Монголбанкнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр (2020.08.27) ээлжит мэдээллээ хийв. Тус банк зээлийн хүүг бууруулахаар ажиллаж байгаа ба стратеги төлөвлөгөөг УИХ-д өргөн барьжээ. Зээлийн хүүг бууруулснаар зээлийн өндөр хүүнээс шалтгаалсан, иргэдэд тусч буй зээлийн өрийн дарамт тодорхой хэмжээгээр буурна гэж тус банкнаас үзэж байгаа аж. Нөгөө талаас зээлийн хүү буурснаар хадгаламжийн хүүг бууруулах уу гэдэг асуулт эргэлзээ дагуулж буй. Энэ талаар Төв банкны мэдээлснээр зээлийн хүүг бууруулах стратегид хадгаламжийн хүүг буулгах ямар нэгэн шийдвэр багтаагүй гэсэн тайлбар өглөө.
Төв банкнаас өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлын талаарх 14 дэх удаагийн тайлан мэдээллийг танилцуулсныг тоймлон хүргэе.
ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ӨР 655 САЯ АМ.ДОЛЛАРААР НЭМЭГДЖЭЭ
Цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг 9.9 хувиар буурч, эдийн засаг агших төлөвтэй байна. Дэлхий нийтийг нөмрөөд буй халдварт өвчин Монголын эдийн засагт төлбөрийн тэнцэл, орлого, зээл гэсэн гурван сувгаар тус тус нөлөө үзүүлжээ. Тодруулбал, гадаад орчны эрсдэл нэмэгдэж, экспортын орлого багассан нь төлбөрийн тэнцлийг 679,2 сая төгрөгийн алдагдалтай гарахад нөлөөлсөн байна. Мөн төсвийн орлого энэ оны зургаан сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 21.4 хувиар буурчээ. Энэ нь төсвийн тэнцэл 21.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад нөлөөлсөн байна.
Мөн Засгийн газрын АХБ, ОУВС болон БНХАУ-аас авсан хөнгөлөлттэй зээлийн нөлөөгөөр гадаад өр 391 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Засгийн газрын гадаад зах зээлд арилжсан бондын зах зээлийн үнэлгээ нэмэгдсэнтэй холбоотойгоор 260 сая ам.доллараар Засгийн газрын гадаад өр нэмэгдэхэд нөлөөлжээ. Харин банкны салбарын гадаад өр 510 сая ам.доллараар буурсан байна. Энэ нь ХХБ-ны 500 сая ам.долларын бондын төлбөр төлөгдсөнтэй холбоотой аж.
Монголбанкны тэргүүн дэд дарга Г.ДӨЛГӨӨН:
-Цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд Монголбанк бодлогын хүүг хоёр удаа бууруулж, 9 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах, ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах, заавал байлгах мөнгөний хувь хэмжээг бууруулах зэрэг хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүллээ.
ХУГАЦАА ХЭТЭРСЭН БОЛОН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ ӨСЧЭЭ
Арилжааны банкуудад зээлийн үлдэгдэл долдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар буурч, 17.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 8.1 хувиар буурч, 8.5 их наяд төгрөгт хүрчээ. Долдугаар сард нийт зээлийн хэмжээ өмнөх сараас 0.3 хувиар буурсан бол чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас 24.4 тэрбум төгрөгөөр өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 128.8 тэрбумаар өссөн үзүүлэлттэй байна. Нийт зээлийн 18.3 хувийг цалин тэтгэвэр, 16 хувийг худалдааны зээл, 9.3 хувийг гадаад валютын зээл эзэлж байна.
Цар тахлын нөлөөгөөр аж ахуйн нэгж, иргэдийн орлого буурсан тул Засгийн газраас дэмжлэг үзүүлэх зорилгоор зээл төлөлтийн хугацааг зургаан сар хойшлуулж байв. Уг шийдвэр гарснаас хойш буюу дөрөв, тавдугаар сард долоо хоногт 9000 гаруй иргэн зээл төлөлтийн хугацаагаа хойшлуулах хүсэлт гаргаж байжээ. Үүнээс хойш зээл төлөлтийн хугацаа хойшлуулах хүсэлт гаргах иргэдийн тоо 2000 болж буурчээ.
38 МЯНГА ГАРУЙ ЗЭЭЛДЭГЧ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ТӨЛӨЛТӨӨ ХОЙШЛУУЛАВ
Долдугаар сард банкууд нийт 1077 зээлдэгчид 77,8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосны 57,3 хувийг хөтөлбөрийн, 42,7 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байна. Ипотекийн зээлийн дундаж хувь 10,7 хувьтай тэнцүү байна. Мөн ипотекийн зээлд хамрагдсан 78 мянга гаруй зээлдэгчээс 38.000 нь зээл төлөлтийн хугацаагаа хойшлуулах хүсэлт гаргасан байна. Энэ хүрээнд нийт хоёр их наяд төгрөгийн төлбөрийн зээлийг нийт зургаан сарын хугацаанд хойшлуулжээ. Цаашид үргэлжлүүлэн зээл төлөлтийг хойшлуулах талаар эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн зээл төлөлтөөс хамаарч шийдвэр гаргана гэж Монголбанкнаас мэдээлэв.
ГАДААД ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖИЙН ЖИГНЭСЭН ДУНДАЖ ХҮҮ 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ
Долдугаар сард шинээр татсан нийт төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү (ЖДХ) 10.5 хувь бол гадаад валютын хадгаламжийн ЖДХ 3.2 хувьтай байна. Гадаад валютын ЖДХ өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар буурчээ.
Холбоотой мэдээ