Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко сонгуулийн дараа улс оронд нь өрнөөд буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжаахад туслахыг ОХУ-аас хүссэн билээ. Тэгвэл Беларусь руу илгээх цэргийн тусламж бэлэн болсныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
Тэрбээр “Экстремистүүд машин тэрэг, байр сууц, банкуудыг галдан шатааж, засаг захиргааны байрууд руу довтлох зэргээр нөхцөл байдал хяналтаас гарсан тохиолдолд эдгээр цэргүүдийг хөдөлгөнө” хэмээсэн байна.
Энэ сарын 9-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсыг 20 гаруй жил удирдсан Александр Лукашенко сонгогчдын 80 хувийн дэмжлэгийг авч сонгогдсон ч иргэд түүнийг сонгуулийг луйвардсан, шударга бус сонгууль болсон хэмээн түүнийг огцрохыг шаардан жагсч байгаа юм.
Уг жагсаал цуглааныг толгойлж байгаа иргэдийг Лукашенкогийн засаг захиргаа баривчлан хориод байгаа ба тэднийг төрийн эрхийг булаахыг оролдсон, зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан гэж буруутгажээ.
Барууны орнууд Беларусьт өрнөж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Лукашенко болон түүний засаг захиргааг иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөөнд халдахгүй байхыг анхааруулж, цаашлаад Европын холбооны хоригт оруулж болохыг мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ