Өнгөрсөн зуунуудын туршид хүмүүс шивээс хийлгэсээр ирсэн нь өв соёл болоод түүхтэй салшгүй холбоотой юм. Жишээ нь, Шинэ Зеландад гэхэд Маоричууд тамоко буюу шивээсийг хэдэн мянган жилийн турш уламжлал болгон хийлгэсээр иржээ. Тамако нь тухайн хүнийхээ чадваруудыг сайжруулах эерэг нөлөөтэй хэмээн тэд үздэг байсан аж.
Энэ мэт олон уугуул ард түмэнд шивээс нь угсаа гарал, овог аймгийнхаа онцлогийг илтгэх хэрэгсэл байсаар иржээ. Харин сүүлийн 20-иод жилийн хувьд хүмүүс зөвхөн өөрийн онцлогийг илэрхийлэхийн тулд шивээс хийлгэх нь ихэссэн байна. Хүмүүс шивээсээрээ дамжуулж өөрийгөө цор ганц хувь гэдгээ мэдрэх, мэдрүүлэх сонирхолтой болжээ.
Барууны орнуудын хувьд шивээс эхэндээ зэрлэг балмад, бүдүүлэг, танхайчуудын хийлгэдэг зүйл мэтээр ойлгогддог байсан бол цаг хугацаа улиран өнгөрсөөр өдгөө урлагийн нэгэн төрөл болтлоо хөгжсөн байна. Өнөөдөр хүмүүс шивээсийг амьдралынхаа онцгой үеийг дурсахын тулд, хайртай нэгнээ санахын төлөө, өөрийн ертөнцийг илэрхийлэхийн тулд, догь харагдах гэж хийлгэдэг болсон байна.
Гэхдээ энэ бүхнээс илүү шивээс хийлгэх нь тухайн хүний сэтгэцийн эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг аж. Сэтгэл судлаачдын олж мэдсэнээр шивээс хийлгэснээс хойш, ялангуяа хэдэн долоо хоногт тухайн хүний сэтгэцийн эрүүл мэнд эрс сайжирдаг байна.
Шивээс хийлгэж үзсэн хүмүүс ч үүнийг нотолсон байна. Тухайлбал, 2019 онд хийсэн нэгэн судалгаанаас үзэхэд америкчуудын 30 хувь нь дор хаяж нэг шивээстэй болсон байжээ. Харьцуулж үзвэл энэ тоо 2012 онд 31 хувь байсан аж. Ийнхүү шивээс хийлгэх хүмүүсийн тоо эрс өссөн нь тэдний настай нэг талаар холбоотой байж болох юм. Учир нь 18-34 насныхны 40 хувь нь, 35-54 насныхны 36 хувь нь, 55-аас дээш насныхны 16 хувь нь шивээстэй аж. Мөн шивээстэй хүмүүсийн 92 хувь шивээс хийлгэсэндээ сэтгэл хангалуун байдгаа хэлжээ.
Шивээс өөртөө итгэх итгэлийг нэмдэг
Сэтгэл судлаачид шивээс хийлгээд удаагүй 82 хүн дээр туршилт хийж үзэхэд хүмүүс шивээс хийлгэсэн даруйдаа сэтгэл түгших, өөртөө гутрах мэдрэмжүүд нь арилж байсан байна. Тэр байтугай шивээс хийлгэсэн хүмүүс дор хаяж гурван долоо хоногийн турш өөртөө дийлдэшгүй улам итгэлтэй, биедээ сэтгэл хангалуун болсон аж. Хэдий шивээс хийлгэсний дараах энэ нөлөө цагийн эрхээр багасдаг ч ихэнх хүмүүс дараагийнхаа шивээсийг төлөвлөж, удалгүй түүнийгээ хийлгэснээр өөртөө итгэх итгэлээ хадгалсаар байдаг аж.
“Хүн бүр л биеэ гоёх дуртай. Тиймдээ ч хүмүүс нүүрээ будаж, үсээ янзалж, гоёл чимэглэл зүүдэг шүү дээ. Шивээсийг тусдаа шалтгаанаар хийлгэдэг хүмүүс бий. Гэхдээ бүгд л шивээснийхээ харагдах байдал, төрөх мэдрэмжид дуртай байдаг” хэмээн оддын шивээсчин Пол Тимман ярьжээ.
Шивээс хүмүүсийн хүслийг биелүүлдэг
Хорт хавдар, сэтгэлийн гүн гутрал зэрэг хүнд цаг үеийг даван туулсан хүмүүс шивээс хийлгэх нь их байдаг. “Энэ нь хүнд өвчин хүмүүсийн биеийг асар ихээр хохироосон мэт бодогдож, улмаар хүмүүс биеэ эрүүл саруул авч үлдэж чадсанаа шивээсээр илэрхийлэхийг хүсдэгтэй холбоотой. Шивээс тэдний хүч чадал, сэтгэлийн хат, ялалтыг илэрхийлдэг” хэмээн Охайогийн их сургуулийн сэтгэл судлаач Женифер Картер хэлжээ. Цаашлаад тэдгээр шивээснүүд нь хүмүүсийг цаашид ч эрүүл энхийн төлөө тэмцсээр байх ёстойг сануулсаар байх бэлгэ тэмдэг болдог аж.
Аугаа амжилтын бэлгэ тэмдэг болдог
Дэлхийн аваргын тэмцээнд түрүүлэх, том уралдаанд ялах, олимпын медаль авах зэрэг агуу амжилтууд хүнд мартагдашгүй дурсамж үлдээдэг. Тиймдээ ч олон тамирчин ялалтаа шивээс болгон мөнхлөх тохиолдол бий. Жишээ нь, олимпын аварга Мисси Франклин, Симон Байлс, Райан Лоше нар бие дээрээ олимпын таван цагариг шивүүлсэн байдаг.
Хайртай хүнийхээ араас гашуудахад хань болдог
Бруклинд амьдардаг шивээсчин Лало Юнда хайртай хүнээ алдсан хэд хэдэн хүнд шивээс хийж өгч байсан түүхтэй аж. Тэдний дунд ахтайгаа аяллаар явах дуртай нэгэн залуу байжээ. Түүний ах нэг удаа хамтдаа аялж байхдаа олсон шувууны өдийг дүүдээ дурсгасны дараахан унаж нас барсан аж.
Тэрбээр ахынхаа үлдээсэн өдийг бие дээрээ шивүүлж, өөрийн түүхийг Юндад ярьж өгчээ. Шивээс дууссаны дараа залуу шивээсээ хараад нулимстай нүдээр сайхан гэгч нь инээмсэглэж байсан аж.
Шивээс хүний амьдралыг өөрчилдөг
Шивээс яриа эхлүүлэх гайхалтай сэдэв болдог. Хүмүүс өөрийнхөө шивээсийг тайлбарлаж, бусдын шивээсний утга учрыг асууснаар халуун яриа өрнөж эхэлдэг.
Нэгэн удааа Тимманы студид нэг эр ирээд хоёр гар, цээж, нуруун дээрээ хүссэн шивээсээ хийлгээд явжээ. Удалгүй нөгөө эр Тимман дээр эргэж ирээд, түүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн, хүмүүс өөрт нь хэрхэн ханддаг болсон талаар ярьж талархлаа илэрхийлсэн гэдэг.
Шивээс зүрх сэтгэлийг нээдэг
Шивээс заримдаа бидний үгээр илэрхийлж чадахгүй зүйлийг илэрхийлж байдаг. Тухайлбал, зарим хүний шивээсэнд түүний туулж өнгөрүүлсэн бэрхшээлүүд, туршлага, тэр байтугай бүх дотоод ертөнц нь агуулагдаж байдаг.
Нийт 175 оютан хамруулсан сэтгэлзүйн нэгэн судалгаанаас үзэхэд оролцогчдын 12 хувь нь тэдний шивээс өмнө нь хэн байсан талаарх түүхийг нь өгүүлдэг хэмээн тайлбарласан байна. Мөн тэдний нэг нь “Миний бие бол ном. Миний шивээснүүд бол миний түүхүүд” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: YAHOO
Холбоотой мэдээ