БНСУ-ын шинэ парламент түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй болсон юм. Нийт 300 хууль тогтоогчийн 19 хувь буюу 57 нь эмэгтэй гишүүн бөгөөд тэр дунд сөрөг хүчний Шударга ёс намын гишүүн 29 настай Рю Ху Жон нь Үндэсний Ассамблейн хамгийн залуу гишүүнээр нэрлэгдэж байна. Энэ сарын эхээр Рю Ху Жон Ассамблейн чуулганд ягаан өнгийн богино даашинзтай ирж, олныг талцуулсан нь зөвхөн солонгосчууд төдийгүй олон улсын анхаарлыг татсан билээ.
Түүнээс хойш хүмүүс Рю Ху Жоны талаар сонирхох болсон юм. Тэрбээр 20-иодхон насандаа Шударга ёс намд элсэн, өндөр албан тушаал хашиж байсан, оюутан байхдаа цахим тоглоомд донтсон, ажилчдын эрхийг хамгаалж явсан зэрэг сонирхолтой амьдралтай бүсгүй аж. Тиймээс “Хүмүүс” буландаа БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн залуу гишүүн Рю Ху Жонгийн тухай онцолж байна.
Товч намтар
Нас: 1992 оны наймдугаар сарын 9-нд төрсөн, 29 настай (солонгос нас)
Боловсрол: Ихуа охидын их сургуулийн нийгэм судлалын тэнхмийг баклавр зэрэгтэй төгссөн.
Мэргэжил: Ажилчдын эрхийг хамгаалагч, улс төрч
Шашин: Паган буюу бурхангүй шашин
Нам: Шударга ёс нам
Төрөлх хот: Чанүон хот, Кёнсаннам дүүрэг
Оршин суугаа хаяг: Соннам хот, Кёнги дүүрэг, Бүндан хороо
Туршлага: Смайлгейт Мобайл IO төлөвлөгөөний баг
Ардчилсан үйлдвэрчний эвлэлийн химийн бодис, даавуу, хүнсний холбооны суртал ухуулга, олон нийттэй харилцах албаны менежер,
Шударга ёс намын Соннам хотын хорооны орлогч дарга,
Шударга ёс намын Кёнги дүүргийн эмэгтэйчүүдийн хорооны дарга,
Шударга ёс намын мэдээлэл технологийн салбарын хөдөлмөрийн тусгай хорооны дарга
Холбоосууд: Фейсбүүк, Инстаграм, Твиттер, Юүтүб
Цахим тоглоомчин
Рю Ху Жон Ихуа охидын их сургуулийн нийгэм судлалын ангид сурч байхдаа Класс Ихуа цахим тоглоомын клубын дарга, Үндэсний коллежуудын цахим спортын холбооны ерөнхий нарийн бичиг байжээ. Мөн тэрбээр 2014-2015 онд Инноспарк цахим тоглоомын компанитай хамтран ажиллаж, League of Legends тоглоомд эмэгтэйчүүдийн лиг бүрдүүлэн тоглодог байсан ажээ.
Тэрбээр Africa TV, Twitch хэмээх хоёр платформ дээр League of Legends, Overwatch, Heroes of the Storm, Hearthstone зэрэг тоглоом тоглож буйгаа шууд дамжуулдаг байжээ. Гэвч түүний тоглоом, тоглоомтой холбоотой мөнгөний асуудлууд олны шүүмжлэлд өртсөнөөр Рю Ху Жон албан ёсоор уучлалт гуйж, тоглолтын бичлэгүүдээ цахим орчинд үлдээлгүй бүгдийг нь устгасан байна. Мөн БНСУ-ын Үндэсний ассамблей өнгөрсөн оны зургадугаар сард цахим тоглоомын зөрчилтэй холбоотой хууль баталсан юм.
Ажлын гараа
Сургуулиа төгсөөд тэрбээр цахим тоглоомын "Смайлгейт "компанид төлөвлөлт, маркетинг ажилтан, мөг тоглогч зэрэг олон ажил хийж байжээ. Гэвч удалгүй "Смайлгейт" компанид ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудал үүсч, Рю Ху Жон гэрч болжээ. Түүний мэдүүлснээр компанийн удирдах албан тушаалтан нь эмэгтэй ажилчдынхаа хацар, мөрөнд дураараа хүрдэг байсан боловч хэн ч гомдол гаргадаггүй байсан аж. Удалгүй том хэрэг мандаж, гэмт хэрэгтэн гурван сар саатуулагдаж, хохирогч нь төрийн хамгаалалтад орж байжээ. Улмаар "Смайлгейт" компани өмнөх шигээ байхаа больж, удалгүй Рю Ху Жон ажлаасаа гарсан байна.
Ажилчдын эрхийг хамгаалагч
"Смайлгейт" компаниас гарсны дараа "Пангё" технологийн нэгдэл ажилчдын эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнүүлж, түүнд химийн бодис, даавуу, хүнсний холбооны суртал ухуулга, олон нийттэй харилцах албаны даргын суудал санал болгожээ. Шинэ ажилдаа орсон Рю Ху Жон олон нийтэд хандан ардчилал, бэлгийн чиг баримжаа, ажилчдын эрх зэрэг асуудлаар контент бэлдэж, цахим сүлжээнд байршуулах болсон байна. Тэрбээр албаныхаа 40-хөн дагагчтай фейсбүүк хуудсыг хөтлөн, богино хугацаанд дагагчдын тоог 7800 болгож байжээ.
Улс төрд хөл тавьсан нь
Рю Ху Жон удалгүй Шударга ёс намд элсэж, Соннам хотын хорооны орлогч дарга, Кёнги дүүргийн эмэгтэйчүүдийн хорооны дарга, Мэдээллийн технологийн салбарын хөдөлмөрийн тусгай хорооны дарга зэрэг албан тушаалууд хашсан аж.
Тэрээр 21-р Үндэсний Ассемблейн сонгуульд пропорциональ төлөөлөл болж нэр дэвшихээ зарласан нь тухайн үедээ багагүй шуугиан тарьжээ. Нэр дэвшихдээ Рю Ху Жон цалингийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх, хөдөлмөрийн стандартын тухай хуульд заасан ялгаварлан гадуурхалтын эсрэг стандартыг чангатгах, аавуудад амралт олгодог болгох, өрх толгойлсон ганц биечүүд, олуулаа амьдардаг гэр бүлүүд, залуучуудын татварыг хөнгөлөх, өөрчлөх зэрэг амлалт өгсөн байна.
Холбоотой мэдээ