Түүхийн туршид тэрсэлдэж ирсэн Грек, Турк улсуудын зөрчилдөөн Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт хурцдаж эхэлжээ. Тус хоёр улс бүс нутгийн байгалийн хий, газрын тосны нөөцтэй холбоотой маргааны улмаас тэнгисийн хөлгүүдээ илгээж, харилцан нэг нэгэндээ зэр зэвсгийн хүчээ үзүүлж эхэлсэн байна.
Турк улс саяхан Газар дундын тэнгист түүхэн дэх хамгийн том байгалийн хийн нөөцөө илрүүлсэн ба энэ асуудалтай холбоотойгоор тус улс тэнгисийн маргаантай бүсэд хайгуулын хүрээгээ тэлэх шийдвэр гаргасан юм.
Тус улсын хайгуулын “Oruc Reis” хөлгийг байлдааны хөлгүүд дагалдаж, Батлан хамгаалах яам нь хайгуул хийх бүсэд байлдааны сургуулилалт хийх болсон байна. Туркийн уг үйлдлийг Грек улс хууль бус гэж үзээд, өөдөөс нь мөн байлдааны хөлгүүдээ илгээж, Туркийн хөлгүүдийн ойролцоо байрлуулж эхэлжээ.
Үүний дараа Турк улс АНУ-ын тэнгисийн хөлгүүдтэй хамтарсан байлдааны сургуулилт хийж эхлэхэд Грек улс Кипр, Франц, Итали улсуудын тэнгисийн хөлгүүдтэй хамтарсан бэлтгэл хийж буйгаа зарласан байна. Байдал ийнхүү хурцдаж эхэлсэн тул Герман улс хоёр улсын зөрчлийг шийдвэрлэж, зуучлах ажлыг эхлүүлжээ.
Газрын дундад тэнгисийн байгалийн нөөцийг хэн эзэмших тухай хоёр улсын зөрчил нь Кипр арлын газар нутгийн маргаанаас үүдэлтэй бөгөөд Кипр арлын өмнөд хэсэгт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Европын Холбооны гишүүн, грек хэлтэй Киприйн Бүгд Найрамдах Улс оршдог бол хойд хэсэгт нь зөвхөн Турк улс хүлээн зөвшөөрдөг Умард Киприйн Туркийн Бүгд Найрамдах улс нэртэй улс оршдог юм.
Эх сурвалж: CNN