорхой хариулт өгөх хүн өнөөдрийн байдлаар олдохгүй байна. Ингэхэд иргэдийн хувьцааны ногдол ашгийг хэзээ тараах вэ, сайд аа?

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж