Гахай, шувууны томуу болон улаанбурхан өвчнөөс сэргийлээрэй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гахай, шувууны томуу болон улаанбурхан өвчнөөс сэргийлээрэй

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Гахай, шувууны томуу болон улаанбурхан өвчнөөс сэргийлээрэй

Украйн улсын Киев хотод H3N2 хэв шинжийн томуугийн вирусын халдвар тархаж, энэ сарын 25-ны байдлаар нийт 18 хүн нас баржээ. Түүнчлэн ОХУ-д томуугийн А хүрээний А(H1N1) халдвар, БНХАУ-д томуугийн А хүрээний А(H7N9) халдвар, бусад оронд Зика, Коронавирүст халдварын тохиолдол, нас баралт бүртгэгджээ.

МХЕГ-аас өвчний голомтот орноос ирж буй зорчигчдод тавих хяналтыг чангатгаж, эрүүл мэндийн тандалт судалгааг явуулж, иргэдэд мэдээлэл, сурталчилгаа, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, тусгаарлах өрөө, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, хамгаалах хувцас, хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг ханган, тээврийн хэрэгслэл, ачаа тээш, ажиллах орчин, гарын ариутгал, халдваргүйтгэлийг зохих журмын дагуу хийж, бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу тохиолдлын мэдээг холбогдох мэргэжлийн байгууллагад тухай бүр хүргүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг хилийн мэргэжлийн хяналтын албадад үүрэг болголоо.

Иргэдэд өвчний дэгдэлт бүхий орон руу зорчих бол хоол, хүнсний ариун цэвэр, эрүүл мэндийн аюулгүй байдлаа чандлан сахихыг зөвлөж байна.

Манай улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийт 133,802 хүн амбулаториор үйлчлүүлсний 5.1% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож, 10,000 хүн амд 29.1 тохиолдол бүртгэгджээ. Хүн амын дунд томуугийн A(H1N1) вирүс зонхилон эргэлтэнд байгаа бөгөөд бага насны хүүхдүүд,жирэмсэн эмэгтэйчүүд, эрхтэн тогтолцооны эмгэг хуучтай, өндөр настай хүмүүс илүү өртөх, хүндрэх эрсдэлтэй байдаг.

Мөн улаанбурхан өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд иргэд аль болох даарах, ядрахаас зайлсхийж, урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах, аминдэм хэрэглэх, амны хаалт зүүж, гараа тогтмол угаах, өвчний шинж тэмдэг илэрсэн үед нэн даруй эмнэлгийн байгууллагад хандахыг МХЕГ-ын Зөвлөгөө, мэдээллийн төвөөс зөвлөж байна.

Гахай, шувууны ханиад, томуу болон улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг МХЕГ-ын цахим хуудаснаас үзээрэй.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс