Обамагийн хөтөлбөрт шалгарсан хамгийн залуу оролцогч

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

Обамагийн хөтөлбөрт шалгарсан хамгийн залуу оролцогч

Обамагийн хөтөлбөрт шалгарсан хамгийн залуу оролцогч

Колумбын их сургууль дахь Обама сангийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгараад байгаа М.Маралмаатай ярилцлаа. Тэрбээр одоогоор Зориг сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.


-Юун түрүүнд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанд баяр хүргэе. Энэ хөтөлбөрийн онцлог нь юу вэ. Хөтөлбөрт хамрагдсан туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Энэ хөтөлбөрийн талаар 2019 онд анх мэдсэн. Манай сангийн тэргүүн С.Оюун Малайзад болсон Обама сангийн Азийн манлайлагчдын чуулга уулзалтад урилгаар оролцсон юм. Энэ үеэс Обама сангийн талаар илүү судалж, хөтөлбөрт тавигдах шаардлага, ерөнхий мэдээллийг нь хараад надад тохирох хөтөлбөр байна гэж бодсон.  Колумбын их сургуулиас боловсруулсан энэ хөтөлбөр нэг жил үргэлжлэх бөгөөд Обама сангаас давхар олон төрлийн үйл ажиллагаа явуулж, залуу манлайлагчдын ур чадварыг хөгжүүлэх, хийж буй ажлынх нь үр дүн, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Мөн өөрийн улс, нийгэмдээ ямар нэгэн асуудлыг барьж аваад, шийдвэрлэхийг зорьж байгаа хүнд чиглэсэн хөтөлбөр. Тиймээс материалаа бүрдүүлж явуулахаар шийдсэн. Өмнө нь хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийг харахад, Дани Улсын Байгаль орчны сайдаас эхлүүлээд үнэхээр мундаг хүмүүс шалгарсан харагдсан тул өөрийгөө тэнцэнэ гэдэгт тийм ч итгэлтэй байгаагүй.

Тиймээс Обама сан руу имэйл явуулж, ямар хүн хайж байгаа талаар лавлахад “нас харгалзахгүй, өөрийн шийдэхийг хүссэн асуудалдаа тууштай хандаж, тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн байх, уг үйл хэргээ дараагийн түвшинд гаргахад тусламж хэрэгтэй байгаа хүнд чиглэсэн хөтөлбөр” гэсэн хариу ирсэн.

Ингээд арван хоёрдугаар сард онлайнаар материалаа бүрдүүлж явуулсан. Дараа нь гуравдугаар сард онлайнаар ярилцлага өгсөн. Дөрөвдүгээр сарын сүүлд намайг тодорхойлох захидал бичсэн гурван хүнээс мөн ярилцлага авсан байсан. Миний хувьд өөрийгөө олон талаас нь харуулахын тулд одоогийн ажил олгогч болох Зориг сангийн тэргүүн, сайн дурын ажил хийдэг Global shapers Улаанбаатар нийгэмлэг болон өмнө ажиллаж байсан байгууллагын удирдлагаараа тодорхойлолт захиа бичүүлсэн.

Ингээд зургаадугаар сард хөтөлбөрийн 11 оролцогчийн нэгээр шалгарсан гэдгийг дуулгасан.

-Зургадугаар сард гарсан сайхан мэдээг яагаад одоо мэдэгдэж байгаа юм бэ?

-Хөтөлбөр албан ёсоор зарлагдах хүртэл нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн. Хөтөлбөр маань энэ долоо хоногт нээлтээ хийсэн. Гурав дахь жилдээ зарлагдсан уг хөтөлбөр Covid-19-тэй холбоотойгоор эхний улирал цахимаар, хоёр дахь улирал Колумбын их сургуулийн кампус дээр хичээллэх төлөвлөгөөтэй байгаа.

-Таны хувьд ямар асуудлыг барьж авч, хэрхэн шийдвэрлэсэн нь хөтөлбөрт тэнцэх шалтгаан болсон бэ?

-Миний хувьд Зориг сангийн хөтөлбөрийн зохицуулагчаар дөрвөн жил ажиллаад саяхнаас гүйцэтгэх захирлаар томилогдсон. Зориг сан залуучууд ба боловсрол, нийгмийн хөгжил, ардчиллыг бэхжүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлд урт болон богино хугацааны төслүүд хэрэгжүүлдэг. Эдгээрээс миний голчлон анхаардаг хөтөлбөр нь “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”. Залуус их, дээд сургуулиа төгсөөд ажил хайхад олон бэрхшээл тулгардаг. Тэдэнд дэмжлэг үзүүлж, чадавхыг нь дээшлүүлж, улмаар тогтвортой ажилд ороход тусалдаг хөтөлбөр. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр судалгаа хийх явцад Монгол Улсын их, дээд сургуулиудын сургалтын чанар хангалтгүй, төгсөгчдийг ажлын байранд бэлтгэж чадахгүй байгаа нь тодорхой болсон. Үүнээс үүдэн их сургуулийн дипломтой ч олон залуус ажилд орж чадахгүй байна. Энэ асуудлыг шийдэхээр 2018 оноос эхлэн төлөвлөгөө гаргаж, төсөл хэрэгжих хүртэл нь хариуцан ажиллаж байгаа. Хүн амын бүтцийн хувьд Монгол Улс нь залуу орон. Гэтэл шийдвэр гаргах төвшинд залуучууд нь оролцож чаддаггүй. Энэ байдлыг шийдвэрлэхийн тулд ажлын байранд гараад удаагүй залууст зориулсан “Залуу манлайлал”, улс төрийн идэвхийг нэмэгдүүлэх “Өглөө” зэрэг төслийг Зориг сангаас хэрэгжүүлдэг. Өргөдөлдөө эдгээр ажлуудаа түлхүү дурдсан.

-Тантай цуг хөтөлбөрт шалгарсан хүмүүстэй танилцсан уу. Ямар зүйл хийж бүтээсэн хүмүүс байна вэ?

-Хөтөлбөрт Сингапур, Йордан, Өмнөд Судан, Энэтхэг, Хонконг, Бангладеш, Кени, Бразил, Аргентин, Унгар зэрэг улсаас хамрагдсан. Өөр өөр салбарын, насны хувьд ялгаатай, салбартаа маш олон жил ажилласан хүмүүс багтсан байна лээ. Тухайлбал, хот төлөвлөлт, зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн боловсрол зэрэг чиглэлээр ажилладаг хүмүүс байгаа. Намайг уг хөтөлбөрт оролцож байгаа хамгийн залуу хүн нь гэж тайлбарлаж байсан.

-Уг хөтөлбөрт хамрагдсанаар М.Маралмаа ямар үр дүнд хүрэх вэ?

-Хөтөлбөр үндсэн гурван хэсгээс бүрддэг. Үүнд Колумбын их сургуулиас боловсруулсан семинар, лекцийн хэсэг, хувь хүний ур чадварыг сайжруулах сургалт болон Колумбын их сургуулийн хичээлүүдээс сонгон суралцах зэрэг зүйлс багтаж байгаа. Тиймээс хувь хүнийхээ хувьд өсөн дэвжинэ, танилын хүрээ нэмэгдэнэ. Хамгийн гол нь шийдвэрлэхийг зорьж буй асуудлыг бусад улс хэрхэн шийдвэрлэж байгаа туршлагаас суралцана гэж найдаж байна. Гэхдээ хамгийн гол нь буцаж ирээд хийх ажлууддаа эдгээр сурсан зүйлсээсээ санаа авч, сайжруулах нь гэж харж байгаа.

-Таны хувьд хэзээнээс нийгмийн ажилд оролцох болсон бэ?

-Зориг сангийн “Залуу манлайлал” хөтөлбөрт анх 2014 онд оролцож байсан. Тухайн үед Зориг сангийн алсын хараа, хөтөлбөрүүд маш их таалагдсан. Ингээд маркетингийн чиглэлээр ажилладаг хэрнээ, иргэний нийгмийн байгууллагад ажиллахаар шийдээд Зориг санд ажилд орсон. Сангийн хөтөлбөрийг илүү сайжруулах, анхаарч болох чиглэл, хөтөлбөрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарч байсан.

Өөрөө залуу хүн болохоор залуучуудтай ажиллах гоё байдаг. Мөн ажлаас гадуур нийгмийн ажилд оролцохыг хүсдэг учраас Дэлхийн Эдийн засгийн форумын дэргэдэх Глобал Шейперс нийгэмлэгт гишүүнээр харьяалагдаж, төсөл хөтөлбөрүүд хамтдаа хэрэгжүүлдэг.

-Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаж, ахин дэвших хүсэлтэй залууст юу гэж зөвлөх вэ?

-Хамгийн түрүүнд тавигдах шаардлагыг хараад, холбогдох материалуудыг бүрдүүлнэ. Дараа нь эссег маш сайн бичих хэрэгтэй байх. Учир нь тухайн хүн өөрийгөө харуулах гол талбар нь эссе байдаг. Мөн тодорхойлох захиа их чухал. Нэр хүндтэй, мундаг хүнээс авах гэхээсээ илүү өөрийг тань хувь хүн, чадвар гээд бүх талаас нь сайн мэдэх хүнээр тодорхойлох захиа бичүүлэх нь чухал. Ингээд эхний шатаа давсан бол ярилцлагадаа сайн бэлдэх хэрэгтэй. Ярилцлагын үед анкет дээр бичсэн зүйлсийг тодруулж асууна. Тиймээс анкетаа хэрхэн бөглөснөө санах хэрэгтэй. Мөн яагаад энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа зэргээр өөрийгөө сайн илэрхийлэх хэрэгтэй. Цагийг нь тулгаад дутуу, буруу бөглөж болохгүй. Энэ дашрамд бас надад эссе болон ярилцлагын үеэр зөвлөгөө өгч, тусалсан хүмүүстээ баярласнаа хэлмээр байна.

-Цаашид хэрэгжүүлэх хэтийн болон ойрын төлөвлөгөө юу вэ?

-Ойрын хугацаанд хөтөлбөрүүдийнхээ цар хүрээг өргөжүүлэхийг зорьж байна. Бид ашгийн бус, төрийн бус байгууллага учраас нэг удаад хүрч ажиллах залуусын тоо хязгаарлагдмал байдаг учраас технологи, сошиал медиаг ашиглаж, хөтөлбөрүүдийнхээ хүртээмжийг дээшлүүлэх зорилготой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж