Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ үед түгжрэл дахин нийслэлийнхний тулгамдсан асуудал болж байна. Нийслэлд өдөрт 420 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий. Олонх нь хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөхөөр өглөө, оройд зам дээр “зогсдог” гэхэд хилсдэхгүй. Хотын эрх баригчид түгжрэлийг бууруулах, иргэдийн цаг завыг хэмнэх нэгэн ажлыг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн ч төд удалгүй зогссон билээ. Энэ бол “сургуулийн автобус”.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн эл төслийг дахин эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангажээ. Тодруулбал, сургуулийн автобусыг есдүгээр сарын 15-ны өдрөөс үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.
–Сургуулийн автобусыг есдүгээр сарын 15-ны өдрөөс үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн гэх мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан есдүгээр сарын 15-ны өдрөөс сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэх боловч зарим сургууль, цэцэрлэгийн хичээлийн хуваарь батлагдаагүй байдаг.
-Өнгөрсөн онд 33 чиглэлд сургуулийн 40 гаруй автобус сурагчдад үйлчилсэн. Гэвч зарим сургууль, цэцэрлэгт хүрэлцэхгүй байна гэдэг асуудал гарсан. Энэ жил сургуулийн автобусыг нэмэгдүүлэх үү?
-Улаанбаатар хотод 292 мянган сурагч төрийн хэвшлийн сургуульд сурдаг. Сүлжээ төлөвлөлтөөс харвал өглөө, өдөр, оройн ээлжинд 200 автобус үйлчилгээнд гарвал сурагчдад хүрэлцээтэй гэж үзэж байна. Нэн ялангуяа захын хорооллын алслагдсан бүс нутагт сурч буй хүүхдүүдэд үйлчилгээ хүрэх бүрэн боломжтой нь Нийтийн тээврийн газрын судалгааны дүнгээс харагдаж байгаа юм. Тиймээс бид парк шинэчлэлтээр анх удаа 200 автобусыг сургуулийн журмаар ашиглахаар төлөвлөөд байна. Есдүгээр сард багтаж парк шинэчлэлтээр эхний автобусаа оруулж ирэх юм. Ингэхдээ дэлхийн жишигт нийцсэн автобусыг үе шаттайгаар оруулж ирнэ. Энэ оноос өмнө 75 автобус нэвтрүүлнэ. Эхний ээлжинд өнгөрсөн онд туршилтаар хэрэгжүүлсэн 40 автобус үйлчилгээнд гарна. Тэгэхээр 115 автобус Улаанбаатар хотын төрийн хэвшлийн сургуулиудад үйлчлэх нь. Хувийн хэвшлийн сургуулиуд өөрсдийн автобустай. Дунджаар 200 гаруй автобус хувийн хэвшлийн сургуулиудад үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр автобусны техникийн аюулгүй байдал, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэгт Нийтийн тээврийн үйлчилгээний газрынхан болон Нийслэлийн боловсролын газартай хамтран хяналт шалгалт хийгээд дуусч байна.
–Сургуулийн автобусыг түгжрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас үйлчилгээнд нэвтрүүлсэн. Түгжрэлийг хэдэн хувиар бууруулсан бэ?
-Өнгөрсөн жил сургуулийн автобусаар хоёр сар гаруйн хугацаанд давхардсан тоогоор 110 мянга гаруй сурагч зорчсон гэх тооцоо судалгаа гарсан. Сургуулийн автобус нь хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан төдийгүй түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулсан. Эцэг эхчүүдийн 60-70 хувь нь өглөө, оройд хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр хувийн машинтай замын хөдөлгөөнд оролцож, түгжрэл үүсдэг байсан. Сургуулийн автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн хоёр сар гаруйн хугацаанд түгжрэлийг 3 хувиар бууруулсан эерэг үр дүн байгаа юм. Тиймээс сургуулийн автобусыг цаашид үйлчилгээнд нэвтрүүлэхээр боллоо. Түгжрэл бол ганцхан нөхцөл байдлаас үүсэхгүй. Сургуулийн автобус түгжрэлийг бууруулах төслүүдийн нэгээхэн хэсэг нь юм. Бид 2025 он хүртэл түгжрэлийг 50 хувиар бууруулахаар урт хугацааны төлөвлөгөө гаргаад байна. Түгжрэлийг бууруулахаар богино, дундын, урт хугацааны төлөвлөгөөг гаргаад байна. Дунд хугацааны төлөвлөгөө буюу 2025 он гэхэд явган зам, дугуйн замыг сайжруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийж байж түгжрэлийг бууруулж чадна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ