Ким Ё Жон БНАСАУ-ын төрд чухам ямар үүрэгтэй байгаа вэ? | News.MN

Ким Ё Жон БНАСАУ-ын төрд чухам ямар үүрэгтэй байгаа вэ?

Ким Ё Жон БНАСАУ-ын төрд чухам ямар үүрэгтэй байгаа вэ?

Ким Ё Жон БНАСАУ-ын төрд чухам ямар үүрэгтэй байгаа вэ?

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү охин Ким Ё Жон улсын хамгийн хүчирхэг хоёр дахь хүн төдийгүй ахынхаа хамгийн боломжит өв залгамжлагч хэмээн БНСУ-ын сайд тэргүүтэй өндөр албан тушаалтнууд мэдээлэх болсон билээ.

БНСУ-ын эв нэгдлийн сайд И Ин Ён энэ долоо хоногт эрх баригчдад Ким Ё Жоныг БНАСАУ-ын улс төрд чухам ямар үүрэгтэй ажиллаж буй талаар хангалттай нотолгоо байхгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Харин БНСУ-ын батлан хамгаалахын сайд Жон Кён Дү өөр нэгэн хурал дээр Ким Ё Жон БНАСАУ-ын эрх баригч Ажилчдын намын зохион байгуулах, чиглүүлэх байгууллагыг удирдаж, улсын нүүр царай, намын зохион байгуулалт, улс төрийн томилгоо зэргийг хариуцан ажилладаг гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн билээ.

Түүний хэлсэн баталгаатай бол БНАСАУ-ын улс төрд асар чухал нөлөөтэй суудал төдийгүй, Ким Ё Жоны эрх мэдэл үнэхээр эрс өссөн гэсэн үг. Жон Кён Дүгийн үг өнгөрсөн долоо хоногт болсон БНСУ-ын үндэсний тагнуулын агентлагийн хийсэн мэдээлэлтэй таарч байгаа. Тодруулбал,  өнгөрсөн долоо хоногт тагнуулын агентлаг хууль тогтоогчидтой хаалттай хуралдаж, Ким Жон Ун ажлын ачаалал, стрессээ дундлахын тулд зарим эрх мэдлээ дүүдээ болон бусад өндөр албан тушаалтнууддаа шилжүүлсэн хэмээн ярьсныг эх сурвалжууд мэдээлж буй.

Ким Ё Жон олон жилийн өмнөөс ахынхаа хамгийн итгэлтэй, үнэнч туслах байсаар ирсэн. Түүнээс өмнө тэрбээр БНАСАУ-ын шилдэг суртал ухуулагч байсан бол өдгөө эрх баригч намын дээд байгууллага болох улс төрийн товчооны гишүүн болсон байна.

БНАСАУ-ын улс төрд Ким Ё Жоны өдрөөс өдөрт өсч буй байр суурийн тухай яриа Ким Жон Уны эрүүл мэндийн талаар элдэв таамаглалыг улам өдөөж байгаа юм. Ким Жон Ун өмнө нь байсхийгээд л олны өмнө гардаг ажлын хуваарьтай байсан ч энэ жил гарын таван хуруунд багтахаар цөөхөн удааг олны өмнө гарсныг эс тооцвол бараг алга болсон гэхэд хилсдэхгүй. Мөн түүнийг эрүүл мэндийн шалтгаантай,  эрүүл бус амьдралын хэв маягтай талаар баримтууд ил болсон юм.

Тагнуулын агентлагийн мэдээлэл, засгийн газрын том албан тушаалтан Жон Кён Дү, И Ин Ён нарын үг хоорондоо зөрөх нь тийм ч хачирхалтай зүйл биш юм. Учир нь Пёньяны өндөр нууцлалаас болоод БНСУ-ын засгийн газар болон АНУ-ын эрх баригчид БНАСАУ-ын тухай маш хангалтгүй мэдээлэл дээр дүгнэлт хийдэг билээ.

БНАСАУ өөрсдийн засгийн газар, түүний бүтэц, үйл ажиллагааны тухай тодорхой мэдээллийг гадаад ертөнцөд байтугай дотооддоо ч нээлттэй мэдээлээд байдаггүй. Мөн БНАСАУ-д улс төрийн асуудал, удирдагчийн ажил хэрэг, эрх баригч намыг бие даан ажиглаж, бусдад мэдээлэх нэг ч чөлөөт хэвлэл байдаггүй. Засгийн газрын суртал ухуулгын систем л бүх мэдээллийг удирдаж, дотоодод ямар мэдээлэл тарж буйг идэвхтэй хянаж, ихэнх мэдээллүүдийг гадныхнаас нуудаг аж.

Хэдий Жон Кён Дү, И Ин Ён нарын үг хоорондоо зөрж байгаа ч хоёр сайд болон Үндэсний тагнуулын агентлаг Ким Жон Ун удирдагчийн суудалдаа хэвээр гэдэгт санал нийлж байгаа юм. Жон Кён Дү, И Ин Ён нар БНСУ-ын улс төрийн өөр өөр салбарт ажилладаг. Тухайлбал, Жон Кён Дү өмнөд Солонгосыг умард Солонгосоос хамгаалахаар ажилладаг бол И Ин Ён Пёньянтай аль болох ойр харилцаж, боломжтой бол хоёр солонгосыг нэгтгэхээр ажилладаг билээ.

Ким Ё Жоны байр суурийн талаар элдэв таамаглал БНАСАУ-ын хувьд сүүлийн үед тулгараад байгаа хэд хэдэн асуудал дээр нэрмээс болон нэмэгдэж байгаа бололтой. Ким Жон Уны засаглал ихэнх умард солонгосчуудын амьдралын түвшин, улсын эдийн засгийг сайжруулна хэмээн амласан гэдэг. Гэвч энэ жил цар тахлаас болж хэдэн сарын турш хил, боомт хотууд хаагдаж, АНУ-тай цөмийн зэвсгийн талаар тохиролцоо өнгөрч, олон хоног үргэлжлэн орсон усархаг ширүүн борооны улмаас үер болж, улмаар олон айл өрх орох оронгүй болж, ургац хураах боломжгүй болсны дээр удалгүй Бави хар шуурга болно гэх сэрэмжлүүлэг олныг түгшээгээд байна.

Ким Жон Ун энэ долоо хоногт цар тахлын нөхцөл байдлын талаар болон ирж буй байгалийн гамшгийн талаар шуурхай хуралдаан зарлаж зөвлөлдсөн байна.

Бави хар шуурга нь нэгдүгээр түвшний хар шуурга бөгөөд удалгүй Солонгосын хойгийн баруун эрэг, эсвэл Хятадын газар нутгийг дайрч өнгөрөх төлөвтэй байгаа юм. Хэрвээ хар шуурга БНАСАУ-ыг дайрч өнгөрвөл тус улсын чанарын шаардлага хангаагүй дэд бүтэц, дорой зам тээврийн сүлжээнээс болж ард иргэд маш их хохирол амсах аюултай гэнэ.

Ким Ё Жон дээрх шуурхай хуралдааны талаар төрийн мэдээллийн агентлагийн дэлгэсэн нэг ч зураг дээр харагдаагүй аж. Гэвч энэ нь тэрбээр хуралд оролцоогүй гэсэн баталгаа болохгүй билээ. Тухайлбал Ким Ё Жон камераас хол байсан ч байж болох бөгөөд угаасаа ч энэ зуны хэд хэдэн чухал уулзалтууд дээрх зурганд ороогүй аж. Мэргэжилтнүүд чухал хуралдаанд Ким Ё Жон оролцохгүй байх нь хэвийн зүйл биш хэмээсэн ч бие нь муудсан, өөр чухал ажилтай байсан гэх мэт хэд хэдэн шалтгаан байж болно хэмээн үзсэн байна. Гэвч БНАСАУ-ын Засгийн газар, төрийн мэдээллийн агентлаг аль нь ч түүний хуралд суугаагүйн шалтгааныг тайлбарлаагүй юм.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-28 202.126.89.5

Бидэнд хойд Солонгос ямар хамаа байхав дээ. Бидний хувьд Хятад л сайн байвал бидний бүх юм сайхан. Хятад л сайн сайхан байгаасай

Avatar

wTf 2020-08-28 126.15.203.107

Wtf ysaan

Avatar

Зочин 2020-08-28 192.82.78.119

Манайд бас энэ бvдvvн дарангуйлагчийг дэмждэг хvмvvс олон байх юмаа. Дарангуйлагчаа харж худлаа инээх эсвэл уйлах нь таалагддаг юм байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж