"Дарга нарын бензиний зардалд жилд 450-500 сая төгрөг төсөвлөдөг"

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

"Дарга нарын бензиний зардалд жилд 450-500 сая төгрөг төсөвлөдөг"

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-ын АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар өнөөдөр (2020.08.27) мэдээлэл хийлээ.


 НИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга М.ТУЛГАТ:

-2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Энэ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын улмаас ухаалаг, иргэндээ ээлтэй арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газар, яам, эрх баригч намаас онцгой анхаарч, ур чадвар гарган ажиллахыг шаардаж байна. Гэтэл Засгийн газраас иргэдийн ажиллаж, хөдөлмөрлөхөд чөдөр тушаа болсон шийдвэр гаргаж, хүүхэд багачуудын сурч мэдэх эрхэд халдаж байгааг НИТХ дахь АН-ын бүлэг эсэргүүцэж байна. Тодруулбал, эрх баригчид салбар яамнаас хоёр настай 33650 хүүхдийг улсын болон хувийн цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргасан.

Өнөөдрийн байдлаар нийслэлд төрийн өмчийн 241, хувийн өмчийн 434, нийт 675 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Нэг хүүхдэд ногдох талбай нь 1.-1.5 мет квадрат байхаар тооцож, нэг бүлэгт 20-25 хүүхэд авахаар болсон.

Энэ шийдвэрийн  улмаас зөвхөн хоёр  настнууд төдийгүй 3-5 настай 27598 нийт 62145 хүүхэд цэцэрлэгт хамрагдах эрхгүй болов.

Эдгээр хүүхдүүдийн ард байгаа 40832 эцэг, эхийн аль нэг нь ажлаасаа гарч, хүүхдээ харах сонголттой нүүр тулж байна. Тиймээс НИТХ-ын АН-ын бүлгээс:

  • Дээрх 40832 өрхийн эцэг, эхийг ажиллах нөхцөл боломжоор хангах,
  • Хоёр настай 33650 хүүхдийг хувийн цэцэрлэг болон хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломж олгох,
  • Хүүхэд харах үйлчилгээг дэмжиж ажиллахыг эрх баригч намаас шаардаж байна.
  • Эдгээр шаардлагыг ажил хэрэг болгохын тулд хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, нийт хүүхдийн 20-50 хувийг хамруулах,
  • Хувийн цэцэрлэгүүдийн сул орон тоог бүрэн ашиглаж, хувсах зардал болон хоолны мөнгийг орон нутгийн төсвөөс олгох,
  • Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж харж байгаа юм.

Судалгаагаар өнгөрсөн хичээлийн жилд Улаанбаатар хотод хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг 180 байгууллагад 1900 хүүхэд хамрагдсан байна. Эдгээр хүүхдэд ногдох хувьсах зардал нь сарын 123000 төгрөг байсан бөгөөд улсын төсвөөс 2.5 тэрбум төгрөг гаргаж байжээ.

Хүүхэд харах үйлчилгээний төвийн тоог нэмэгдүүлж, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй нийт хүүхдийн 20-50 хувийг хамруулахад улсаас 6.1-15.6 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм.

НИТХ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн “Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” 29/31 дүгээр тогтоолд 3.2.1-д  заагдсан ажил болох “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээ”-ний зардалд тусгасан гурван тэрбум төгрөг гэх мэт хэмнэж болох үр ашиггүй зардлуудаас шаардлагатай төсвийг шийдвэрлэх боломжтой юм.

НИТХ-ын төлөөлөгч Т.БАТЦОГТ:

-Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн төсвийг 100 сая төгрөгөөр нэмэгдүүлсээр байгаад 2020 оны төсөв нэг их наяд төгрөгт хүрээд байна. Нэг их наяд төгрөг нь нийслэлийн татвар төлөгч иргэдийн мөнгө. Энэ төсвийг зөв зохистой эрэмбэлэх ёстой.

Нийслэл хотод цэцэрлэггүй 16 хороо, сургуульгүй 31 хороо байна. Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж хүрэлцээгүйгээс болж өнөөдөр эрх барьж байгаа МАН хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй гэх шийдвэр гаргалаа.

Нийслэлийн төлөөлөгчид жил бүр нийслэлийн төсвөө баталдаг. Батлагдсан төсөв дотор үр ашиггүй, тэвчиж, хэмнэж болох маш олон зардал байна. Тухайлбал, сүүлийн гурав хоногийн хугацаанд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд Яармагт баригдсан төр захиргааны байр руу нүүх тухай асуудал яригдаж эхэлсэн.

Нийслэлийн төр захиргааны байр нь 97 тэрбум төгрөгөөр бүтсэн бол тавилга эд хогшил нь хоёр тэрбум буюу нийт 99 тэрбум төгрөгийн өртөгтэй барилга юм. Дээрх төр захиргааны байрыг барьсан 97 тэрбум төгрөгөөр 71 цэцэрлэг барих байлаа. 

Зөвхөн дарга нар, өөрсдийнхөө ая тухтай ажиллах нөхцөлийг хангахын тулд цэцэрлэгийн насны хүүхдүүдийг гэрт нь үлдээж байна. "Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээ”-ний зардалд жилд гурван тэрбум төгрөг баталж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 12 тэрбум төгрөг юунд зарцуулж байгаа нь мэдэгдэхгүй үрээд дууссан.

2016 онд МАН “Аз жаргалтай Улаанбаатар” гэх мөрийн хөтөлбөр дэвшүүлж, сонгуульд ялсан. Дөрвөн жилийн хугацаанд аз жаргалтай хотын индексийг тодруулж байна гэх нэрийн дор нэг тэрбум төгрөг төсөвлөдөг. Энэ мэтчилэн тэвчиж, хэмнэж болох маш олон зардал байна. Сүүлийн үед дарга нарын тансаглал хэрээс хэтэрлээ. Эдийн засаг хүнд байна гэж улс даяараа яриад байхад эсрэгээрээ шинэ бүтэц орон тоог нэмж, тавилга эд хогшил авч байна.  

2016-2020 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, НИТХ-ын дарга нарт зарцуулсан авто машины бензиний зардал нь жилд 450-500 сая төгрөг байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дарга нарт зарцуулсан бензиний зардал нэг тэрбум 800 сая төгрөг даваад байна.

Энэ асуудлыг НИТХ дахь АН-ын бүлэг тооцоо судалгаатайгаар та бүхэнд танилцуулж байгааг хэлмээр байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж