МАН-ын 100 жил vs АН-ын 30 жилийн ойн улс төрийн тайз

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

МАН-ын 100 жил vs АН-ын 30 жилийн ойн улс төрийн тайз

МАН-ын 100 жил vs АН-ын 30 жилийн ойн улс төрийн тайз

Том түүхээрээ харвал монголчуудын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл  300 гаруй жил үргэлжилж, ардчилсан чөлөөт нийгмийг сонгоод 30 жил өнгөрчээ. Өнөөдөр манай үндэстэн тусгаар тогтнолоо олсон, орчин үеийн нийгэм болох чөлөөт зах зээл, хүний эрхийг дээдэлсэн нийгэм байгуулсан юм чинь бидний хувьд түүх төгссөн үү гэх асуулт урган гарна. Гэвч Монгол шиг жижиг үндэстний хувьд оршин байхын төлөөх тэмцэл ил далд мөнхийн үргэлжилж байдаг, чөлөөт нийгэм байгуулах сонголт үргэлж бэлэн байдаг боломжтой улс биш юм. Тиймээс бидний түүх төгсөөгүй үргэлжилж байна.

2020 оны парламентын сонгуулийн дараа улс төрийн тайзнаа намуудын хувьд түүхэн ойнууд тэмдэглэх ажил өрнөж байгаа бол үзэгчдийн хувьд тайзнаа зарим гол дүрүүдэд өөрчлөлт орсноор илүү сонирхолтой, илүү үзүүштэй  байх үе давхцаж байна.

АНvsМАН гэсэн өрсөлдөөнөөс  МАНvsЕрөнхийлөгч гэсэн хоёр төв уруу шилжиж байна.

Улс төр судлаачид, хэвлэлийнхэн монгол нь олон намын системтэй улс боловч АН МАН гэсэн хоёр том намын системтэй хэмээн дүгнэх дуртай. Гэвч парламентын сүүлийн хоёр сонгуулийн хэт ялагдлын дараа Ардчилсан намын хувьд энэ байр сууриа алдаж уруудаж байна. Хамгийн хохиролтой нь найман жилийн турш гудамжинд байх “шийтгэлтэй” намын зуун мянга гаруй жирийн гишүүдийн хувьд намчирхлаас үүдэж ажил, амьдралын хувьд бүрэн сүйрэх хугацаа болоод байна. Ингэхэд 2024 он гэхэд ажил, амьдралаараа хохирсон партизануудын хоёр дахь давалгаа бий болох эрсдэл байгаад санаа зовж байгаа стратегич алга.

Өнөөдөр улс төрийн хүчний харьцаа АНvsМАН гэсэн өрсөлдөөнөөс  МАНvsЕрөнхийлөгч гэсэн хоёр төв уруу шилжиж байна. Хэдхэн сарын дараа болох ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийн хүрээнд ерөнхийлөгч Х.Баттулга МАН-аас бусад парламентад суудалтай намуудыг нэгтгэж шинэ блок үүсгэх стратеги баримталж байна. Тэрээр ерөнхийлөгчийн зөвлөхүүдийг Шинэ нам, АН-ын төлөөллөөс авсан бол тун удахгүй МАХН-ын үүрдийн дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар нэг зөвлөхөөр томилогдож, орон нутгийн сонгуулийн дараа Хүн намаас дахин нэг зөвлөх авах мэдээлэл улс төрийн хүрээнийхэн дунд тархжээ. Хамгийн хачирхалтай нь Ардчилсан нам энэ блоконд гол суурь болох ёстой боловч бусад жижиг намуудтай нэг түвшинд ерөнхийлөгчийн “сагсанд” багтаж гол менежментийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хийх бололтой.

Ерөнхийлөгчийн стратегийн төсөөлөл зөв боловч гүйцэтгэл нь хоёр том сорилыг туулах ёстой. Нэгт, ерөнхийлөгчийн төлөөлөл болж намын удирдлага болж очсон хүмүүсийн хувьд бүлэг, фракцуудын төлөөлөлтэй ойлголцох чадваргүй зүгээр л ардчилсан намд “ерөнхийлөгчийн засаглал” тогтоох гэж муйхарлах нь өөрсдийн эсрэг нам дотор шинэ блок нэгэнт үүсгээд эхэлсэн. Энэ муйхарлал нь ерөнхийлөгч яг ардчилсан үзэл санааг тээгч мөн үү.

Эсвэл ерөнхийлөгчийн засаглал, цаазын ял, ШХАБ зэрэг дарангуйллын үзэл санааг сурталчилсан хэвээр байна уу гэдэг эргэлзээг ардчилсан намын дотоодод сэдрээхээс цаашгүй байдалд хүргэж байна. Орон нутгийн сонгуульд АН амжилтгүй оролцвол одоогийн намын удирдлага ардчилсан намыг гуравдагч намын түвшинд унагасан асуудалд орох болов уу.

Уул нь үргэлж өрсөлдөгчийн байр суурин дээр байдаг ардчилсан намын дотоод соёлыг өдөөж нийтийн нэг том “дайсантай” болгох стратеги баримаар байх юм. Үгүй бол соёлоороо дотроо үзэлцсээр ирэх хоёр сонгуульдаа орох нь. Хоёрт, ерөнхийлөгчийн үүсгэж буй намуудын нэгдэл орон нутгийн сонгуульд амжилтгүй оролцвол ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хороодын хяналтаа  бүхэлдээ МАН д алдах юм. Учир нь ерөнхийлөгчийн сонгуулийн санал өгөх хэсгийн хороодыг  тухайн орон нутгийн төрийн албан хаагчдаас бүрдүүлнэ. Хэсгийн хорооны дарга, нарийн бичгээ алдвал саяхан өнөө олон намуудын эсэргүүцээд ерөнхийлөгчид бичиг өргөн бариад байгаа сонгуулийн булхай луйврын асуудлыг зогсоож дийлэхгүй.

Тиймээс МАН-аас бусад намууд нэгдэж орон нутгийн сонгуульд орохгүй бойкот хийж байж л үр дүнд хүрч магадгүй юм. Ямартаа ч улс төрийн тайзнаа хүчний шинэ шилжилт явагдаж байна.

       ХУРАНДАА У.ХҮРЭЛСҮХИЙН “ХУАРАНДАА МОНГОЛЧУУД АА” БОДЛОГО

Цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэм хурандаа У.Хүрэлсүхийн Засгийн Газарт сөрөг хүчний жагсаал цуглаангүй амар амгалан засаглах боломжийг олгосоор ирсэн. Өмнөх ямар ч засгийн газарт ийм аз тохиож байсангүй. Хөөрхий бүр Белоруссийн ерөнхийлөгч Батькад ч ийм аз алга. Гурван зуун мянган белорусчууд өдөр шөнөгүй л жагсаж байна. Хэд хоногийн өмнө УОК-ын хуралдсан мэдээнээс харахад У.Хүрэлсүхийн энэ амар амгалан засаглал нь 2021 оны хавар хүртэл лав албан ёсоор үргэлжлэх бололтой.

Жирийн иргэдийн хувьд хурандаа Хүүкийн хуарандаа монголчуудаа бодлого гэсэн их хоригийн бодлого нь цаашид бүр хүндрэл үүсгэх нь.  Бүхнийг захиргааны хориглох аргаар хуарангийн системээр шийдэж чадахгүй гэдэг нь өнөөдрийн УОК-ын цэргийн соёлтой хэдэн дарга нарын ажил, харилцаанаас харагдаад эхэллээ.

Иргэдтэйгээ бүртгэл дугаар, хоол, архины хэрүүл хэвлэлийн хурлаар хийхээс хэтрэхгүй байгаа УОК оор удирдуулаад манай нийгэм яав ч урагшлахгүй байсаар ирэх жилийн МАН-ын 100 жилийг нүсэр тэмдэглэж нэг омогших бололтой. Нэгэнт ирэх жилийн зургадугаар сар гэхэд монголчуудын амьдрал огцом сайжрахгүй, эдийн засаг өсөхгүй, айлын хөргөгч дүүрэхгүй нь тодорхой тул рейтинг нь тасралтгүй унаж буй тэр үеийн ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж зургаан жил амар жимэр суухаа бодохоос өөр  зам үлдэхгүй байх.

Эрх баригч МАН-ын дотоод засаглал харин 80д оныхон уруу шилжээд дуусчээ. У.Хүрэлсүх л буу зүүж, улаан хивсэн дээгүүр алхдаг лидерийн дүр бүтээж байгаа болохоос эрх баригчдын жинхэнэ бодлого, хүний нөөцийг 80-аад оныхон барьж байна.

2020 оны сонгуулийн ялалтын дараагаар МАН-ын генесек Д.Амарбаясгалан бодитой намын гол удирдагчаар тодорч буй бол төрийн ажлын түвшинд Л.Оюун-Эрдэнэ тогоо барьж Хүүк, Амраа, Оюукын гурвал засаглал үүсчээ.

Бусад 60 гишүүний хувьд хувь хувьдаа л нийгэмд танигдах гэж гурваараа, хүйсээрээ, ганцаараа  өөр өөрийн сэдэв барьж гүйлдэж байгаа болохоос биш үндсэн засаглал уруу орж чадахгүй тоглоомын гадна байна. Товчхондоо нийгэмд дүрийг Хүүк бүтээж, бодлогыг 80 оныхон барьж, 90 оныхон төрийн албанд томилогдож эрх баригч намд үеийн шилжилт явагдаж байна.

2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх ялсан тохиолдолд МАН-ын даргыг Д.Амарбаясгалан авахаар зүтгэх нь тодорхой юм. Учир нь тэр ялалтыг удирдсан боловч ЖДҮ зээл авсан гэх шалтгаанаар төрийн албан сайд хийхэд нийгмийн дэмжлэггүй учраас өөр сонголтгүй.

Бас ерөнхийлөгчтэй ч ил муудалцах хүсэлгүй. 100 жилээрээ парламент, орон нутаг, ерөнхийлөгчийн сонгуулиар ялуулсан намын лидер байх далд амбиц түүнд бий. Харин ерөнхийлөгчийн сонгуулиар намаа ялагдуулбал түүний намын карьерт том цохилт болж хувь улс төрчийн замналаа эхлүүлэх бизээ.

Хэдхэн хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнэ сайд  өөрийнх нь засгийн тагнуулынхан өөрийг нь тагнаж чагнасан асуудлыг гарган тавив. Сүүлийн таван жил хамгийн дуулиан шуугиан тарьж, олны анхааралд өртдөг улс төрчдийн тэргүүн эгнээнд Оюук байх нь гарцаагүй. Эрт олны анхааралд өртөж, хүлээлт үүсгэж  мөн л эрт шүүмжлэлд өртөн, эрт уйдааж буй залуу улс төрч бол Л.Оюун-Эрдэнэ юм.  Тойрогоо услаж хийж буй бүтээн байгуулалтууд нь нутагтаа нэр хүнд авчирж буй ч нийт нийгмийн хүрээнд бухимдал төрүүлж үргэлж чичлүүлж, шалгуулж байх хувь заяаг түүнд авчирж буй. Улс төрчийн хувьд давуу тал нь тэр дараа үеээ буюу 90-ээд оныхныг намдаа элсүүлэх замаар төрийн томилгоонуудад зоригтой тавьж дэд бүтэц үүсгэж чадаж байна.

Харин ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн ихээр хоёрдмол байдалд орох улс төрч нь тэр л байх болов уу.

Үүнийг бичигч ардчилсан намын гишүүнчлэлтэй мань мэт нь яаж байна гэж үү. Яахав дээ намыг үүсгэн байгуулагч ах нарынхаа шүхэр дороос гарахгүй хамтдаа хөгширч тайзан дээр гарч амжилгүй үзэгчийн урд эгнээнд л сууцгааж байна даа. Тэгэхээр МАН-ын шинэ үеийнхэнд атаархцгаадаг л байх даа хэдүүлээ.

   УЛС ТӨРИЙН МЕНЕЖЕР О.ЧУЛУУНБИЛЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж