Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Ярилцлагаа олон нийтийн анхаарлыг татаж байгаа, бас мэдэхийг хүсч буй нэгэн асуултаар эхэлье гэж бодлоо. Орон сууцны зээлийн хүү хэзээ тав болж буурах вэ, өмнө нь авсан зээлийн хүү таван хувь руу шилжих үү, бас урьдчилгаа 30 хувь 10 болж буурах уу гэсэн хүлээлт иргэдийн дунд их байна. Та үүн дээр тодорхой хариулт өгөөч?
-Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулахаар 16 журам, гэрээнд өөрчлөлт оруулахаар Засгийн газар болон банкуудтай хамтран ажиллаж байна. Энэ ажлыг ойрын хугацаанд дуусгаснаар таван хувиар зээл олгох, өмнө нь олгосон зээлийн хүүг таван хувьд шилжүүлэх ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэх боломжтой юм. Урьдчилгаа төлбөрийн хувьд анх хөтөлбөрийг эхлүүлэх үед баримталж байсан 30 хувийн урьдчилгаатай байна гэсэн бодлого хэвээр байгаа. Энэ нь нэг талаас иргэдийг орон сууцтай болохын тулд илүү их хөдөлмөрлөж, хуримтлал бий болгох, нөгөө талаас зээлийн эрсдэлийг бууруулан банкны системийн тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой. Харин Засгийн газраас ипотекийн зээлийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг харгалзан үзэж, урьдчилгаа төлбөрийн тодорхой хувьд татаас өгөх нь тусдаа асуудал юм. Тухайлбал, Засгийн газраас олон жил, үр бүтээлтэй ажиллаж нийгэмдээ хувь нэмрээ оруулсан, татвар хураамж, нийгмийн даатгалын санд шимтгэлээ тогтмол төлж ирсэн иргэдэд орон сууц худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого бусад улс орнуудад байдаг. Энэ талаар ямар бодлого, зарчим баримталж байгааг Засгийн газраас тодруулах нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн хүүг бууруулах нь мөнгөний бодлогын, урьдчилгаа төлбөрт хөнгөлөлт үзүүлэх эсэх нь төсвийн халамжийн бодлогын асуудал юм.
-Найман хувийн ипотекийн зээл дахин олгогдож эхэлсэн үү? Хууль батлагдсанаас хойш хэдэн зээл гарсан бол?
-Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг сар тутам, зээл олголтын мэдээг долоо хоног тутам цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байна. Энэ мэдээгээр УИХ-аас Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ сарын 19-ний өдөр баталснаас хойш 7 банк нийт 47.2 тэрбум төгрөгийн зээлийг 759 зээлдэгчид шинээр олгох шийдвэрийг гаргасан байна. Үүнээс 6 банк 110 зээлдэгчийн 5.1 төгрөгийн зээл олгоод байна.
-Инфляци буурч байгаа нь иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотой гэж тайлбарлаж байна. Та үүнийг юу гэж үзэж байна?
-Юуны өмнө энэ нь онолын бус, буруу дүгнэлт гэдгийг хэлэх нь зүйтэй. Иргэдийн худалдан авах чадвар нь өрхийн дундаж орлого, үнийн өсөлтийн харьцаагаар тодорхойлогддог тул орлого тогтвортой байхад инфляци буурснаар иргэдийн худалдан авах чадварыг сайжруулж байна гэсэн үг. Жишээлбэл, өмнө нь таны орлого 10 хувиар өссөн ч, инфляци 14 хувьтай байхад таны худалдан авах чадвар дөрвөн хувиар буурдаг байсан. Харин, таны орлого 10 хувиар өсч, инфляци хоёр хувь байхад худалдан авах чадвар найман хувиар сайжирсан буюу илүү олон бараа, үйлчилгээ худалдан авах боломжтой гэсэн үг. Жилийн инфляци 2015 оны эцэст 1.9 хувь байгаа нь иргэдийн худалдан авах чадварыг хадгалах, сайжруулахад чухал ач холбогдолтой болсон.
-Та инфляци буурсан гэж хэллээ. Гэтэл бодит амьдрал дээр эсрэгээрээ юмны үнэ өсч, иргэдийн амьдрал муудаж байна шүү дээ?
-Зөвхөн ганц нэг барааны үнийг сонгон авч, инфляци өссөн, буурсан гэж ярих нь өрөөсгөл, буруу ойлголт юм. Инфляци нь айл өрхийн бүх хэрэглээг төлөөлж чадах 329 нэр төрлийн өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний багцын үнийн өөрчлөлтийг харуулдаг. Тухайлбал, Бүртгэл, статистикийн газраас хэрэглээний сагсанд сонгогдсон бараа, үйлчилгээний 2800 гаруй үнэ, тарифыг судалгаанд хамрагдсан дэлгүүр, зах, үйлчилгээний 200 гаруй цэгүүдээс сарын тодорхой өдрүүдэд биечлэн явж, цуглуулдаг. Энэ үнийг бараа, үйлчилгээ тус бүрийн нийт өрхийн хэрэглээнд эзлэх хувийн жингээр, тухайлбал хүнсний бүтээгдэхүүний хувьд 30.0 хувиар, мах, махан бүтээгдэхүүний хувьд 10.1 хувиар, гурилан бүтээгдэхүүн 8.3 хувиар, төмс, хүнсний ногоо 3.0 хувиар тус тус тооцдог.
-Инфляцийн түвшнийг харвал 2008, 2009 оны хямралын үед бас ингэж буурсан байдаг. Эндээс үзэхээр одоо эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, хүмүүсийн худалдан авах чадвар муудсан болохоор л инфляци буурч байгаа биш үү?
-Улаанбаатар хотын жилийн инфляци 2015 оны эцэст жилийн 1.1 хувьд хүрсэн нь 2009 оны эцэстэй ижил түвшинд байгаа хэдий ч инфляци буурсан шалтгаан, эдийн засгийн нөхцөл байдал зарчмын хувьд өөр байна. Нэгдүгээрт, инфляцийн бууралтыг 2009 онд нийлүүлэлтийн болон төрийн зохицуулалттай барааны инфляци тайлбарлаж байсан бол 2015 онд эрэлтийн болон импортын бараа, бүтээгдэхүүний үнийн бууралтаар тайлбарлаж байна. Тухайлбал, төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээний үнийн өсөлт 2009 онд 3.4%-иас 0.1% болж буурч байсан бол 2015 онд 1.6 хувиас 1.4 хувь болсон. Хоёрдугаарт, 2015 онд өмнөх жилүүдтэй харьцуулахад орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн нөлөөгөөр өрхийн зардлын бүтцэд эерэг өөрчлөлт гарсны зэрэгцээ нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт байхгүй болсон.
-Инфляци буурч, ипотекийн зээлийн хүүг бууруулж байгаа юм чинь малчдын, цалингийн, тэтгэврийн зээлийн хүүг ч гэсэн бууруулах хэрэгтэй гэж зарим нам эвсэл шаардаж байгаа?
-Инфляци 2015 оны эцэст 1.9 хувь болж, сүүлийн хагас жилийн турш зорилтот долоон хувийн түвшнээс доогуур байгаа, цаашид нийлүүлэлтийн гаралтай инфляци нам, тогтвортой, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байх төлөвтэй байгаа нь мөнгөний бодлогыг зөөлрүүлж, хувийн хэвшлийг дэмжих орон зайг бий болгоод байна. Иймд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 12 хувь болгох шийдвэр гаргасан. Мөнгөний бодлогын төлөвийг алгуур зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь эдийн засаг дахь зээлийн хүү буурч хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд эергээр нөлөөлнө. Үүний зэрэгцээ Монголбанкнаас сүүлийн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн дундаж давхаргын хуримтлалд тулгуурласан эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогыг үргэлжлүүлж, хэрэглээг биш ажлын байрыг нэмэгдүүлэх, хуримтлал, экспортыг дэмжих гэсэн 3 чиглэлээр зээлийн хүүг бууруулах бодлогыг баримтална.
-Монголбанкнаас дундаж давхаргыг дэмжих бодлогыг баримталдаг. Яагаад. Харин эсрэгээрээ Засгийн газар эмзэг бүлгийнхнээ илүү дэмждэг?
-Аливаа өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн түүхээс харахад хүчтэй, чинээлэг дундаж анги нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурь болж байдаг. Тухайлбал, дундаж давхарга нь тогтвортой дотоодын эрэлт, бүтээмжтэй хөрөнгө оруулалтыг бий болгохын зэрэгцээ дундаж давхаргын нийгэм, улс төрийн идэвхтэй оролцоо нь нийгмийг хөгжилд манлайлж, засаглал сайжрахад эергээр нөлөөлдөг. Түүнчлэн дундаж давхарга тэлэх нь нийгэмд илүү итгэлцлийг бий болгон бизнесийн санаачилга, хамтын ажиллагаа өргөжүүлж, эдийн засгийн өсөлтийг тэтгэдэг. Ийм учраас Монголбанкнаас өрхийн хуримтлал, ажил эрхлэлтийг дэмжих замаар дундаж давхаргыг тэлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа юм.
Ж.ЭРХЭС