Мессигийн драма хэрхэн өндөрлөх вэ? | News.MN

Мессигийн драма хэрхэн өндөрлөх вэ?

Мессигийн драма хэрхэн өндөрлөх вэ?

Мессигийн драма хэрхэн өндөрлөх вэ?

Хөлбөмбөгийн ертөнц сүүлийн өдрүүдэд ганц хүнээс шалтгаалан савалгаатай байна. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр зургаан удаа тодорч, Испанийн Барселона багт 20 жил хүчин зүтгэсэн Лионель Месси багаасаа явах хүсэлтээ албан ёсоор удирдлагууддаа хүргүүлж, олон хүний гайхшралыг төрүүлэв.


  • Энэ бүх асуудал юунаас эхлэв?

Барселона баг 2010-аад оны эхээр тун нүдээ олсон наймаануудыг хийж, Английн Ливерпүүлээс Уругвай довтлогч Луис Суарезыг, Бразилын Сантосоос Неймарыг авчран өмнөд Америк довтолгооны их гурвалыг үүсгэсэн. Месси, Неймар, Суарез гурав ч гайхалтай тоглолтыг үзүүлж, гоолын бороо оруулан өрсөлдөгч багуудаа ээлж дараалан хожиж байлаа. Тэд хамтдаа Европын хамгийн том, нэр хүндтэй УЕФА Аваргуудын лигт 2014-2015 оны улиралд түрүүлсэн. Гэвч энэ нь удаан үргэлжилсэнгүй. 2017 оны зун Неймар багийн хоёрдахь хүн байхыг хүссэнгүй, Мессигийн сүүдэр доороос гарах гэж Францын ПСЖ баг руу явав. Үүнтэй зэрэгцэн Барселонаг гайхалтай удирдаж байсан Луис Энрике багаа орхих болсноо зарласан. Барселонагийн удирдлагууд үнэхээр юу ч хийж чадаагүй.

Мессиг бүрэн ажлуулдаг хоёр "баттерей" гэгддэг Шави 2015 онд, Иньеста 2018 онд тус тус багаа орхин явсан.

Барселонагийн удирдлагууд тэдний үлдээсэн орон зайг нөхөхийн тулд тамирчдыг ёстой л нэг мөнгөөр зодох шиг болсон. Ганц улирал гайгүй амжилт үзүүлсэн тоглогч бүрийг өндөр үнээр багтаа авчирч байсан боловч тусыг эс олсон.

  • 2018 онд УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд Италийн Ромад 3-0 гэсэн харьцаатай
  • 2019 онд УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээд Английн Ливерпүүлд 4-0 гэсэн харьцаатай
  • 2020 онд УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээд Германы Байерн Мюнхенд 8-2 гэсэн харьцаатай тус тус хожигдсон.

Гурван жил дараалан хамгийн чухал тэмцээндээ гурван том хожигдол. Тэгтэл Мессигийн мөнхийн өрсөлдөгч Кристиано Роналдо нь УЕФА Аваргуудын лигт гурав дараалаад түрүүлчихсэн байдаг. Түүнд түшиг тулгуур болж байсан гол хүмүүсийг нь зүгээр тавиад явуулсан, алдсан алдаанаас суралцдаггүй удирдлагуудаас Месси залхсан. Хамгийн сүүлд л гэхэд багийнх нь шинэ ахлах дасгалжуулагч Роналд Куман Месситэй уулзах үеэрээ түүнийг "Хувийн эрх ашгаа хойш тавьж, багаа бод" хэмээн хэлжээ. Үүнээс гадна ачааны хүндийг хамтдаа үүрэлцэж буй Луис Суарезыг нь багаас явуулна гэж хэлсэн аж. Мэдээж энэ нь Мессид таалагдаагүй. Хүүхэд насных нь мөрөөдлийн баг нь домог болсон тамирчдадаа хүндлэл үзүүлэлгүй ашиглаад хаяж байгаад нь тэр дургүйцсэн.

Месси ирэх өдрүүдэд яагаад багаасаа явах болсноо тайлбарлах гэнэ.

Одоогийн Барселона багийн ерөнхийлөгч Жозеп Бартомеу ирэх гуравдугаар сард зохион байгуулагдах багийн ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хүртэл ажлаа өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Мессигийн хувьд Бартомеуг үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн, эс өгснөөс үл хамаарч шинэ адал явдал хайх шийдвэрээ гаргасан ажээ.

  • Месси Премьер лигийг тэр дундаа Манчестер Ситиг сонирхож байна

Хэрэв Лионель Месси багаа орхивол түүний дараагийн зогсоол нь Премьер лиг гэж хөлбөмбөгийн мэргэлжилтнүүд үздэг. Ялангуяа Пеп Гвардиола Премьер лигийн Манчестер Сити багийг удирдах болсон цагаас эхлэн энэ яриа улам үнэмшилтэй болж ирсэн.

Юуны өмнө Манчестер Сити Мессиг худалдан авах санхүүгийн чадамжтай баг. Мессигийн гэрээг чөлөөлөх үнэ 700 сая евро. Манчестер Сити энэ мөнгийг шууд гаргаад өгч болох ч санхүүгийн шударга өрсөлдөөний дүрмийн дагуу заавал энэ мөнгийг багаасаа босгох шаардлагатай. Тэгэхээр хэд хэдэн тоглогчоо зарах шаардлагатай болж байна. Харин Манчестер Ситид өндөр үнэд хүрэх олон тоглогчид бий. Нөгөө талаас Месси Барселона багаас өөрийг нь үнэгүй явуулахыг хүсэх хэрэгтэй. Бүхэл бүтэн 20 жил Барселонагийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн түүнийг яагаад үнэгүй явуулж болохгүй гэж.

Мөн Пеп Гвардиола болон Лионель Мессигийн харилцаа. Залуу дасгалжуулагч, залуу тамирчин хоёр хамтдаа бие биенийгээ бүтээсэн гэхэд хилсдэхгүй. Пепийн тактик, төлөвлөгөө дунд Месси дэлхийн шилдэг болсон бол Мессигийн ур чадвар, авьяасын хүчинд Пеп нэр алдраа дуурсгасан. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Месси багаасаа явах хүсэлтээ өгөхөөс өмнө Пептэй утсаар ярьсан аж. Мессигийн сайн найз Ситигийн довтлогч Серхио Агуэро ч өчигдөрхөн өөрийн инстаграм хуудсаа шинэчлэн “10” гэх өмсгөлийн дугаараа устгажээ. Энэ нь тэрбээр Мессид өөрийн “10” дугаараа бэлэглэж байна хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Дараагийн нэг зүйл нь Английн Премьер лиг. Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн их үзэгчидтэй гэгддэг Английн Премьер лиг Мессигийн сонирхлыг татаж байгаа. Мөнхийн өрсөлдөгч Роналдо нь Премьер лигт өөрийгөө харуулж, улмаар Англи, Испани, Италийн дээд лигүүдэд түрүүлсэн гэх ховор амжилтын эзэн болсон. Өдгөө 33 настай Месси шинэ сорилт хүсч байна.

Месси Испанийн Ла лигийн 19 багийн хаалганд дараалан гоолдсон анхны тамирчин.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Лионель Мессигийн бие төлөөлөгч болох аав нь Англид хүүгийнхээ ирээдүйн талаар хэлэлцэх гэж яваа аж. Саяхан гарсан мэдээллээр Манчестер Сити 100 сая евро болон Габриел Жезус, Бернардо Силва нарыг Барселонад санал болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Месси ч дараагийн багаараа Манчестер Ситиг сонгосон тухай олон эх сурвалж мэдээлж эхлээд байна.

  • Манчестер Сити дэх Мессигийн ирээдүй

Лионель Месси өдгөө 33 настай. Хөлбөмбөгийн тамирчдын дундаж зодог тайлдаг нас 35. Гэвч Месси биеийн хүч гэхээсээ илүү өөрийн төрмөл авьяас, ур чадвараараа онцгойрдог учир түүнд дээд түвшинд хөлбөмбөг тоглох 4-5 жилийн хугацаа бий. Манчестер Сити Мессигийн төлөө 700 сая еврог гаргасан ч энэ мөнгөө 4-5 жилийн дотор нугалж олно. Та бүхэн санаж байгаа бол Кристиано Роналдог Италийн Ювентус багт нэгдэхээс өмнө тус багийн инстаграм хуудас 8.1 сая дагагчидтай байсан бол Роналдог багтаа элсүүлсний дараа тус багийн инстаграм дагагчдын тоо 30.1 саяд хүрсэн. Энэ бол зөвхөн хөгжөөн дэмжигчид, хүмүүст харагдах тоон мэдээлэл. Үүнээс гадна өмсгөлийн борлуулалт, тоглолтын тасалбар, ивээн тэтгэгч байгуулагууд, реклам зар сурталчилгаа гээд их хэмжээний мөнгө олох боломжтой.

Пеп Гвардиола бол Мессиг хэрхэн тоглуулахаа хэнээр ч заалгахгүй мэдэх нэгэн. Мөн шигшээ багийн найз нь Серхио Агуэро Мессиг хүлээж байна. Хэрэв Мессигийн наймаа албан ёсоор баталгаатаай болвол Манчестер Ситигийн ирэх улирлын довтолгооны гурвалаар Рахим Стерлинг, Серхио Агуэро, Лионель Месси гээд Роналдо, Руни, Тевез болон Салах, Мане, Фирминьо нарын Премьер лигийн шилдэг хослолуудтай харьцуулагдаж ирнэ. Мөн дээрээс нь талбайн маэстро, гоолын дамжуулалтаар хангагч Кевин де Брюйне нэмэгдэнэ.

Манчестер Сити баг ч сүүлийн жилүүдэд УЕФА Аваргуудын лигт хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй яваа. Тэгвэл Сити болон Месси нэгдэж, тэдэнд дутагдаад буй УЕФА Аваргуудын лигийн дэлдэн чихт цомыг хүртэж чадах болов уу?

  • Мессигийн дараах Барселона

Хэрвээ Месси багаа орхивол Барселонад энэ нь том цохилт болно. Саяхан Златан Ибрахимович өөрийн ярилцлагадаа "Хэрвээ Месси багаа орхивол Барселонагийн хөгжөөн дэмжигчдийн 99 хувь нь Месситэй явах болно" хэмээжээ. Магадгүй та бүхэнд Мессигүй Барселона эсвэл Манчестер Ситигийн өмсгөлтэй Месси үнэмшилгүй санагдаж болох ч хөлбөмбөгийн солилцоо наймааны үеэр хэзээ ч бүтэхгүй гэж хэзээ ч хэлэх хэрэггүй. Неймар болон Роналдогийн жишээг санаарай.

Кристиано Роналдо Реал Мадридаас явахад багт нь том цохилт болсон. Роналдогүй Реал Мадрид нэг л эзэнгүй санагдаж, түүний байрлал дээр Челсигээс Эден Азардыг худалдан авсан ч хангалттай байгаагүй. Харин айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр мөнхөд Роналдогийн сүүдэр дор нуугдаж байсан Карим Бензема тун сайн тоглолтыг үзүүлж, багаа Ла лигт түрүүлэхэд нь том тус хүргэсэн.

Тэгвэл Барселонад Бензема шиг Мессигийн дараа багийг авч явах тамирчин бий юу. Луис Суарез байж болох ч Роналд Куман түүнийг төлөвлөгөөндөө багтаагаагүй. Харин Атлетико Мадрид багаас сүр дуулиан болж ирсэн Антуан Гризманныг Роналд Куман ирэх улирлаас эхлэн жигүүрт бус үндсэн байрлалд нь буюу төвийн довтлогчоор ашиглахаа мэдэгдсэн гэнэ. Цагтаа Францын шигшээ болон Атлетико Мадрид багийг чирч байсан Гризманнд гайхалтай нөөц бололцоо бий. Мөн шинэ залуу авьяастан Ансу Фатиг мартаж болохгүй. Месси түүний насан дээр л Барселонагийн төлөө анхны тоглолтондоо оролцож байлаа. Өдгөө 17 настай Барселонагийн алдарт Ла Масиа хүүхдийн академийн төгсөгч тэрбээр өнгөрсөн улиралд цахиур хагалан 29 тоглолтонд найман гоол оруулсан. Түүнээс гадна бэртэл гэмтлээс салдаггүй Усман Дембеле, одоог хүртэл ирээдүй нь тодорхой бус Филипе Коутиньо, залуу Нидерланд авьяастан Френки де Йонг нар Барселонагийн дараагийн залгамж халаа болох боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-28 202.126.90.69

Messigui Barcelona tosoologdohgui bna. Gehdee muu noyontoi hol yawahgui gdgiig l medej bna

Avatar

Зочин 2020-08-28 103.10.23.217

Сайн тоймлон бичжээ.

Avatar

зочин 2020-08-28 202.21.100.210

Манай Хан гарьд клуб авчихаач ээ Одоо монголд Хан гарьд гарч ирж байна шүү дээ

Avatar

Зочин 2020-08-28 223.62.175.147

За би цалинг нь өгье👑

Avatar

ddd 2020-08-28 202.126.88.207

zarah tamirchin bga tgeed awahaar bol hha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж