Ээжээс минь өмнө элгэндээ намайг тэвэрч
Эрлэгийн үүдийг хаасан ээж, Хүйн ээжий” хэмээн дуулдаг билээ. Тэгвэл “Хүйн ээж” хэмээх хүндлэлт алдрын эзэн ЭХЭМҮТ-ийн тэргүүлэх зэрэгтэй, эх баригч Д.Тунгалагзаяагийн ажлын хэсэгхэн мөчийг өнөөдрийн сурвалжлагаараа хүргэж байна.
Тэрбээр ажлын анхны гараагаа төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Мандал сумаас эхэлжээ. ЭХЭМҮТ-д ажиллаад 20 жил, эх баригчаар нийт 25 дахь жилдээ ажиллаж байгаа “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” юм. Энэ мэргэжлийг сонгох болсон тухайд хэлэхдээ “Намайг эх барьж авсан эмч Ц.Цэцэгээгийн анхны эх барьж авсан хүүхэд би байсан учир хүйн ээжтэйгээ ойр өссөн. Бага байхад Ц.Цэцэгээ эмчийн, тийм хүүхэд эх барьж аваад, тэр айл охинтой болсон гэх ярианууд гоё санагддаг байсан болохоор ч тэр үү эх баригч мэргэжил сонгосон” хэмээн хуучилсан юм.
“Төрөлт бол багийн ажил байдаг”. Энэ үгийг Д.Тунгалагзаяа онцолж байлаа. “Төрөлтийг эмч удирдаж, эх баригч, үйлчлэгч, нярайн эмч, нярайн сувилагч нар хамтран ажилладаг. Төрөлт болгон харилцан адилгүй. Хүндрэл гарах тохиолдолд багаараа тусламж үзүүлдэг. Бүгд өөр өөрийн хариуцсан ажлуудаа бэлдээд бэлэн байдалд байдаг. Манайхан дөрвөн ээлжээр дөрвүүлээ гарч, төрөх ээжүүдээ хуваан авч ажилладаг. Хүлээн авахаас төрөх эх ирэхэд хүнээ хүлээж аван, эхлээд ургийн бичлэг залгаад амин үзүүлэлтээ үздэг. Эх барих бол тэвчээртэй хүний ажил, шөнийн ээлжинд хүндрэл гарахад хэцүү шүү. Дөрвүүлээ байж л хүн дутаад байдаг. Ер нь ээлжиндээ нэгэнд нь хүнд хүн байхад бүгд анхаарал хандуулж ажилладаг” гэлээ.
Д.Тунгалагзаяа эх баригч зөвлөхдөө "Төрөлт харьцангуй залуужиж байна. Эмэгтэй хүүхдийг багаас нь эрүүл өсгөх хэрэгтэй. Шүд арчилгаанд анхаарах нь чухал. Хорхойтой шүднээс улбаатай өвчлөл их байдаг. Мөн сүүлийн жилүүдэд том жинтэй хүүхэд их төрөх болсон. Дөрвөн кг-аас дээш жинтэй хүүхэд төрөхөд ээждээ болон хүүхэддээ эрсдэл үүсгэдэг. Ээжээс төрөх хугацаа удаашралтай явагддаг болохоор төрөх явцдаа хүүхдийн эгэмны яс хугарах, мөрний сүлжээний гэмтэл үүсэх, мөн эхийн умдаг яс салах, үрэвсэх зэрэг хүндрэлүүд гардаг. Иймээс жирэмсэн эхчүүд хоол хүнсний хэрэглээ болон хөдөлгөөны балансаа тохируулах хэрэгтэй.
Ажил мэргэжлийн тань сайхан нь юу вэ? гэж асуухад “Эх эрүүл төрөөд, хүүхдийн уйлах дуу часхийх л хамгийн сайхан байдаг. Энэ л жаргал юм даа. Хүн сайхан төрөхөөр их сайхан байдаг, бид ч гэлтгүй хүн болгон баярлана даа” гэж хэлсэн юм. Нийт 9000 орчим хүүхэд эх барьж авсан ажилдаа гарамгай, сайхан зантай эгэлхэн энэ бүсгүй үнэхээр бахархам санагдлаа.
ЭХЭМҮТ-д жилд дунджаар 40 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж, 12 мянга орчим эх эсэн мэнд амаржиж, 12 мянга орчим эх, эмэгтэйчүүд, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 180 мянга гаруй үйлчлүүлэгчид амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн 21 аймаг болон зүрхний эмгэг өөрчлөлттэй, хүндрэлтэй ээжүүдийг дүүрэг, харъяалал харгалзахгүй хүлээн авдаг байна. ЭХЭМҮТ үүсэж хөгжсөний 90 жилийн ой, Монгол Улсын Хүүхдийн Анхны Эмнэлгийн 90 жилийн түүхт ой ирэх есдүгээр сард тохиож буй тул тус эмнэлгийн нийт ажилчин, албан хаагчдад ойн баярын мэнд хүргэе.
Дөнгөж төрсөн эхийн биеийн байдлыг асуух Д.Тунгалагзаяа эмч. Удалгүй нярай өхөөрдөм хошуугаараа мөөмөө хайн, амалсан юм. Хүүхдийн хөхөх рефлекс төрсний дараа үүсдэг бөгөөд уруулаа долоогоод, шүлс нь гоожин юм хайж эхэлдэг байна.
Төрөхийн өрөөнүүдээр явж өвдөж буй эхчүүдийн биеийн байдлыг үзнэ. Зурган дээрх аппаратаар ургийн амин үзүүлэлт, зүрхний цохилтыг үздэг аж. Энэ аппарат төрөх эмнэлэгт хангалттай байгаа бөгөөд тоног төхөөрөмж, ажиллах хүчээр ЭХЭМҮТ бүрэн хангагдсан байна.
Мөн ээлжинд гарч буй залуу эх баригч Н.Алтантогосын хариуцсан эх амаржиж, 14 цаг 41 минутад охинтой болов.
Эх баригч нь төрсөн хүүхдийн регистерийн дугаарыг оруулдаг байна.
Эх барих эмнэлэг дээр ирээд 2 цаг орчим болоход түр амсхийн ярилцах агшин. Аяга цайгаа ч яаран уух хүйн ээж.
Хүүхдээ төрөхөд хамт орох аавыг туслагч гэх бөгөөд гарын үсэг зуран баталгаажуулдаг байна.
Ээждээ хараахан тэврүүлж амжаагүй байгаа, хагалгаагаар төрсөн нярай.
Эх баригчаар 29 жил ажиллаж буй тэргүүлэх зэргийн эх баригч У.Ренчинмядаг. Өнөөдөр эх барихаас өөр албан ажилтай ажээ.
Удалгүй Д.Тунгалагзаяа эмчийн хариуцсан эх 20 настай Б.Оюунсувд 15 цаг 05 минутад амаржиж, хүү төрүүлсэн юм. Ээж болж анхны хүүгээ энгэртээ тэврэн буй цэл залуухан ээжийг харах үнэхээр сайхан байлаа. Тус өдөр, өдрийн ээлжинд 19 эх энх тунх амаржсан юм. Энэ өдөр төрсөн бүх ээждээ баяр хүргэж, бороо асгарсан намрын тэргүүн сард хорвоод ирсэн баярт өдрийн мэндийг шинэ хүмүүст нь хүргэж, аз жаргал сайхан бүхнийг хүсье. Монголын үрс маш олон болох болтугай.
Д.ГАНБҮЖИН
Холбоотой мэдээ