Халаас суйлаачид хөгшдийг онилох болжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

Халаас суйлаачид хөгшдийг онилох болжээ

Халаас суйлаачид хөгшдийг онилох болжээ

Тавхан хоногийн дараа сургууль, цэцэрлэгүүд орно. Тиймээс Улаанбаатарын хөл хөдөлгөөн ихэсч, зах худалдааны төвүүд олны хөлд дарагдаж, эцэг эхчүүд хүүхэд багачуудынхаа хичээлийн хэрэгслийг бэлтгэх томоохон ажил дундраагүй  байна. Зах худалдааны төвүүдээр хөл хөдөлгөөн ихсэхтэй зэрэгцээд хулгайн гэмт хэрэг идэвхжих болжээ. Тухайлбал, цагдаагийн байгууллагад дунд сургуулийн хүүхдүүд хулгайд гар утас болон бусад эд зүйлсээ алдсан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн байна.

Нөгөөтэйгүүр оюутнууд сургалтын төлбөрөө бэлнээр хийхээс гадна хөдөө орон нутгаас ирсэн хөгшид, хүүхдүүд халаасны хулгайн талаар мэдээлэл тааруу байдгийг хулгайчид олзолдог аж.

Халаасны хулгайн гэмт хэргийн статистик тоо баримтаас дурдвал 2020 оны эхний долоон сарын байдлаар нийслэл хотын хэмжээнд халаасны хулгайн гэмт, хэрэг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 1714 бүртгэгдсэн байна. Үүнд цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулахад гэмт хэргийн шинжтэй 1040, зөрчлийн шинжтэй 674 гомдол мэдээлэл бүртгэгджээ. 

57 УДААГИЙН ҮЙЛДЛЭЭР ИРГЭДЭД 88.1 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛСАН

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.ГАНБАЯР:

Одоо цагт их хэмжээний бэлэн мөнгө цүнхлээд явдаг хүн ховор болсон. Бүх зүйлс цахимжиж иргэд интернэт банк, мобайл банкаар гүйлгээ хийдэг болсон учраас халаасны хулгайчид өндөр настнуудыг онилдог болсон. Тэтгэвэр буудаг өдөр халаасны хулгайчид банкны ойр хавиар эргэлдэж өндөр настнуудын мөнгийг хулгайлсан тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн. Мөн оюутан, сурагчид нийтийн тээврээр зорчихдоо нөүтбүүкээ хулгайд алдсан хэрэг хэд, хэд гарсан.  Хулгайч нарын арга улам л нарийсч байна. Хулгайч нар хуучин гудамжид явж байгаад л хулгай хийдэг байсан бол тээврийн хэрэгсэл ашиглаж, хөл хөдөлгөөнтэй газар луу дөхөж зогсоод л хулгай хийчихээд яваад өгдөг болсон.

Хаана хэний анхаарал сарниж байна, хэн бэлэн мөнгөтэй байна гэдгийг судалж байгаад хулгай хийж байна. Нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрээр явж зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн байранд орогнож байхад нь баривчилсан. Уг этгээдүүд 57 удаагийн үйлдлээр иргэдэд 88.1 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Мөн уг этгээдүүдтэй ижил төстэй аргаар үйлдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эзэнгүй хэргүүд дээр холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.

ЖИЛД 19 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭД ЗҮЙЛ ХУЛГАЙД АЛДАГДДАГ

Цагдаагийн Ерөнхий газрын 2018 оны статистик судалгаагаар жилд 19 тэрбум төгрөгийн эд зүйл хулгайд алдагдаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Ингэж огцом өссөн шалтгаан нь нийгмийн суурь үзүүлэлт болох ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой гэсэн тайлбарыг хэлж байна. Хамгийн гол нь хулгайн эд зүйлийг хямд үнээр авдаг, хулгайг өөгшүүлдэг бүлэг этгээдүүд байгаа төдийгүй сүлжээ үүсчихсэнд асуудлын гол оршино. 

Ченжүүдээс гадна хулгайг өөгшүүлэгчид бол ломбардны үйлчилгээ эрхлэгчид. Хулгайчид буруу гараар олсон зүйлээ хамгийн түрүүнд ломбарданд тавьдаг. Улаанбаатар хотод 500 гаруй ломбард үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нэлээд их хэмжээний мөнгө эргэлддэг гэсэн тооцоо бий. Ийн хаа сайгүй хулгай нүүрлээд буй цөвүүн цагт иргэд өөрсдөө л сонор сэрэмжтэй байж, эд зүйлээ алдахаас урьдчилан сэргийлэхээс өөр сонголт байхгүй. Тэрчлэн хулгайн гэмт хэрэг 14-60 насныхан дунд зонхилж байгаа нь эр, эм, хөгшин залуугүй хулгайчид болсныг илтгэх аж. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж