"БНСУ дахь Монголын Элчингийн нэг ажилтныг гэрээр тусгаарласан"

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

"БНСУ дахь Монголын Элчингийн нэг ажилтныг гэрээр тусгаарласан"

"БНСУ дахь Монголын Элчингийн нэг ажилтныг гэрээр тусгаарласан"

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс БНСУ-д шинэ коронавирусийн халдвар авсан Монгол Улсын иргэдийн талаар тодрууллаа.


-БНСУ-д Монгол Улсын таван иргэн болон тэдэнтэй харилцаанд орсон гурван хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Эдгээр иргэдийн биеийн байдал ямар байгаа бол?

-Монгол Улсын найман иргэн БНСУ-д коронавируст халдвар авсан нь наймдугаар сарын 26-ны өдрийн шинжилгээгээр батлагдсан. Энэ талаарх мэдээллийг Гадаад харилцааны яам Элчин сайдын яамнаас авсан даруйдаа Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Нийт халдвар авсан найман иргэний тав нь БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажилладаг. Энэ талаар нарийн мэдээлэл байхгүй ч албан ёсны зөвшөөрөлтэй ажилладаг хүмүүс. Нөгөө гурван иргэн нь энэ таван хүний ар гэр болон хамтран амьдрагч хүмүүс байгаа юм. Тэдний биеийн байдал хэвийн байна. Монгол Улсын найман иргэн коронавирусийн халдвар авсны гурав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин таван иргэний биеийн байдлаас хамаарч, эмнэлэгт шилжүүлэх асуудлыг ярьж байгаа. Эдгээр иргэний нэг нь наймдугаар сарын 12-нд Элчин сайдын яамны Консулын хэлтсээс үйлчилгээ авсан.

-Халдвартай иргэнд үйлчилгээ үзүүлсэн Элчин сайдын яамны ажилтнаас шинжилгээ авсан уу?

-Элчин сайдын яамны Консулын хэлтэс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, амны хаалт, нэг удаагийн бээлий, үйлчилгээ авч буй иргэн бүрийн гарыг ариутгаж, хувийн аюулгүй байдлыг чанд сахиж байгаа. Хэрвээ Элчин сайдын яамны нэг ажилтан халдвар авахад бусад ажилчдад халдвар тарааж, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүсэх юм. Тийм учраас бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч байгаа. Бид урьдчилан сэргийлэх үүднээс халдвартай иргэнтэй хавьталд орсон байж болзошгүй Консулын хэлтсийн нэг иргэнийг өнөөдөр шинжилгээнд хамруулж, гэрээр тусгаарласан.

-Эдгээр иргэнийг эх оронд нь татан авч, эмчлэх үү?

-Халдвар авсан иргэдийг олон улсын эрүүл мэндийн дүрмээрээ тухайн улс нь эмчлэх үүрэгтэй. Манай улсад ийм тохиолдол гарахад эмчлэх үүргээ биелүүлж байгаа. Олон улсын дүрмээрээ л эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай.

БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй 4500 гаруй хүн бий. Тийм учраас есдүгээр сард хийх тусгай үүргийн онгоцны нислэгийн хуваарьт Сөүл-Улаанбаатар чиглэлийн давтамжийг гурван удаа үйлдэхээр тогтоосон. Энэ бол урьдчилсан төлөвлөгөө. Тусгаарлах байрны нөөц нэмж гарвал шаардлагатай чиглэлд нэмэлт нислэг хийх боломжийг эрэлхийлж ажиллана. Гадаад улсад халдварын голомтод байгаа иргэд аль болох хувийн аюулгүй байдлаа сахихыг хүсье. Монгол Улсад ирэх хүсэлтэй иргэдээ татан авахдаа коронавирусийн шинжилгээ урьдчилан өгсөн байх нийтлэг шаардлага тавьж байгаа. Тиймээс БНСУ-д коронавирусийн өвчлөл их байлаа гээд тусгай үүргийн онгоцны нислэгийн давтамжийг бууруулах асуудал байхгүй.

-Ер нь гадаад улсад Монгол Улсын хэчнээн иргэн коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл байгаа бол?

-Гадаадад байгаа монголчуудаас хэчнээн иргэн коронавирусийн халдвар авсан бэ гэдэг тоон мэдээлэл Эрүүл мэндийн яам дээр нэгтгэдэг. Ээлжит мэдээллээрээ өгч ирсэн. Хилийн чанадад байгаа Элчин сайдын яамаар дамжин ирж буй мэдээлэл ирвэл тухай бүрт нь Эрүүл мэндийн яаманд мэдээлдэг. Хэрвээ тухайн иргэн өөрөө хувийн нууцаа хамгаалах үүднээс Элчин сайдын яаманд мэдэгдээгүй бол энэ мэдээллийг өгдөггүй. Тиймээс бидэнд байгаа мэдээлэл бодит мэдээлэл зөрүүтэй байх магадлалтай.

-Монгол Улсаас хилийн чанадад явах хүсэлтэй иргэдэд ямар шалгуур тавьж байна вэ?

-Дэлхийн улс орнууд аль улсын иргэнийг хилээрээ нэвтрүүлэх вэ, ямар ангиллын визтэй хүмүүсийг хилээр нэвтрүүлэх вэ гэдэг горим хараахан сулраагүй байна. Европын холбооноос өнөөдрийн байдлаар богино хугацааны болон энгийн аяллын виз олгохгүй, нэвтрүүлэхгүй байгаа. БНСУ ч гэсэн адилхан. Зөвхөн Турк улс хилээ нээчихсэн байгаа. Монгол Улсаас гадаад руу гарах иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүй. Товчхондоо энэ цаг үед богино хугацааны буюу энгийн, аяллын, бизнесийн визээр аль ч улсын хилээр нэвтрүүлэхгүй байгаа гэдгийг хэлье.

-Одоогийн байдлаар хэчнээн аж ахуйн нэгж байраа тусгаарлах байраар дахин ашиглуулахгүй гэдгээ мэдэгдээд байгаа вэ?

-Тусгаарлах байраа ашиглуулж байгаа зарим аж ахуй нэгжүүд өнгөрсөн удаагийн хэд хэдэн нислэгийг авсны дараа цаашид байраа ашиглуулах боломжгүй байна гэдгээ мэдэгдсэн. Эздийн зүгээс элэгдэл хорогдол болж, ямар ч ашиггүй, хүнд нөхцөлд байна гэсэн. Монголын үндэсний их сургуулийн оюутны дотуур байрны хувьд Энэтхэгээс ирсэн ламхай нарыг хүлээн авсан. Одоо хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор тэнд дахиж гадаадаас ирсэн иргэдийг хүлээн авахгүй байхаар шийдсэн.

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд улсын төсвөөс хэчнээн төгрөгийг төсөвлөдөг вэ. Цар тахлын улмаас энэ сангийн төсөв дууссан гэж үнэн үү?

-Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санг хамгийн анх 2008 онд байгуулсан. Гадаадад хүнд нөхцөлд байгаа иргэд болон гадаадад нас барсан иргэдийн чандрыг авч ирэх, санхүүгийн хүнд нөхцөлд орж, эмчилгээ хийлгэж буй иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй сан. Энэ оны хувьд цар тахлын улмаас гадаадад ажиллаж, амьдарч буй олон монгол иргэн хүнд нөхцөлд орж байгаатай холбоотойгоор жил бүр төсвөөс олгодог санхүүжилт хангалтгүй байна.

Тийм учраас Гадаад харилцааны яамнаас “Улсын онцгой комисст хандан тодорхой хэмжээний хандивыг энэ санд олгооч” гэдэг хүсэлтийг тавьсан. Үүний дагуу одоогоор 300 сая төгрөгийг шийдвэрлэчихсэн байгаа. Энэ төсвийг хэрхэн зарцуулах вэ гэдэгт маш шалгуур тавьж, зорилтот бүлгээ зөв тодорхойлох шаардлагатай. Гэхдээ бэлэн мөнгө олгохгүй. Сүүлийн таван жилийн хугацаанд 224 сая төгрөг төсөвлөж байсан. Энэ оны хувьд журмын дагуу хагас жил хүртэл гадаадад байгаа иргэддээ тусалсан. Одоо бол гадаадад гацсан зорилтот бүлгийн иргэдэд тусална.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж