Газрын тос асгарсан Маврикийн эрэгт далайн гахайнууд олноороо үхжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

Газрын тос асгарсан Маврикийн эрэгт далайн гахайнууд олноороо үхжээ

Газрын тос асгарсан  Маврикийн эрэгт далайн гахайнууд олноороо үхжээ

Маврикийн эргийн ойролцоо их хэмжээний газрын тос ачиж явсан усан онгоц хайргадаж, далайн усанд түлш нь асгараад гурван долоо хонож байна. Нутгийн иргэд газрын тосыг далайн уснаас шүүж авахын тулд борви бохисгүй ажиллаж байгаа ч харамсалтай нь, далайн амьтад аль хэдийнэ үхээд эхэлжээ. Тухайлбал,  далайн 18 гахай эрэг дээр гарч, үхсэн байхыг иргэд олжээ.

Түүнээс гадна эргийн ойролцоо гүехэн усанд хэд хэдэн далайн гахай гарч, гацсан байсныг хүмүүс буцаан усны гүн хэсэгт тавьсан байна.

Үхсэн далайн гахайнууд бүгд Японы эзэмшлийн боловч, Панамын тугтай МВ Вакашио усан онгоц хайргадан ойролцоогоор 1000 тонн газрын тос далайд асгасан газраас 16 км радиус дотор олджээ.

Эрэг дээр гарч ирж үхсэн далайн гахайнуудыг харахад зарим нь цустайгаа хутгалдсан, зарим нь амныхаа ойролцоо үзэгдэхүйц шархтай байсан гэнэ.

Нутгийн шумбагч Бернард Алифон далайн гахайнуудыг үзээд “Би тэднийг танина. Би өдөр бүр тэдэнтэй хамт сэлдэг байсан. Одоо ийм байдалтай байгааг нь харахад элэг эмтэрч байна. Тэд бүгд нэг гэр бүлийн далайн гахайнууд байсан юм” хэмээн ярьжээ.

Нутгийн эрх баригчид цаашдаа ч олон далайн гахай ийнхүү амиа хорлож магадгүй хэмээн үзэж байгаа юм.  Далайн гахайнуудын үхэл далайд асгарсан газрын тосноос болсон эсэхийг тэд хэлж мэдэхгүй байна. Учир нь, 2005 онд тус нутагт далайн 35 гахай эрэг дээр гарч ирж үхэж байсныг эргэн сануулжээ.

Байгаль хамгаалагчид үхсэн далайн гахайнуудыг лабораторид аваачин задлан шинжилгээ хийж эхэлжээ. Одоогийн байдлаар хоёр задлан шинжилгээ хийж дууссан бөгөөд задалсан хоёр далайн гахайн ходоодноос газрын тос олдоогүй байна. Үлдсэн задлан шинжилгээнүүдийг ойрын хэдэн хоногийн дотор дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн задлан шинжилгээ хийхээс гадна амьтдын арьс, өөхнөөс дээж авч шинжилгээнд явуулан хордсон эсэхийг тодруулах гэнэ.

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж