“Банк оф Чайна” Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар Монгол дахь үйл ажиллагааны цар хүрээгээ багасгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тус төлөөлөгчийн газар нь 2013 оны нэгдүгээр сард байгуулагджээ. Харин 2014 оны зургадугаар сард Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор хандаж, охин компани буюу банк байгуулах хүсэлт тавьсан байдаг. Хүсэлтийн дагуу охин компанийн үйл ажиллагаа явуулах оффисын засвар, систем тоног төхөөрөмжийн суурилуулалт, хүний нөөцийн бэлтгэлээ базааж, банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулах стандарт нөхцөл бололцоог бүрэн хангасан талаар тус төлөөлөгчийн газраас мэдээлж байв.
Гэвч өнөөдрийг хүртэл Монголын Засгийн газраас банк байгуулах лицензийн зөвшөөрлөө авч чадаагүй байгаа юм. Тиймээс үйл ажиллагааны өртгөө бууруулах зорилгоор “Банк оф Чайна”-гийн төв оффисын зүгээс Монгол дахь Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны цар хүрээг багасгах арга хэмжээ авч эхэлсэн байна. Тухайлбал, үйл ажиллагаа явуулах оффисын талбайг багасгахаар болжээ. Мөн тус төлөөлөгчийн газраас ирэх есдүгээр сард орон тооны цомхотгол хийж, зарим хятад ажилчдаа эргүүлэн татахаар болсон байна.
Гэхдээ “Банк оф Чайна” нь үйл ажиллагааны цар хүрээ багассан ч Монголын зах зээлд өндөр ач холбогдол өгсөн хэвээр байгаа төдийгүй зах зээлийн судалгаа, холбон зуучлах арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжин ажиллахаа илэрхийлээд байгаа аж.
Сүүлийн жилүүдэд, санхүүгийн салбарыг нээлттэй болгож, аж ахуйн нэгж, компаниудын санхүүжилтийн хүүг бууруулах асуудал нь Монголын эдийн засгийн нэг гол сэдэв болсон. УИХ-аар ч банкны салбарт реформ хийж, зээлийн хүүг бууруулах стратеги асуудлыг хөндөн хэлэлцэж байгаа, Монголын банк, санхүүгийн салбарыг нээлттэй болгосноор гадаадын банкуудыг татан оруулж ирэх нөхцөл бүрдвэл эдийн засгийн хөгжилд түлхэц болно гэж зарим улстөрч, эдийн засагчид ярих нь бий. Ямар ч байсан Монголд салбараа байгуулахаар удтал хүлээсэн “Банк оф Чайна” Монгол дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа багасгаж эхэлсэн бололтой.
Б.БАТ
Холбоотой мэдээ