Холливудад хөл тавьж буй Монгол хүү

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

Холливудад хөл тавьж буй Монгол хүү

"NEWS" агентлаг залуустаа зориулсан ШИНЭ НЭРбулангийнхаа ээлжит зочноор Гарамхандын Дөлгөөн-Эрдэнэг онцолж байна. Түүнийг “Солиот эх” уран сайхны киноны Бороо хүүгийн дүрээр үзэгчид таних болсон.

Тэрбээр “Солиот эх” киноны дүрээрээ мэргэжлийн жүжигчнээс дутахгүй сайн тоглосон гэдэг үнэлгээг үзэгчдээс авч байсан. Тэгвэл энэ удаа авьяаслаг хүү монголынхоо чадварлаг жүжигчидтэй хамтран Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” кинонд тоглоод буй.

Энэ кинонд Холливудын алдарт жүжигчид болох Жонни Депп, Роберт Паттинсон нараас гадна жүжигчин, модель Б.Ганчимэг, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Гүрсэд, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ нарын 14 монгол уран бүтээлч оролцон тоглосон билээ. Ингээд залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэтэй танилцъя.


 ГАРАМХАНД ДӨЛГӨӨН-ЭРДЭНЭ 2002.07.15

Төгссөн сургууль:

“Путонхуа” бүрэн дунд сургууль

Мэргэжил:

залуу жүжигчин

Сошиал хуудас: 

Dulguun-erdene /facebook/

ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ. УРЛАГТАЙ ХЭР ОЙР ӨСӨВ?

-Урлагийн гэр бүлд төрж, өссөн учраас багаасаа  кино үзэх дуртай байлаа. Ялангуяа хүүхэлдэйн кино их үзнэ. Хүүхэлдэйн киног нэг үзээд бүх үгийг нь цээжилчихнэ. Тэгээд аав, ээждээ киноныхоо гол дүрийн талаар ярьж, тоглож үзүүлнэ. Бага байхад аав маань найзуудтайгаа гэртээ сууж байгаад  киногоо монтажилна. Тэр болгоныг нүдээр харж өссөн болохоор кино урлаг их дотно сайхан санагддаг. Бас хип хол хөгжим сонсох дуртай.

АНХНЫ АМЖИЛТ?

-Миний анхны амжилт гэвэл “Солиот эх” уран сайхны киноны Бороо хүүгийн дүр. Анх энэ дүрийн сонгон шалгаруулалтад оролцох саналыг ээж минь надад тавьсан. Тэгээд 11 настай дүү бид хоёрыг кино баг дээр дагуулж очсон. Сонгон шалгаруулалт дээр очсон чинь эхэндээ би тэнцэлгүй, дүү маань тэнцсэн. Учир нь, намайг “Бороо хүүгийн дүрд тоглоход арай том биетэй байна” гэсэн юм билээ. Тэгээд хүүхдийн зусланд амрахаар явсны дараагаар “Сонгон шалгаруулалтад тэнцлээ” гэсэн хариуг надад өгсөн. Зарим хүмүүс аавыг маань найруулагч учраас энэ дүр арын хаалгаар тэнцсэн гэж боддог байх. Гэтэл аав намайг “Солиот эх” кинонд тоглохоор болсныг мэдээ ч үгүй байсан. “Солиот эх” уран сайхны кино миний анхны кино учраас зургийн талбайд юу ч мэдэхгүй очиж байлаа. Алдаа оноо бүрт минь “X-ТҮЦ” продакшны уран бүтээлч ах, эгч нар хэлж, зөвлөн тусалж байсан нь сайхан санагдсан. Киноны нээлт болоход сэтгэл их хөдөлж, киногоо ч олигтой үзэж чадаагүй. Маш их догдолсон доо.

АНХНЫ ДҮР УЧРААС АЙЖ, САНДРАХ ЗҮЙЛ ХЭР БАЙВ. СЭТГЭЛД ҮЛДСЭН ЗУРАГ АВАЛТЫН ХЭСЭГ ГЭВЭЛ?

-Миний хувьд анх хөдөө зураг авалтаар очиход нэг сар орчим хугацаанд зураггүй байсан. Манай дүү эхний сар зураг авалттай учраас тэнд дүүгээ харангаа уран бүтээлч ах, эгч нартайгаа танилцана. Тэгээд дүүгээ гэр рүүгээ явуулсны дараа миний зураг авалт эхэллээ.

Гэтэл хамгийн эхний зураг авалт морь унадаг хэсэг байв. Миний хувьд хотод төрж, өссөн хүүхэд учраас өмнө нь морь унаж байсангүй. Тэгээд мориныхоо буруу талаас мордох гэж байгаад загнуулж байж билээ. Зураг авалт эхлэх шаардлагатай байсан учраас 30 орчим минут морь унаж байгаад л зургаа эхэлсэн. Надад “Солиот эх” киноны төгсгөлийн хэсэг их амаргүй байсан. Ээж нь хадан цохионоос унасныг хүү нь олж хараад тэвэрдэг шүү дээ. Би  уйлж чаддаггүй.

Тэгсэн Гавьяат жүжигчин И.Одончимэг эгч “Чи намайг ээжийгээ гэж бодох ёстой” гэдэг зөвлөгөөг өгч байсан. Тиймээс би ээжийгээ бодож тоглосон учраас тэр хэсгийн зураг авалт сэтгэлд тод үлдсэн гэх үү дээ. Нэг удаа үсчингээр үйлчлүүлсэн чинь үсчин эгч үсийг маань засч байснаа “Чи нөгөө “Солиот эх” кинонд тоглодог хүү мөн үү. Хэзээ хотод орж ирээ вэ” гэсэн. Намайг хүмүүс хөдөөний хүү гэж бодсон юм шиг байна лээ.

“СОЛИОТ ЭХ” КИНОНД ДҮҮТЭЙГЭЭ ХАМТ ТОГЛОСОН ШҮҮ ДЭЭ?

-Манай дүү Г.Тэнүүн-Эрдэнэ одоо 11 настай. Дүү минь надаас олон кинонд тоглосон. Жишээлбэл, дүү маань “Гэрлэн дохио”, “Эмэгтэйчүүд хайрыг хүснэ” олон ангит кинонууд болон “Илд цэцэг” кинонд тоглосон. Тун удахгүй нээлтээ хийх дэлгэцийн хоёр уран бүтээлд тоглоод байгаа.

МОНГОЛ ЖҮЖИГЧДИЙН ХОЛЛИВУДЫН ОДОДТОЙ ХАМТРАН ТОГЛОСОН “ЗЭРЛЭГҮҮДИЙГ ХҮЛЭЭХҮЙ” КИНОНЫ ДҮРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ХЭРХЭН ОРОЛЦОЖ, ТЭНЦСЭН БЭ?

-“Зэрлэгүүдийг хүлээхүй” уран сайхны киноны дүрийн сонгон шалгаруулалтад ороод үзэхийг аав минь санал болгосон. Тэгээд 2018 оны арваннэгдүгээр сард цахимаар өөрийн видео танилцуулгыг хийгээд явуулсан. Гэхдээ өөрийгөө дүрийн сонгон шалгаруулалтад тэнцчихнэ гэж төсөөлөөгүй. Дотроо “Тийм азтай юм гэж байхгүй байлгүй” ухааны юм бодож суулаа. Удалгүй хэдэн өдрийн дараагаас тэнцсэн баярт мэдээ хүлээн авч, аавтайгаа Марроко улсыг зорин очсон. Бидэнтэй Гавьяат жүжигчин Д.Гүрсэд гуай хамт явсан. Ардын жүжигчин бидэнтэй зөрж очсон.

Марроко улс яг Монгол Улс шиг юм билээ. Холливудад Монголынхоо нэрийг гаргаж буй жүжигчин, модель Б.Ганчимэг эгч бидэнтэй байнга хамт байсан. Их даруухан, хөдөлмөрч, эелдэг эгч байна лээ. Зураг авалтын баг маш олон хүнээс бүрддэг бөгөөд маш өндөр зохион байгуулалттай ажиллаж байсан.

Монголчуудын дүрд тоглохоор Төвөдөөс хүмүүс ирсэн байсан. Мөн Англи улсаас хэсэг монгол хүмүүс ирсэн. Нийтдээ 14 монгол уран бүтээлч оролцон тоглосон юм билээ. Зураг авалтын үеэр Холливудын алдарт жүжигчид Жонни Депптэй тааралдаж, хамт зураг авахуулах боломж олдсон.

-ӨМНӨ НЬ ДЭЛГЭЦИЙН ЯМАР БҮТЭЭЛД ТОГЛОСОН БОЛ?

-Хамгийн анх “Цагаан хадаг” уран сайхны киноны нэг хэсэгт туслах дүрд тоглосон. Дараагаар нь “Солиот эх” уран сайхны кинонд тоглосон бол өнгөрсөн өвөл залууст зориулсан дэлгэцийн шинэ уран бүтээлийн гол дүрд тоглосон. Удахгүй нээлтээ хийнэ. Мөн “Зориг” уран сайхны киноны туслах зураглаачаар ажиллаж, жижиг контент, рекламны зураг авалтны арын албанд ажиллаж байсан.

УРЛАГИЙНХАН ААВЫГ НЬ НАЙРУУЛАГЧ ГЭДГИЙГ НЬ МЭДНЭ. БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛНА УУ?                                   

– Манайх ам бүл тавуулаа. Аавыг минь Б.Гарамханд гэдэг. Найруулагч мэргэжилтэй. Миний ээж Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажилладаг. Түүнийг минь Б.Нямсүрэн гэдэг. Ээж минь намайг маш их дэмждэг. Эрэгтэй дүү минь 11 настай бол охин дүү маань зургаан настай. Бас балетын сургуульд явдаг.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Би чөлөөт цагаараа хип хоп дуу сонсч, дууны үг бичих дуртай. Бас сагсан бөмбөг сонирхдог. Мөн BMX спорт дугуйн төрлөөр хоёр жил орчим хичээллэж байснаа гэмтэл бэртлийн улмаас унахаа больсон.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Би найзуудтайгаа хамтран богино хэмжээний кино хийх төлөвлөгөөтэй байна. Харин яг хаанаасаа эхлэхээ сайн мэдэхгүй, судалгаа хийгээд л явж байна.

ТАНЫ ИРЭЭДҮЙН ЗОРИЛГО, ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ

-Миний хувьд кино зураглаач мэргэжилтэй болохыг хүсдэг. Тийм учраас энэ мэргэжлээсээ сайн суралцаж, их сургуулиа төгсөх зорилготой. Ирээдүйд энэ мэргэжлээрээ мэргэшиж, гадны уран бүтээлчидтэй хамтран ажиллахыг хүсч, мөрөөддөг.

Нарийн мэдрэмж, маш их хөдөлмөрийг шаарддаг сайхан мэргэжил. Мэдээж ирээдүйн мэргэжлээ сонгоход аав минь нөлөөлсөн. Үзэгчид миний нүдээр кино үзнэ шүү дээ.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

-Залуустаа хандаж хэлэхэд өөрийнхөө сонирхсон зүйлд л бүхий л цаг заваа зарцуулж, тэрийгээ улам хөгжүүлээрэй. Хүн ганц л амьдарна. Тиймээс энэ яваа насандаа дуртай ажил мэргэжлээрээ ажиллаж, илүү ихийг бүтээх хэрэгтэй. Монголын сүүлийн үеийн залуус юм юмыг оролдож, өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг болсон нь анзаарагддаг.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж