Гашуунсухайтын нүүрсний экспортын зам дээр тээвэрчдийн төлөөлөл наймдугаар сарын 19-ний 10.00 цагаас эхлэн эсэргүүцлийн жагсаал хийж, зам хаасан. Тэдний эсэргүүцэл өнөөдөр (2020.08.27) ес дэх өдрөө үргэлжилж байгааг “Баянзам” тээвэрчдийн холбооноос мэдээллээ.
Ачаа тээврийн жолооч нар уртын тээврийн зардлыг 55 юань болгосныг 80 юань болгож өгөхийг шаардаж байгаа юм. Засгийн газар ийм шийдвэр гаргасан хэдий ч энэ шийдвэрийг “Эрдэнэс-Тавантолгой” компани биелүүлэхгүй байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, наймдугаар сарын 20-нд Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Одоогийн байдлаар 2500 гаруй тээврийн жолооч гарын үсэг зурж, түр зогсолтод нэгджээ.
Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс-Тавантолгой” компаниас өнөөдөр Засгийн газраас тээврийн жишиг тариф мөрдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдэгдсэн. Харин шаардлагын нэг гол хэсэг болох уртын тээврийн зардлыг 55 юань буюу хэт бага тарифтай нүүрс тээврийн ачилтыг бүрэн зогсоож, цаашид гэрээнд өөрчлөлт оруулах, Зам тээвэр, хөгжлийн сайдын баталсан жишиг тариф бариулах талаар БНХАУ-ын худалдан авагчидтай яриа хэлэлцээр хийж эхэлсэн” талаар тээвэрчдийн төлөөлөлд мэдэгджээ.
Тээврийн жолооч нарын шаардлагыг жижиг “Тавантолгой” буюу орон нутгийн уурхай хүлээн авч, шийдвэрээ гаргахгүй байгаа учраас тэмцлээ хугацаагүй үргэлжлүүлэхажэ. Мөн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилж, “Тавантолгой”, Гашуунсухайтын замд ирүүлбэл замын хаалтаа буулгах яриа хэлэлцээ хийнэ гэв.
Цагаан хад гаалийн хяналтын бүсэд нэг өдөр татах нүүрсний нөөц үлдэж, цаашид “Ногоон гарц” түр журмаар эрчимтэй явж байгаа нүүрсний экспорт тасалдах эрсдэл бий болж буйг тээвэрчдийн төлөөлөл хэлж байна.
А.СҮРЭН