Нэмэлт:
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нарын дөрвөн хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хурлаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн Ц.Болдсайхан, гишүүн Э.Батболд, С.Баатаржав нарын чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэлээ. Ч.Содномцэрэн, Ц.Болдсайхан нарын хувьд тэтгэврийн насанд хүрсэн бол С.Баатаржав улс төрийн албан тушаалд дэвшсэн байна. СЕХ-ны гишүүн төрийн жинхэнэ албан хаагч байх ёстой аж.
Гишүүн Э.Батболд мөн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Эдгээр хүмүүсийн оронд дөрвөн хүнийг нэр дэвшүүлсэн байна. Сонгуулийн төв байгууллагын хуулиараа УИХ тав, Ерөнхийлөгч хоёр хүнийг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлдэг. Ингээд нийт есөн гишүүнтэй, хараат бус, төрийн жинхэнэ албан хаагчид байх ёстой" гэв. Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-СЕХ-ны гишүүнд хэн хэнийг нэр дэвшүүлсэн бол?
-Сонгуулийн төв байгууллагын хуулиараа УИХ тав, Ерөнхийлөгч хоёр хүнийг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлдэг. Ингээд нийт есөн гишүүнтэй, хараат бус, төрийн жинхэнэ албан хаагчтай байдаг. УИХ-аас ЦЕГ-ын дарга Ж.Болдыг нэр дэвшүүлж байна. Сонгууль зохион байгуулахад цагдаагийн байгууллага хэв журам сахиулах гол үүрэг гүйцэтгэдэг. Мөн УИХ-ын Тамгын газрын Хууль эрхзүйн хэлтсийн дарга н.Түвшинжаргал орон тооны бус гишүүнээр, УИХ-ын Тамгын газрын ажилтан н.Дэлгэрнаран нарын нэрийг дэвшүүлж байна. УИХ-аас эдгээр гурван хүнийг СЕХ-ны гишүүнээр дэвшүүллээ. Ерөнхийлөгчөөс санал оруулж томилогдож байсан Э.Батболд СЕХ-ны гишүүнээр байснаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүний оронд ҮАБЗ-ийн Аюулгүйн газрын дарга Д.Даваа-Очирын нэрийг Ерөнхийлөгч дэвшүүлж байна. Ээлжит бус чуулганаар томилгооны асуудлыг хийж дуусна.
-Ерөнхийлөгч СЕХ-ны дарга нарыг чөлөөл гэж байсан. Ямар нэг тохироо байсан уу?
-СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга нар хэн нэгний шахалтаар биш өөрсдөө хүсэлтээ өгч чөлөөлөгдөж байгаа.
-СЕХ-ны дарга нь хэн байх вэ?
-Өнөөдөр үдээс хойшхи хуралдаанаар СЕХ-ны гишүүдийг томилж чөлөөлнө. Дараагаар нь даргыг нь томилох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар шийднэ.
СЕХ-НЫ ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭНГ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны зарим гишүүн болон СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэтгэвртээ гарч байгаа аж.
Ерөнхийлөгч Х.Баттулга Анхдугаар чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлж, ийм арга барилаар хэрхэвч ажиллаж болохгүй" гэдгийг хэлж байсан удаатай.
Тэгвэл МАН-ын бүлэг уг асуудлыг ээлжит бус чуулганаар шийдвэрлэхээр болжээ.
Холбоотой мэдээ