УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр (2020.08.27) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Цагаатгалын хуулийн үйлчлэлээр Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг цагаатгуулах хүсэлт гаргаж байгаа талаараа мэдээлэв. Монголын төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал, А.Филатова нарын Монголын нийгэм, улс төрд гавьяа байгуулж, тодорхой үүрэг гүйцэтгэсэн ч тэдний нэр төрийг сэргээж, цагаатгуулах талаарх хүсэлтийг өнгөрсөн хугацаанд маш олон удаа гаргаж байсан ч ямар нэг шийдвэр гараагүй байжээ. Цагаатгалын хуулиар 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш цагаатгалын асуудлаар шүүхэд хандах хууль эрх зүйн орчин байхгүй болж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд шүүхээр нийт 31314 хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж цагаатгагдсан байна.
УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:
-Өнөөдөр бид түүхийн нэгэн чухал асуудлыг хөндөж байна. Монгол Улсад ардчилсан тогтолцоо бүрдсэнээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан нэгэн чухал байгууллага байгуулсан нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн асуудлыг хариуцсан Цагаатгалын комисс. УИХ-ын дэд даргын хувьд би Цагаатгалын комиссыг ахалж байгаа бөгөөд өмнөх дэд дарга нар цагаатгалын ажилд идэвхийлэн ажилласны үр дүн гарч байна.
Би УИХ-ын дэд даргын хувьд энэ олон жил сунжирсан цагаатгах ажлыг эрчимжүүлэхээр шүүхэд албан ёсоор хүсэлт гаргаж байгаа юм. 1984 онд гадаадад нутаг заагдан цөлөгдсөн, гэрийн хорионд орсон, эд хөрөнгө, тэтгэврийг нь хураасан акт баримтууд байдаг. Хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлсэн архивын бичиг баримттай нэг бүрчлэн танилцаж, ийн шүүхэд хандаж байна.
Ю.Цэдэнбал агсныг түүх цагаатгасан ч албан ёсоор шүүхээр цагаатгасан шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй. Тиймээс бид үнэнийг тогтоож, шүүхээр шийдвэрлүүлж, цаашид хүний эрх зөрчигдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллахад онцгой анхаарч байгаа юм. Мөн тэдний бүх гавьяа, шагнал, эд хөрөнгийг хурааж аваад буцааж өгөх, цагаатгасан шийдвэр албан ёсоор гараагүй учраас ийнхүү шүүхэд хандаж байна. Монгол Улсын шүүх шударгаар шийднэ гэдэгт итгэж байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ