Хуульчдын холбооноос мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Хуульчдын холбооноос мэдээлэл хийлээ

Монголын Хуульчдын холбооноос өнөөдөр /2016.01.28/ “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг, тус холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг, Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны дарга Ж.Ариунаа нар оролцов.

Өнөөдөр хуралдсан Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар “Шүүх байгуулах тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн” гэсэн шийдвэрийг гаргасан бөгөөд УИХ-аас Шүүх байгуулах тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн дахин батална. Тиймээс Монголын Хуульчдын холбооноос шүүхийн бүтцийн асуудлаар хууль батлахдаа шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх хууль зүйн үндэслэл тодорхой, хуульд нийцсэн байдлаар зохицуулах ёстойг уламжлахаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Шүүх байгуулах тухай хууль 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид зарим шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийг албан тушаалаас чөлөөлж, буцаан томилох санал гаргасан.  Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргахдаа нэр бүхий 12 хуульчийг дахин шүүгчээр томилоогүй. Монголын Хуульчдын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид томилохоос татгалзсан талаарх үндэслэл, шалтгааныг тодруулахаар гурван ч удаа хүсэлт илгээсэн боловч тодорхой хариу ирүүлээгүй байна.

Монголын Хуульчдын холбооноос шүүхийн шинэтгэл, шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт нэрийн дор тодорхой үндэслэл, шалтгаан заалгүйгээр шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх нь хэсэг хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн асуудал мэт харагдавч өргөн утгаараа шүүгчийн албан тушаал эрхэлж буй хуульчдын хараат бус, бие даасан байдалд халдаж нийтлэг эрх ашгийг хөндсөн, цаашид ийм жишиг тогтоох ноцтой үр дагавартай асуудал болохыг мэдэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр бүхий 13 шүүгчийг томилохоос татгалзсан үндэслэлээ тайлбарлахыг хүсч буйгаа уламжиллаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж