Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн тамирчид Жэкоб Блейкийн төлөө шударга ёсыг шаардаж, өчигдрөөс эхлэн ажил хаялт зарлаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр/2020.08.28/ тус лигийн тоглогчид зөвшилцөлд хүрч, плей-оффын тоглолтуудаа үргэлжлүүлэхээр болсон тухай эх суравалжууд мэдээлж байна. NBA-ийн зүгээс ч “Ирэх Баасан эсвэл Бямба гаригт тоглолтууд үргэлжилнэ гэж найдаж байна” гэж мэдээлсэн.
Тоглогчдын холбооны хуралтай зэрэгцэн багийн эздийн хурал явагдсан. Багийн эздийн хурлын үеэр Шарлотт Хорнетс багийн эзэн Майкл Жордан “Одоогийн үүсэд буй нөхцөл байдал дээр ярих нь бус сонсох илүү үр дүнтэй” гэдгийг багийн эздэд ойлгуулжээ.
Тоглогчдын холбооны тэргүүн Крис Пол болон Рассель Уэстбрук хоёртой Жордан хурлын өмнө ярьж, санал солилцжээ.
Доналд Трамп ч NBA-ийг улс төрийн байгууллага болж байна хэмээн шүүмжлээд амжив. Тэрбээр “Би NBA-д өрнөөд буй эсэргүүцлийн талаар сайн мэдэхгүй юм. Би ганцхан тэдний рейтинг иргэдийн дунд муу байгааг л мэдэж байна. Учир нь хүмүүс NBA-ээс жоохон залхаж байгаа. Нээрээ шүү. Тэд улам л улс төрийн байгууллага шиг болж байна. Энэ нь сайн зүйл биш. Улс эх оронд ч тэр, спортод ч тэр энэ нь сайн зүйл гэж бодохгүй байна” хэмээн Холбооны Онцгой байдлын ерөнхий газрын хурал дээр ярьжээ.
Харин Леброн Жэймс өөрийн твиттер хуудаснаа “Зүгээр яриад байвал өөрчлөлт гарахгүй шүү дээ. Арга хэмжээ авч байж, одоо л хийх хэрэгтэй байна. АНУ-д өөрчлөлт хийх цаг нь ирсэн. Хамтдаа. Ийм учраас саналаа өгөх хэрэгтэй” гэж жиргэжээ.
Холбоотой мэдээ