Ногоочид зөвшөөрөлтэй талбайдаа багтахгүй, хөөгдөж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

Ногоочид зөвшөөрөлтэй талбайдаа багтахгүй, хөөгдөж байна

Ногоочид зөвшөөрөлтэй талбайдаа багтахгүй, хөөгдөж байна

Шинэхэн ургацын хүнсний ногоо зах зээлд хэдийнэ зарагдаад эхэлсэн. Орон нутгаас ирсэн ногоочид “Барс” хүнсний захын хойд талд орших авто зам дагуух байрны дунд шинэ ногоо худалдаалж байна. Энд лууван, байцаа, төмснөөс гадна өргөст хэмх, улаан лооль, салатны навч, вандуй, бууцай, хулуу, гоньд, амтат чинжүү гээд нарийн ногоо өрөөстэй. Ногоочдын дийлэнх нь Төв аймгийн Жаргалант сум, Сэлэнгэ аймгаас ирсэн гэнэ.

Ногоочид тарьсан ногоогоо жижиглэнгээр болон бөөнөөр нь худалдана. Зарим нь зөвшөөрөл авалгүйгээр зам дагуу ил задгай худалдаа хийж, цагдаа нарт хөөгдөн туугдаж байхтай тааралдав.  Тэднээс яагаад зөвшөөрөл аваагүйг нь тодруулбал, үзэсгэлэн худалдаа хийх талбайд багтахгүй байгаа учраас зөвшөөрөлгүй газар ногоогоо зарахад хүрч буйгаа хэллээ.

"НААШ ЦААШ ХӨӨГДСӨӨР ЯМАР Ч ОРЛОГОГҮЙ ӨДРИЙГ ӨНГӨРӨӨЛӨӨ"

Сэлэнгэ аймгийн Зүүнхараагаас ирсэн ногоочин Ч.Батбямба “Би Зүүнхараагаас тариалсан ногоогоо борлуулахаар 2-3 тонн ногоотой ирсэн. Тэндээс Дарханы замаар машин тэргээ эвдэн байж, хонон өнжин ирсэн. Хотод ирээд ногоогоо зарах гэсэн чинь зөвшөөрөлгүй гээд талыг нь хогийн машинд ачаад явсан. Сая ачиж явсан ногоог минь авч ирээд “Ногоогоо буулгаж ав” гэлээ. Амьдрах гэж ядаж байгаа нэгнээ ингэж болохгүй шүү дээ. Өдөржингөө ногоогоо наашаа цаашаа зөөсөөр үнэндээ тамирдаж байна. Миний хувьд өнөөдөр гэхэд ямар ч орлогогүй болчихлоо” гэв.

Тэнд  цагдаагийн хоёр албан хаагч зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхэлж буй ногоочдод шаардлага тавьж харагдав. “Хөдөө орон нутгаас ирсэн ногоочид Баянгол дүүргээс гаргаж өгсөн зөвшөөрөлтэй талбайд  ногоогоо борлуулах ёстой. Гэтэл наймаа эрхлэх ямар ч зөвшөөрөлгүй, шинжилгээний бичиггүй худалдаачид зам дагуу олноор зогсч байна. Зөрчлийн тухай хуулийн 10.4.1 хэсэгт “Захиргааны байгууллага хуулиар хориглосон тохиолдолд туслалцаа үзүүлэхгүй” гэж заасан байдаг талаар цагдаа нар хэлж байлаа.

"НЭГ ХАШАА ГАРГАЖ ӨГСӨН Ч ТЭНДЭЭ НОГООЧИД НЬ БАГТАХГҮЙ БАЙНА"

Сэлэнгэ аймгаас ирсэн ногоочин Б.Алимаа “Биднийг замын хөдөлгөөнд саад боллоо гээд цагдаа нар хөөгөөд байх юм. Төмөр замын вокзалын ойролцоо нэг хашаа гаргаж өгсөн ч тэндээ ногоочид нь багтахгүй байна. Тэр хашаа нь том бол хамаа алга. Бид тэндээ ороод ногоогоо борлуулмаар байна. Миний хувьд Сэлэнгэ аймгаас хотод ирэх гэж бүтэн 12 цаг Дарханы замаар явж, тэндээс нэг шуудай ногоо 3000 төгрөгөөр ачуулж ирж байгаа. Хотод ирээд 10 гаруй хоног боллоо. Биднийг сая энд зогсч болохгүй гээд хөөсөн. Одоо ногоогоо ачиж явах гээд байж байна. Зарим ногоочдын ногоог нь хогийн машинд ачаад, эсэргүүцэж дуугарсан хүнийг гавлаад аваад явчих юм” гэлээ.

Төмөр замын вокзалын ойролцоох зөвшөөрөлтэй үзэсгэлэн худалдааны талбай дээр очлоо. Ногоочид борооноос ногоогоо хамгаалж, ногоон уутаар саравч татжээ. Бороо орсны улмаас шороон талбайн ус, шавхай ихтэй байв. Шинэ ногооны үзэсгэлэн худалдааг сонирхон ганц нэг хүмүүс худалдан авалт хийж харагдана. Энэ талбайд ойролцоогоор 50 гаруй ногоочин шинэ ургацын ногоогоо худалдаалж байгаа аж.

"ДҮҮРГЭЭС ГАРГАЖ ӨГСӨН ТАЛБАЙГ САРЫН 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТҮРЭЭСЭЛДЭГ"

“Орон нутгаас ирсэн ногоочдод хэдхэн сар түр хугацаанд ашиглаж, шинэ ургацын ногоогоо борлуулах талбай  хэрэгтэй байна. Зөвшөөрөлтэй талбайдаа багтахгүй байгаа учраас ийм асуудал үүсч байна. Үзэсгэлэн худалдаа хийх зөвшөөрөлтэй энэ талбайн нэг сарын түрээс нь 300 мянган төгрөгийн үнэтэй. Бид наймдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл гурван сараар нь түрээсийн мөнгөө төлчихдөг. Зарим ногоочид долдугаар сарын 20-ноос энд талбай түрээсэлж эхэлсэн. Наймдугаар сар гараад ногоочдын тоо нэмэгдэж, талбайдаа багтахгүй болсон” гэж Төв аймгийн ногоочин ярилаа.

Энэ жил хүнсний ногооны үнэ харьцангуй өндөр байгаад ногоочид ам сайтай байв. Өнгөрсөн жилийн өдийд нэг шуудай байцаа 5000 төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил 10-12 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Ингээд шинэ ургацын үзэсгэлэн худалдаанд борлуулж буй хүнсний ногооны бөөний үнийг танилцуулъя. Шуудай төмс 18 мянга, шуудай байцаа 12 мянга, шуудай манжин 20 мянга, лууван бас 20 мянга, сонгино нэг кг 1200 төгрөг, монгол огурцы 4000, ногоон сонгино 800, тарвас 25 мянга, шар хулуу 1500, дугуй хулуу 1600 төгрөг, сармис 20 мянган төгрөгийн үнэтэй байна.


“ОРОН НУТГААС НЭГ ШУУДАЙ НОГООГ 3000 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТЭЭВЭРЛЭДЭГ”

Сэлэнгэ аймгийн ногоочин П.Оюунгэрэлтэй цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Та аль аймгаас ирэв. Шинэ ургацын ногооны худалдан авалт хэр байна вэ?

-Би Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас ирсэн. Хотод шинэ ургацын ногоогоо борлуулахын тулд лангуу түрээсэлж сууна. Лангууны нэг сарын түрээс 300 мянган төгрөг бөгөөд гурван сарын нэг сая орчим төгрөг төлсөн. Бид наймдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 20-хүртэл түрээсэлж байгаа. Ер нь жил бүрийн намар монгол ногооны худалдааны тусгай талбай гаргаж, чөлөөтэй борлуулах боломжоор дэмжиж тусалмаар байна. Хүмүүс ч гэсэн шинэ ургацын ногоог ногоочдын гар дээрээс бодит үнээр нь худалдаж авах сонирхолтой байдаг юм. Орон нутгийг бодвол хот газар хөл хөдөлгөөн ихтэй учраас худалдан авалт сайтай байдаг. Даанч зөвшөөрөлтэй талбай цөөн байна. Бид хавар гуравдугаар сараас эхлээд л ногооны талбай дээрээ тасралтгүй ажилладаг. Хөдөлмөр, хүч шингэсэн ногоогоо хотод ирээд борлуулах гэхээр талбай байхгүй, хөөх юм. Бидний тарьсан ногоо ченжүүдийн гар дээр очихоор дор хаяж 200-500 төгрөг нэмэгддэг.

-Сэлэнгэ аймгаас хот руу ирэхэд хэр зардал гардаг бол?

-Би хувийнхаа машинаар 120 мянган төгрөгөөр шатахуун хийж, шинэ ургацын ногоогоо тээвэрлэж ирсэн. Дор хаяж 2-3 тонн хүнсний ногоо ачиж ирнэ шүү дээ. Хувийн машингүй бол нэг шуудай ногоог 3-4 мянган төгрөгөөр тээвэрлэж ирдэг. Сэлэнгэ аймаг Монгол Улсынхаа жимс, хүнсний ногооны 80 хувийг тариалж байгаа шүү дээ. Аймгийн зарим ногоочид Дархан-Уул хот руу явж, шинэ ургацын ногоогоо борлуулж байгаа. Тэнд ч бас ялгаагүй зөвшөөрөлтэй талбай байхгүй энд тэнд хөөгдөж туугдана. Ногоочдын хувьд хүнсний ногоогоо тариалж, хурааж авахын авдаг ч борлуулахад хүндрэлтэй байдаг. Төр засгаас дэмжиж, талбайн түрээсийг бодолцож үзэж, боломжийн лангуутай байвал болмоор юм шиг санагддаг. Монголчууд хүнсний ногоогоо тарьж сурсан байна. Төрөл нь ч олон болжээ. Би гэхэд 20 гаруй төрлийн хүнсний ногоо тарьсан.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж