Сурвалжлага: Монголдоо анхдагч “Муур нохойны кафе”

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Монголдоо анхдагч “Муур нохойны кафе”

Сурвалжлага: Монголдоо анхдагч “Муур нохойны кафе”

Гэрийн тэжээвэр муур, нохой нь  хүний хамгийн дотно нөхөр, гэр бүлийн гишүүнд тооцогддог.  Гэхдээ  амьтанд хайртай, сонирхолтой ч элдэв янзын шалтгаанаар  гэртээ амьтан  тэжээх боломжгүй хүмүүст зориулсан  муур болон нохойны кафе  Монголд нээгджээ. Тус кафе хүүхэд залуусыг зорин очдог газрын нэг болсон байна.  Кафе  амьтадтай тоглох заал, үйлчлүүлэгчид  амрах хэсэг, тэжээвэр амьтдын салон, амьтны хэрэгсэл зардаг дэлгүүрээс бүрджээ. Кафены үүдээр ороход голден ретривер үйлчлүүлэгчдийг халуун дотноор  угтах юм.   Муур болон нохойны кафе нь хоёр тусдаа байрлах бөгөөд аль, аль талдаа  нэвт  харагдах шилэн хаалтаар зааглагджээ. Нохойнуудыг хэмжээгээр нь том, жижиг, дунд гэж ангилан тусгаарласан бол муурнуудыг нэг дор байрлуулсан байв.

Энд монгол банхар, Siberian husky, giant schnauzer, german schepherd, golden retriever, border colie, American escimo, Pembroke corgi, akita inu, гэхчлэн нийт 18 үүлдэрийн 30 нохой, есөн үүлдэрийн 30 муур бий.

Амьтад  хэзээний таньдаг эзэн нь орж ирж байгаа мэт үйлчлүүлэгчдэд уриалганхан эрхэлцгээх  аж.  Кафе руу 7-14 насны хүүхдүүд харгалзах насны хүнтэй орох  журамтай. Мөн муурны кафед 45 минут байх бол нохойны кафед 60 минут байж болох аж.

Үнийн хувьд ажлын өдөр 10.00-17.00 цаг хүртэл муурны кафе 9000 төгрөг, нохойны кафе 11000, ажлын өдөр 17.00-20.00 цаг  хүртэл болон амралтын өдрүүдэд  муурны кафе 12000 төгрөг, нохойны кафе 15000 төгрөгийн үнэтэй. 

Муур нохойны кафег “Амазон” амьтны дэлгүүрийг үүсгэн байгуулагч М.Өлзийтөмөр санаачилжээ. Түүний хувьд  кафегаа байгуулахаар олон жил бодож явсны эцэст хоёрдугаар сараас  бэлтгэл ажлаа эхлүүлж  найман сард долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр  үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

 АМЬТДАА БАГААС НЬ Л ХҮНД ХАЙРТАЙ, ЗӨӨЛӨН ЗАН ЧАНАРТАЙ БОЛГОЖ  ӨСГӨСӨН

Тэрбээр “Муур болон нохойны кафе нь  ашгийн төлөө биш гэдгийг тодотгох нь зөв байх. Хамгийн гол нь бид нийгэмд эерэг хандлагыг л түгээхийг зорьсон. Амьтанд хайртай мөртлөө тэжээх боломжгүй хүндэтгэх олон шалтгаантай хүмүүс бий. Тэдгээр хүмүүс нэг дор маш олон төрлийн нохой болон мууртай цагийг зугаатай өнгөрөөх боломж бүрдэж байгаа юм. Муур, нохой тэжээхээр төлөвлөсөн хүмүүс байлаа гэж бодоход манай кафед ирээд амьтдын онцлог, зан чанар, арчилгаа асаргаа зэргийг хөндлөнгөөс урьдчилаад мэдэх боломжтой. Амьтанд хайргүй хүүхэд гэж үгүй. Тиймдээ ч кафегаар  үйлчлүүлэгчдийн ихэнх нь хүүхдүүд. Муурын зулзага, нохойн гөлөг тэжээхийг хүүхэд бүр хүсдэг ч зарим эцэг эх үүнийг нь зөвшөөрдөггүй.

Учир нь гэр орны ажил дээр дахин нэг ажил нэмэгдэнэ, гэрт бааж, шээх томчууд л арчилна гэхчлэн төвөгшөөж сөрөг талаас нь харж хүүхдэдээ үгүй гэж хэлдэг. Гэхдээ амьтан тэжээснээр хүүхдэд нэн түрүүнд төлөвших зан чанар бол үүрэг хариуцлага юм. Учир нь, хүний аливаа зүйлд хариуцлагатай байх чадвар бага насандаа төлөвших нь хамгийн үр дүнтэй байдаг. Өөрөө арчлах, гадаа салхилуулах, хооллож ундлах гээд бүхий л зүйлст мэрийсээр үүрэг хариуцлагатай нэгэн болдог. Кафегаа нээхээс өмнө амьтдаа дөрвөн салбар дэлгүүрүүдэд шилжүүлж байршуулдаг байсан.

Энд байгаа 60 гаруй амьтдаа би сүүлийн арав гаруй жилийн турш гадна, дотны улсаас цуглуулан, өсгөж хүмүүжүүлсэн. Нохойг сургахад үндсэн командын сургалтаас гадна нийгэмшүүлэн төлөвшүүлэх бусдад аюул учруулахгүй маш зөөлөн зан чанартай болгоход чиглэсэн сургалтуудыг би өөрөө гардаж хийсэн.

Тиймдээ ч энд байгаа бүх амьтад маань эрх. Хүнээр асарч, халамжлуулах их дуртай. Эрх учраас үйлчлүүлэгчид ч их хайртай байдаг. Амьтдаа багаас нь л хүнд хайртай, зөөлөн зан чанартай болгож  өсгөхөд цаг хугацаа их  зарцуулсан. Тиймдээ ч үйлчлүүлэгчдийг үргээх үйлдэл кафед байгаа ямар ч амьтдаас гарахгүй гэдэгт би итгэлтэй байна. Муугаар ярихад манай нохойнуудаас нэг нь л хүүхэд хазлаа гэхэд бараг үйл ажиллагаагаа зогсоох хэмжээний том эрсдэл дунд бид  үйл ажиллагаа явуулж байна" гэв.

САЙН УДАМТАЙ, ЦЭВЭР ЦУСНЫ ОЛОН НОХОЙ БИЙ

Дашрамд дурдахад, дээрх нохойнууд дунд сайн удамтай, цэвэр цусны олон нохой бий. Тухайлбал, german schepherd гэхэд эцэг нохой нь 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байранд орж байжээ. Улмаар Германаас БНХАУ-руу  хоёр тэрбум гаруй төгрөгөөр зарагдсан байна Giant schnauzer гэхэд эцэг нохой нь олон улсын аварга нохойМонголд цөөхөн байдаг тачир үстэй цагаан өнгөтэй golden retriever мөн л дэлхийн аварга удамтай.

Удам сайтай нохойнуудын ялгарах зүйл нь тухайн үүлдэр үүссэнээс хойш одоог хүртэлх нэг ч удаа ургийнх нь бичиг тасраагүй байдаг гэнэ.   

Цаашид муур нохойны кафед олон тохижилтын ажил хийгдэх бөгөөд ойрын хугацаанд амьтдын танилцуулга, мэдээллийн самбараар заалны нэг ханыг бүхэлд нь дүүргэж хүмүүст зориулсан ундаа, цай уух, хөнгөн зуушны хэсгийг ч нэмэлтээр хийх юм байна.  

М.Өлзийтөмөрийн ойрын зорилго нь хэрэв хөл хорио цээрийн дэглэм суларвал муур нохойны кафе хамгийн өндөр хөгжсөн гэгдэх  БНСУ болон Япон улсын аль нэг рүү нь явж туршлага судална гэдгээ ч хэлж байсан юм.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
47
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж