Чуулган: Баянтээг нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц барина

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Баянтээг нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц барина

https://m.facebook.com/news.mn.agency/videos/948558015619525/?extid=GRY247cijbgk3kzL&refsrc=https%3A%2F%2Fm.facebook.com%2Fwatch%2F&_rdr

 

18 : 38
2020-8-27

Баянтээг нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц барина

Чуулганы хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Үндсэн чиглэлд  Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хужирт, Бат-Өлзий чиглэлийн аялал жуулчлалын зам, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баянгол, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Цогт-Овоо чиглэлийн босоо тэнхлэгийн ачаа тээврийн замын зураг төслийг боловсруулан барьж эхлүүлэх ба баруун бүсийн А0301, А0302 замдын дагуух сумдыг улсын чанартай хатуу хучилттай авто замтай үе шаттай холбох ажлыг эхлүүлэх ажлыг тусгалаа.

Мөн Баянтээг нүүрсний уурхайг түшиглэн 20 мВт-ын цахилгаан станц барьж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг өргөтгөн, хөрш зэргэлдээх аймгуудын түлшний хэрэгцээг хангаж, агаарын бохирдлыг бууруулах ажил тусгав.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үг хэлж, асуулт асуух гишүүн гараагүй тул байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж байна.

 

14 : 56
2020-8-27

Г.Тэмүүлэн: Цус ойртолт аймаг, сумын хэмжээнд бий болчихсон

Үдээс хойших чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийнэ. Байнгын хорооны санал дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцууллаа.

Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Үндсэн чиглэлийн тогтоолын төслийн 2.7 дахь зорилтод би заалт нэмүүлсэн юм. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй, Эдийн засгийн байнгын хорооноос мөн дэмжээгүй саналаар орж ирлээ. Улс орны хамгийн гол анхаарах ёстой асуудлын нэг бол Монгол хүний удмын сан. 100 жилийн өмнө монголчууд бид 300 мянга байсан. Өнөөдөр 3 саяд хүрсэн. 2050 он гэхэд 5 саяулаа болоход хүний удмын сан, генетик нөөцөд хязгаар бий. Энэ асуудал төрийн бодлогын гадна үлдээд байна. Цус ойртолт аймаг, сумын хэмжээнд бий болсон. Миний гаргасан саналыг дэмжиж өгөхийг хүсч байна.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

Ажлын хэсгийн 83 санал хураасан. Байнгын хороодоос ирсэн 18 зарчмын зөрүүтэй санал хураасан. Чуулган дээр таны саналыг дэмжих боломжтой.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

2025 онд ажилгүйдлийн түвшинд 7.8 хувьд хүргэнэ гэж заасан нь хангалтгүй. Мөрийн хөтөлбөртөө 150 мянган ажлын байр бий болгоно гээд амалчихсан. Гэтэл одоогийн 10 хувийн ажилгүйдлийн түвшинг 7.8 хувь болгож бууруулах нь хангалтгүй. Яаж тооцоолсон юм бэ? Таван жил бол бага хугацаа. Ирэх жил гэхэд хэдэн хувиар бууруулах юм бэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг маш ерөнхий тусгасан байна.

Ажлын хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж байна.

11 : 37
2020-8-27

Ч.Хүрэлбаатар: АМНАТ-ын орлого 426 тэрбум төгрөгөөр тасарсан

чуулган

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1093 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 3472 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан байна. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг хамруулжээ.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 1,023.5 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь төлөвлөснөөс 444.8 тэрбум төгрөгөөр дутуу гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 2.0 хувьтай тэнцсэн байна.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийж байна. Төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Сүүлийн өдрүүдэд  1800-аас дээш  нүүрсний машин хилээр гарсан талаар Сангийн сайд жиргэсэн байсан. Цаашид хичнээн машин гарвал байдал сайжрах вэ. 3000-4000 машин гаргах асуудлыг яаж тооцож байна. Хилээр хэчнээн машин гарч байж төсөв маань гайгүй болох бол гээд санаа зовох юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Экспортын хэмжээнд санаа зовж байна. Төсвийн орлогын тооцоололд өдөрт 2000 нүүрсний машин хилээр гарна гэж тооцоолсон. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 426 тэрбум төгрөгөөр тасарсан. ААНОАТ 388 тэрбум төгрөгөөр тасарсан. ЗТЯ, ГХЯ, УУХҮЯ экспортыг нэмэгдүүлэх чиглэлд санаачилгатай ажиллаж байна. Сүүлийн үед харьцангүй экспортын хэмжээ нэмэгдэж байна. Цаашаа энэ хэвээр хадгалагдаасай гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

Энэ жилийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 4 триллион 846 тэрбум төгрөгөөр хасах, нэг жилдээ бид 1.7 тэрбум ам.долларын өр үйлдвэрлэх төслийг батална. 2021 онд төсвийн алдагдлаа 3.6 хувиар барьж чадах юм уу гэхэд Сангийн сайд “Чадахгүй” гэж Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн. Эдийн засгийн уналтыг V хэлбэртэй байна гэж мөн Сангийн сайд хэлсэн. Олон улсын судлаачид W хэлбэртэй байж магад гэж хэлж байгаа. Хэрэв байдал ингэж хүндэрвэл ямар нөөц хувилбар байгаа вэ гэдэгт хариулт өгөөгүй. Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлээр ирэх оны төсвийг оруулж ирэх үү. Ямар тооцоолол байна вэ?

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан:

Б.Чойжилсүрэн гишүүн үндэслэлтэй асуудлыг хөндсөн. 2021 оны нөхцөл байдал маш тодорхойгүй байна. УОК-ын дарга өчигдөр оны эхний зургаан сар хүртэл хил нээгдэхгүй байх төлөвтэйг хэллээ. Энэ нь 2021 онд ч төсвийн тодотгол хийнэ гэдэгтэй агаар нэг. 2021 оны төсөв төсөөллийг эргэн харах шаардлага гарна. Удахгүй ирэх оны төсөв боловсруулагдана. Энэ хүрээнд тодорхой чиглэлийг Засгийн газарт өгөх ёстой.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

2021 оны хэт өөдрөгөөр хараад байгааг би хэдэнтээ хэлсэн. ДЭМБ-ын захирал цар тахал хоёр жил үргэлжилнэ гэж хэллээ. Энэ хэрээр дэлхийн эдийн засаг агшина. Манайхан Хятадын эдийн засаг өсөлттэй гарч байгааг өөдрөгөөр харж байна. Гэтэл Хятад ч эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон. Өөдрөг төсөөлөл нь хэвээр байна уу эсвэл өөрчлөгдсөн үү гэхэд Сангийн сайд судалгаатай асуудал хандсан учир өөрчлөгдөөгүй гэдгээ хэллээ.

Ингээд гишүүдийн гаргасан саналын дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт дахин шилжүүллээ.

Дараа нь УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн 2020.08.27 хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дээрх хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжээгүй тул хуулийг буцаалаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Гадаад дотоод эдийн засгийн нөхцөлөө сайн харгалзаж үзэх хэрэгтэй. УОК-ын өчигдөр хийсэн мэдээллээр 2021 оны 6 дугаар сар хүртэл хил нээгдэхгүй байхаар дахиад л эдийн засаг, эрүүл мэндтэй холбоотой асуудал үүснэ. Тиймээс бид мөчлөг сөрсөн бодлого явуулахгүй бол ажилгүйдлээ хумих аюултай. 2021 оны төсөв хэлэлцэхдээ сайн анхаарах ёстой. Алдагдлыг огцом бууруулбал хөрөнгө оруулалтыг хумих аюултай болно. ААН бол ажлын байраа хадгалах, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд ажиллахыг хэлсэн. Тиймээс 2021 оны төсөвд эдийн засгаа тэлэх бодлогоо анхаарч ажиллаарай.

Дагалдаж орж ирж байгаа чухал хуулиуд байна. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай гэх мэт. Үнэхээр эрүүл мэндийн салбарт реформ хийх, хүнд суртал чирэгдлийг багасгах чиглэлд анхаарсан хууль орж ирсэн учраас гишүүд анхаарч хараарай. Эмийн үнэ, үйлчилгээ зэргийг сайжруулах боломжийг бүрдүүлсэн гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Орлого талаа нэмэгдүүлэх бололцоог хангасан уу? Орлогын дийлэнх нь экспортын бүтээгдэхүүн байдаг. ХАА, МАА-н чиглэлд анхаарч ажиллаж байгаа юу? Нөгөө талдаа зарлагын асуудал бий. Эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хасахгүй байх нь зүйтэй. ХӨСҮТ-ийн эмнэлэг рүү тоног төхөөрөмж, барилгын хөрөнгө оруулалтын асуудлыг тэмдэглээд үлдэж байгаа зүйл яригдлаа. Хийх ёстой зүйлээ хийсэн нь дээр юм билээ шүү. Эдийн засаг сайн байх үед 2008-2012, 2012-2016 оны УИХ төсөв хэлэлцэж нилээд олон асуудлыг шийдэж байсан. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ГССҮТ-ийн хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Энэ л хүнд үед аминд орж байна. Тиймээс үүнийг анхаараарай.

Үүгээр үдээс өмнөх чуулганы хуралдаан түр завсарлаж, Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа 14 цагт эргэж хуралдахаар боллоо.

09 : 21
2020-8-27

Захиалгат хууль оруулж ирлээ гэж үзээд, Шүүхийн хуулийг буцаалаа

Posted by News.mn on Wednesday, August 26, 2020

УИХ-ын ээлжит бус чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонхи уг хуулийг хэхэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид буцаалаа.

Сүүлийн үед үүссэн хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагад үндэслэн хяналтын шатны шүүн таслах ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэх иргэдийн эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Өнөөгийн байдлаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас болж 2400 гаруй хэрэг хуримтлагдаж, цаашид энэхүү тоо өсөж, энэ хэрээр хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа ажээ. Гэтэл хэргийг хянан хэлэлцэх явцад өөр танхимын шүүгч бүрэлдэхүүнд орж ажиллах боломж хуулиар хязгаарлагдсан байдаг байна.

Тиймээс шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Ингэснээр шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөл бүрдэхээс гадна эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүйн улмаас үүдэн гарах эрх зүйн хүндрэлийг нэг мөр шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Долоон жилийн өмнө би улс төр, бизнесийн мафийн бүлэглэл байна гэж хэлж байсан. Одоо ч үүний үр дагавар байгаа учраас МАН мөрийн хөтөлбөртөө шударга ёсыг тогтооно гэж хэлсэн. Х.Нямбаатар илтгэлдээ 2400 гаруй хэрэг овоорсон гэж хэллээ. Шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байна. Иргэний хэргийн танхим таван гишүүнтэй. Шударга бус хонгилыг нураана гэчихээд дахиад шинэ хонгил угсрах гээд байгаа юм биш үү гэсэн болгоомжлол байна. Засгийн газрын бодлого гэж ойлгохгүй байна. Улсын Дээд шүүхийн Д.Ганзориг гэдэг ерөнхий шүүгчийнхээ эрх мэдлийг нэмэгдүүлэх гээд байгаа юм биш үү, үнэртэж байна. Энэ хүнд захиргааны эрх мэдлийг нь нэмэгдүүлэх алхам мөнөөс мөн. Захиргааны эрх мэдэл нэмэгдэх хэрээр ажлын байрны дарамт, хууль бус нөлөөлөл үүсдэг. Түр хууль гэж байгаа боловч энэ нь бүр хууль болчих вий.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-УИХ дээр шүүхийн тухай дөрвөн хуулийн төсөл байгаа. Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл бий. Намрын чуулганаар хэлэлцэх чухал асуудал бол эдгээр хуулийг нэгтгэж эцэслэн батлах явдал. Өнөөдөр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас хэргийн түгжрэл бий болчихсон. 2400 гаруй хэрэг хуримтлагдаж байгаагийн 10 мянга орчим хэргийн оролцогчийн  эрх ашиг хөндөгдөж байгаа. Цаашид энэхүү тоо өсөж, энэ хэрээр хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсээд байна. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах эрхийг өгнө. Өнөөдөр энэ зохицуулалт цоорхой байгаа. Хоёрдугаарт, хуульд заасан үндэслэлээр танхимын бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд танхим хооронд сэлгүүлж шүүгчийг томилно гэсэн хоёр эрхийг олгож байгаа. Улсын Дээд шүүх 25 шүүгчтэй байх ёстойгоос 19 шүүгчтэй ажиллаж байна. Шинээр томилогдох шүүгч нарыг тэр, энэ танхимын шүүгч гэж заах нь өнөөдөр хуульд орхигдсон.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Хэний захиалгатайгаар гэнэт ээлжит бус чуулганаар энэ хуулийг яаралтайгаар оруулж ирэв. Энэ хуулиар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах, танхим хооронд сэлгэх эрх өгөх гэж байна. Шүүх хараат бус байна гэдэгт шүүгч шүүгчээсээ хараат бус байхыг ч хэлнэ. Шүүгчид хамгийн их нөлөөлөл үзүүлдэг хүмүүс бол шүүгчид өөрсдөө гэж гарсан. Гэтэл үүнийг одоо баталгаажуулах гэж байна. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг шинэ хонгилын хаанаар зарлах гэж байна. Дуртай хэрэг дээрээ дуртай шүүгчээ оруулах эрхийг өгөх гэж байна. Таалагдахгүй байгаа шүүгчээ тоглоомын гадна үлдээх гэж байна. Тухайн шүүгч ямар хэрэг шийдэхийг Ерөнхий шүүгч мэдэхгүй байх зарчмыг бид суулгаж ирсэн. юунд бэлтгэж энэ хуулийг оруулж ирэв. Хэн хэний хэрэг Дээд шүүх дээр очих гэж байгаа болоод тэнд хонгил үүсгэх гээд байгаа юм бэ. Илт захиалгатай хууль байна. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа гэдэг нь энэ хуулийг батлах үндэслэл мөн үү. Үүнийг дээд шүүхийн Тамгын газрын даргаас асууя. Иргэний хэргийн шүүх хуралдаж байгаа юу? Ирц хүрэхгүйгээс хуралдахгүй байна гэж хууль санаачлагч хэлж байна. Иргэний танхим найман шүүгчтэй. Үүнээс тавыг нь Ерөнхийлөгч түдгэлзүүлж, хоёрыг нь буцааж сэргээсэн. Гэтэл яагаад ирц бүрдэхгүй байна гэсэн худал мэдээллийг УИХ-д танилцуулж хууль оруулж ирж байна вэ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Хуулийн төслийг гэнэт оруулж ирээгүй, 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан байсан. Өмнөх парламент хуулийг хэлэлцэх гэж байтал шинээр Шүүхийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Шүүхийн тухай хууль батлагдах хүртэл тодорхой хугацаа орох учраас энэ хуулийг оруулж ирсэн. Таны хэлж байгаа үзэл баримтлалаар энэ хуулийг оруулж ирээгүй. Маш олон иргэний маргаан шийдэгдэхгүй байгаа учраас үүнийг шийдэх ёстой. Иргэний хэргийн шүүх таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралддаг, иргэн нэг шүүгчээс татгалзвал хуралдах боломжгүй болоод байгаа бодит үндэслэл бий.

Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв: 

-2019 оны намар Иргэний дээд шүүх гурван шүүгчтэй, хуралдах боломжгүй байсан. Тиймээс одоогийн хэргийн хуримтлалын зарим нь үүссэн. Монголын шүүх жилд анхан шатны 65000 хэргийг хэлэлцдэг. Одоо Иргэний танхим хуралдаж байна. Таван шүүгчтэй. Хэрэв өвчтэй, чөлөөтэй, татгалзан гарсан тохиолдолд бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа. 

Гишүүд үг хэлж дууссаны дараа Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналаар санал хураахад гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тиймээс хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа.

Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийг дахин анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Үргэлжлүүлэн Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн ч дахин анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Байнгын хорооны санал дүгнэлтийг уншиж танилцуулсан Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан нөхцөл байдлыг дахин судлаж авч үзээд анхны хэлэлцүүлэг рүү дахин шилжүүлэхийг хүссэн юм. Учир нь Засгийн газрын оруулж ирсэн төслөөр зөвхөн 2020 оны төсвийн  зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хууль. Гэтэл цар тахлын улмаас үүсээд буй нөхцөл байдал зөвхөн 2020 оноор хязгаарлагдахгүй 2021 онд хүртэл үргэлжлэх учраас  энэ бүхнийг хамруулж байж хуулийг дахин хэлэлцэх нь зөв. Тиймээс дахин анхны хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэв. 

Уг саналаар санал хураахад хуралдаанд оролцсон нийт  66 гишүүний 34 нь  дэмжсэн тул Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийг байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт дахин  буцаалаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

https://www.facebook.com/news.mn.agency/videos/312656473142314/  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж