АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод энэ сарын 23-ны өдөр биедээ зэвсэггүй өнгөт арьст эрэгтэй Жэкоб Блейкийг цагдаа нар буудсаны улмаас тус улсад арьс өнгөний эсрэг хөдөлгөөн дахин идэвхжсэн билээ. Цагдаа нар залуу руу долоон удаа гал нээснээс нэг сум нуруунд нь тусч, тулгуур эрхтэнийг нь гэмтээн, залуу бүсэлхийнээс доош мэдээгүй болсон юм. Жэкоб Блейкийг цагдаа нарт буудуулах үед бага насны гурван хүү нь үйл явдлыг нүдээр харж, машинд сууж байсан нь иргэдийг улам бухимдуулж байна.
Дээрх хэргээс үүдэн Висконсин муж даяар арьс өнгөөр ялгаварлах үзэл, цагаан арьст цагдаа нарын харгислалыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж, улмаар эмх замбараагүй байдал болон хувираад байна.
Эсэргүүцлийн жагсаалын үеэр 17 настай цагаан арьстан хүү хоёр жагсагчийг буудан амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Болсон үйл явдлын бичлэгийг нэгэн иргэн гар утсандаа бичиж авснаар хэрэгтнийг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэгт буруутган баривчилсан байна.
Цагдаа нар Жэкоб руу яагаад буудах болсон нь одоогоор тодорхойгүй байгаа ба тэд ахуйн хүрээний маргааны дуудлагаар хэргийг газарт очжээ. Гэрчүүдийн мэдүүлж буйгаар Жэкоб хоёр эмэгтэйн маргааныг таслахыг оролдож байх үед цагдаа нар ирсэн гэв.
Эх сурвалж: BBC