Өнгөрсөн жил Улаанбаатар хотын хэмжээнд 2500 иргэн угаарын хийнд хордож, 15 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Иймээс Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өвөлдөө эртлэн бэлдэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг улсын хэмжээнд зарлаж байгаа талаар өнөөдөр /2020.08.28/ мэдээлэл хийлээ.
БОАЖ-ын сайд Д.САРАНГЭРЭЛ:
УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна. Мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах том зорилтыг УИХ-аар хэлэлцүүлж, тусган үндсэндээ батлах гэж байна. Хоёр жил хүрэхгүй хугацаанд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан. Одоо цаашлаад 80 хувьд хүргэхийг зорьж байгаа. Жил бүр галалгааны улиралд угаарын хийнд хордсон 2.500 хүн ямар нэгэн байдлаар эмнэлэгт ханддаг. Хэвтэн эмчлүүлэх тоо 200 орчимд хүрч, 15-20 хүн эндэж байна. Ингэхдээ гэр бүлээрээ эндэх тохиолдол ч гарч байгаа нь маш том асуудал.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ ажилд онцгойлон анхаарах ёстой гэж үзсэн. Тиймээс есдүгээр сарын 1-нээс "Яндангаа хөөлье" аяныг эхлүүлж байгаа юм. Яндангаа хөөлөөгүйн улмаас тортог хуримтлагдан бөглөрсөн, утаа гадагшлах зай багассан бодит жишээнүүд олон учраас мэргэжлийн байгууллагууд хамтарч иргэдэд заавар, зөвлөгөө өгч, гарын авлага тарааж ажиллана. Цагдаагийн байгууллагаас гэр хорооллын гудамжаар дуут дохиотой явж, яндангаа хөөлөхийг уриална" гэдгийг онцлон хэлж байв
“ЕСДҮГЭЭР САРД 9.750 АЙЛД УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА”
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.МӨНХЖАРГАЛ:
Нийслэлчүүдийн амь амьдралтай маш чухал ач холбогдолтой аяныг энэ оныг дуустал хэрэгжүүлэх гэж байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоох тухай тогтоолд өөрчлөлт орж, төвийн зургаан дүүрэгт бүхэлд нь түүхий нүүрс түлэхийг хориглож байгаа. Ингэснээр алслагдсан таван хороо буюу Хан-Уул дүүргийн 12,13,14-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо /Жаргалант тосгон/ Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд түүхий нүүрс түлэх хориотой болж байна. Эрчим хүчний яамнаас 40 мянган айл өрхийн 36 хороонд нийтдээ шөнийн тэглэсэн цахилгаанаар дөрвөн квт зуухаар гэр, байшингаа халаах нөхцлийг бүрдүүлсэн.
Хоёрдугаарт, улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн бүх айл өрхүүдэд нэг удаа угаарын хий мэдрэгчийг суурилуулсан. Угаарын хий мэдрэгчийг өнөөдрийн байдлаар 162.469 айлд суурилуулаад байгаа. Цахилгаан болон бусад эх үүсвэрээр гэр, байшингаа халаадаг/гал түлдэггүй/ 37.531 угаар мэдрэгч илүү гарсныг Онцгой байдлын байгууллагын агуулахад хадгалж байна.
Есдүгээр сарын 7-ноос эхлээд алслагдсан таван хорооны 9.750 айлд угаар мэдрэгчийг суурилуулна. Мөн шилжин ирсэн, түр оршин сууж байгаа өрхүүдэд 15 мянган угаарын хий мэдрэгчийг суурилуулахад бэлэн болсон. Нэгдүгээр сард авсан угаар мэдрэгчийн зай дууссан байх магадлалтай тул зай нь дууссан эсэхийг заавал шалгаарай" гэлээ.
“УГААРААС СЭРГИЙЛЭХ ТӨВД 100 ОРЧИМ ЯНДАН ХӨӨЛӨГЧ АЖИЛЛАНА”
“Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.ГАНБААТАР:
Угаараас сэргийлэх төвд 100 орчим яндан хөөлөгч ажиллана. Угаарын хий зөвхөн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудал биш. Гэр, орон сууц, байшин, албан байгууллагаа түлшээр халааж буй бүх иргэдэд хамааралтай. Монгол Улсын яндангийн хэмжээ, стандарт гэж бий. Тэр стандартын дагуу ажилчид өөрсдийн гараар багаж хийж, иргэдэд үйлчилнэ. Ажилтнууд маань янданг хэрхэн хөөлөх талаар суралцаж, өөрсдийн гараар багаж хийсэн. Яндангийн хэмжээгээр зургаан метр хүртэл сунаж, хөө тортог цэвэрлэдэг багажийг төмрөөр хийсэн. Иргэдэд хандаж хэлэхэд энэ багажаас санаа авч айл өрхүүд өөрсдөө хийж болно. Манай компани сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхдээ 95-97 хувийн нүүрсийг ашигладаг. Сайжруулсан түлшний нөөц 120 мянган тонныг бэлтгэх үүргийг авсан. Барьцалдуулагчийн хувьд цардуулд суурилсан бүтээгдэхүүнийг л дэлхий даяар хэрэглэж байгаа. Шахмал түлшинд 3-5 хувийн барьцалдуулагч орох ёстой байдаг. Одоогоор барьцалдуулагч гаргаж авахаар монгол эрдэмтэдтэйгээ хамтран ажиллаж байгаа.
ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн дарга, хурандаа Н.ДАВААЖАМЬЯН:
Сүүлийн 10 жилийн тоон мэдээллээр улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад угаарын хийн хордлогын улмаас амь нас хохирсон дуудлага мэдээлэл 136 бүртгэгдсэн. Нийслэлийн хэмжээнд 72 тохиолдол, орон нутагт 63 дуудлага мэдээлэл ирсэн байна. Өнгөрсөн онд 15 амь нас эрсэдсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийж ажилласан.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ