"Бидний ойрын зорилго бол олимпийн наадамд оролцох" | News.MN

"Бидний ойрын зорилго бол олимпийн наадамд оролцох"

"Бидний ойрын зорилго бол олимпийн наадамд оролцох"

"Бидний ойрын зорилго бол олимпийн наадамд оролцох"

Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит бус хурлаар хэлэлцэгдэж, тус хороонд шинээр гишүүнээр элссэн, Монголын сквош теннисний холбоог үүсгэн байгуулагч, өдгөө Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж буй О.Алтанхуягтай ярилцлаа. Тэрбээр 1988-1993 онуудын хооронд Киевийн биеийн тамирын дээд сургуулийг талбайн теннисний багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. 


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Теннистэй амьдралаа хэзээнээс холбов? 

-30 жил болж байна. Одоогоор МУБИС-ийн боловсролын удирдлагын докторантурт суралцаж, теннисний спортын төрлүүдийн ерөнхий хөтөлбөр, судалгааны ажил хийж байна.

-Анх хэрхэн сквош теннисний спорттой холбогдсон бэ? Киев хотод сурч байхдаа энэ спортын талаар анх сонсож байв уу?

-1989 онд Киевд оюутан байхдаа талбайн теннисний мэргэжлийн багш, дасгалжуулагч болохын тулд энэ спортоос салбарлан гарсан теннисний төрлүүдийг судалж эхэлсний дотор сквош теннис багтаж байсан. Тухайн үед Украин улсад ч сквош теннисний спорт хөгжөөгүй, шинээр нэвтэрч байсан юм. Жижиг бэлтгэлийн заалныхаа ханатай харилцаж, сквош теннисний анхны мэдэгдэхүүн олж авч байлаа.

-Манай уншигчдад сквош теннис гэхээр их шинэлэг сонсогдож магадгүй. Та энэ спортын талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Хүмүүсийн дунд танхимын теннис, хананы теннис гэх ойлголтууд байдаг. Гэвч сквош теннис гэдэг нэршил нь бөмбөгнөөсөө үүсэлтэй. Анх Английн ахлах сургуулийн сурагчид ангийнхаа ширээ сандлыг гаргаж, ханатай тоглож, үүнийг нь багш нар нь ихэд сонирхон, бага орон зайд идэвхитэй хөдөлгөөн хийх боломж гэж хүлээн авсан. Нэг ангид хананд нь давуулалтын шугам, хажуугийн болон арын шугам хийсэн. Цаг хугацааны эрхэнд цохиур, бөмбөг нь өөрчлөгдсөн. Бөмбөгөө цохиураар хананд хүчтэй савалттай цохиж, шаланд мөн үрэлт үүснээр каучук резинээр бүтсэн бөмбөг халж ойлт сайжирсанаар тоглоход бэлэн болно. Ингэж бөмбөгөө халааснаар шал, хананд сайн ойдог. Скуаш нь англиар хавчуулагдсан, шахагдсан гэсэн үг.

-Монголд сквош теннисний холбоо хэзээ байгуулагдсан бэ?

-2009 оны тавдугаар сарын 12-нд сквош теннис сонирхдог ойлгодог хүмүүстэй санал солилцсоны үндсэн дээр холбоогоо миний бие өөрөө байгуулсан. 2010 онд улсын бүртгэлд бүртгүүлж, тамга тэмдэг, гэрчилгээгээ авсан. Орос болон Хятад улсуудад 2000 оны эхэн үеэр энэ спорт эрчимтэй хөгжиж эхэлсэн. Хоёр хөрштэйгөө хөл нийлүүлэн алхахын тулд яах аргагүй 2010 онд холбоогоо байгуулсан. Дэлхий даяар сквош гэж нэрлэдэг тул холбоогоо Монголын сквош теннисний холбоо гэж нэрлэсэн. Энэ тал дээр хэл шинжлэлийн хүмүүстэй ярилцаж зөвлөгөө авсан. Хүмүүс англиар скуаш гэж дуудлагаар нэрлэх тохиолдол байдаг учраас албан ёсоор сквош теннис гэж цаашдаа нэрлэж, софт теннис, газрын теннис, ширээний тенниснээс ялгаж өгсөн. Мөн түрүүн хэлсэнчлэн танхимын теннис гэж нэрлэх тохиолдол бий.

-Эхэн үедээ Монгол Улсад сквош теннисний зориулалтын заал, танхим байгаагүй байх. Тэр хугацаанд хэрхэн бэлтгэл сургуулилтаа хийж байсан бэ?

-Анхандаа сквош теннист зориулсан барилга байгууламж, нөөц бололцоо байгаагүй л дээ. Харин 2010 оны эхээр Скайтел компанийн Оранж төвд сквош теннисний ганц талбай баригдаж, тэнд бэлтгэл, сургуулилт хийх боломжтой болсон. Улмаар 2016 Энканто спорт төвд дэлхийн стандартад нийцсэн хоёр талбай нээгдэж, миний бие тэнд урилгаар дөрвөн жил багшилж, хажуугаар нь холбооныхоо үйл ажиллагааг эрчимжүүлсэн. Холбооны маань ихэнхи гишүүд залуучууд байдаг учир ажиллахад урамтай, их сайхан байдаг.

-Анх хэзээнээс эхлэн олон улсын тэмцээн уралдаануудад оролцож эхэлсэн бэ? Олон улсын холбоондоо гишүүнээр элссэн үү?

-2016 оноос холбооныхоо үйл ажиллагааг эрчимжүүлж, дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцох урилга хүлээн авсан. Тухайн үед манайх Азийн сквош теннисний холбоонд нэгдэх гээд бэлтгэл ажил, бичиг цаасны ажлаа зохицуулж байсан юм. Анх Малайз улсын Куала Лампур хотод зохион байгуулагдсан дэлхийн томоохон тэмцээнд А.Уянга, Э.Энх-Учрал гээд хоёр унаган шавийгаа гурван сар бэлдэн оролцож анхны шанг татаж байлаа. Үүнийхээ дараа Энканто төвд 6-8, 8-10, 10-12, 12-14, 14-18 гээд таван насны ангиллаар хүүхдүүдийг бэлтгэж эхэлсэн. Бэлтгэл сургуулилтаа тасралтгүй сайн хийж байсан учир дотоод, гадаадад тэмцээнд оролцож туршлага судлах, өрсөлдөөн бий болгохын тулд зайлшгүй олон улсын сквош теннисний холбооны гишүүн орон болох шаардлага бий болсон. Олон улс болон Азийн сквош теннисний холбоонд элсэхийн тулд дотооддоо таван насны ангиллаар хүүхдийн тэмцээн, насанд хүрэгчдийн дунд, олон улсын нөхөрсөг тэмцээн тус бүр зохион байгуулах шаардлагатай болсон. Энэ хүрээнд анх хүүхдийн УАШТ таван насны ангиллаар, мөн сонирхогчдын УАШТ зохион байгуулж байлаа. Харин насанд хүрэгчдийн тэмцээнд миний санаж байгаагаар 86 хүн оролцож байсан. Дөнгөж байгуулагдсан холбоо гэхэд энэ бол том тоо шүү. 2017 онд УАШТ-ээ зохион байгуулснаас хойш жил болгон УАШТ зохион байгуулах шийдвэрт хүрсэн. “Элчин-2017” гээд Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамдын дунд олон улсын нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан. Нийт 15 элчингийн 36 хос оролцсон. Энэ жил зохион байгуулах байсан ч цар тахлын улмаас хойшлууллаа. 2018 онд Азийн сквош теннисний холбоонд гишүүнээр элсэх хүсэлтээ хүргүүлсний дараагаар манай холбоо ажиглагч гишүүнээр сонгогдож, төд удалгүй үндсэн гишүүн болсон. Харин 2019 онд олон улсын сквош теннисний холбоонд гишүүнээр элссэн.

 2019 онд анх холимог хосын тэмцээнээ зохион байгуулж аваргуудаа тодруулж, чансаагаа гаргасан.

-Анхны баг тамирчдаа хэрхэн бүрэлдсэн бэ?

-2017 онд зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон залуусаасаа сонгон шалгаруулж анхны улсын шигшээ байгуулж байлаа. Жакартад зохион байгуулагдсан Азийн наадамд манай шигшээ багийн хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин оролцсон. Анхандаа олон улсын тэмцээнд оролцох нь чухал байсан бол одоо суурь судалгаа хийн, хөтөлбөр гарган, үүнийхээ дагуу бэлтгэл сургуулилтаа хийн амжилт гаргахыг зорьж байна.

-Та манай уншигчдад болон сквош теннис сонирхож буй хүүхэд залуучуудад энэ спортын давуу талыг сонирхуулахгүй юу. Их л хурд хүч шаардсан, өрсөлдөөнтэй спорт шиг харагдаж байсан?

-Англи хэлтэй улс орон бүрийн ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрт сквош теннис багтсан байдаг. Заавал мэргэжлийн тамирчин болох гэхээсээ илүү хүүхэд багачууд хөдөлгөөний хомсдолт ороод буй энэ үед бага зайд эрчимтэй хөдөлгөөн хийхэд тус дэм болно. Мөн дээрээс нь мэргэжлийн тамирчин болно гэхгүйгээр их сургуульд тэтгэлэгтэй элсэн орох боломж байдаг. Кембриж, Йэль, Харвард зэрэг дэлхийн том их сургуулиуд сквош теннисний багтай, оюутны лигтэй. Хэрвээ үнэхээр чи авьяастай, чадвартай бол чамд тэдгээр сургуулиудад тэтгэлэг олдоно. Ер нь хүүхэд багачууд, залуучууд гэлтгүй бизнесийн хүрээнийхэн ялангуяа банк санхүүгийн бизнесийн төлөөлөл, оюуны хөдөлмөр эрхэлдэг бүх хүмүүс тоглоход тохиромжтой. Сквош теннисийг жинхэнэ жентльмен спорт гэж ярьдаг. Хүндлэх, мэндлэх ёс, ёс зүй их шаарддаг. Сквош теннисээр хичээллэх үеэрээ ч бизнесийн уулзалтуудыг зохион байгуулдаг. Жишээлбэл, Англи, АНУ, Австрали болон Азийн улс орнуудад сквош теннис тоглонгоо клубын зарчмаар эрүүл мэнддээ анхаарахын сацуу яриа хэлэлцээр хийдэг.

Нэг цаг хичээллэхэд 1000-1200 ккал шатаадаг. Дэлхий дээрх хамгийн их ккал шатаадаг спорт.

-Сквош теннисээр хичээлснээр оюуны стресс алжаалаа тайлж, тоглосны дараа тулгарсан асуудлаа өөр өнцгөөс харах, шийдвэрлэх боломжуудыг илүү өргөнөөр эрин хайх, мөн хурдан хугацаанд зөв шийдвэр гаргах дадал зуршлыг суулгадаг.

-Сквош теннисний тоглолтын төрөл болон дүрмийн тухайд? 

-Сквош теннис таван төрлөөр явагддаг. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй дан хос, холимог хос зэрэг төрлүүдтэй. Харин дүрмийн тухайд нүүрэн хананд ташуу, газарт бөмбөгөө нэг ойлгоно. Түрүүн хэлсэнчлэн жентльмен спорт учраас өрсөлдөгчдөө цохих орон зай, боломжийг олгож, мөн аюултай тоглолт буюу хэтэрхий хамж өрсөлдөгчдөө боломж олгохгүй бол алдаа гэж үздэг. Өөрөө цохисон бол өрсөлдөгчдөө цохих боломжийг нь олго. Ийм л энгийн.

-Энэ жил Монгол сквош теннисний холбоо ямар төлөвлөгөө, зорилготой байв ? Коронавирус гээд төлөвлөсөн ажлууд тань хойшлогдож, зарим нь цуцлагдсан гэж сонссон.

-Бидний энэ жилийн гол зорилго Япон улсын Кансай хотод зохион байгуулагдах байсан “Дэлхийн мастеруудын тэмцээн” байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон. Дараа жил Токиогийн олимпийн өмнө, эсвэл дараа нь зохион байгуулагдах байх. Мастеруудын тэмцээнд 40-45, 50-55, 60-65 гэсэн гурван насны ангилалд оролцохоор бэлтгэж байна. Энэ төрлийн тамирчдаа ч сайн бэлтгэж байгаа. Дэлхийн мастеруудын тэмцээн гурван үе шаттай явагддаг. Үүнд нь анхан буюу сонирхогчдын, дунд, ахисан түвшний гэсэн шалгуураар ордог. Манай тамирчид анхан болон дунд шатанд нь оролцохоор бэлтгэж байна.

Сквош теннис 2012 оны Лондон, 2016 оны Рио де Жанейрогийн зуны олимпийн төрөлд багтах байсан боловч яг урдуураа таслуулсан. Харин 2024 оны Парисын олимпийн наадамд шинээр оролцох хамгийн өндөр магадлалтай спортоор нэрлэгдэж байна.

-Монгол Улсад сквош теннисээр хичээллэдэг тамирчид болон шүүгчид, дасгалжуулагчдын нөөц бололцоо хэр байдаг вэ? Энэ тал дээр танай холбоо ямар арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна?

-Харьцангуй залуу холбоо тул эхлээд боловсон хүчин, стандартын заал танхим шаардлагатай. Тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг мэргэжлийн түвшинд бэлтгэх хэрэгтэй байна. Үүний тулд туршлага судлах журмаар олон улсын сургагч багш өнгөрөгч нэгдүгээр сард манай улсад ирж хамтарсан бэлтгэл хийж, ажилласан. Гадны дасгалжуулагчид урьж авчрахаас гадна дотоодын биеийн тамирын дээд сургуульдын нөөц бололцоог ашиглан сквош теннисний анги, түүнийгээ дагаад шүүгч, багш, мэргэжилтнүүдийг бэлтгэх төлөвлөгөөтэй байна. Цаашлаад заал танхимын хувьд ч гэсэн ЕБ сургуулиудын спорт заалны нэг ханыг түшиглэн эсрэг талд нь хаалт босгон биеийн тамирын хичээлийн төрөлд оруулах боломжтой. Авьяаслаг, ирээдүйтэй сурагчдыг сонгон шалгаруулан холбоон дээрээ нэгдсэн бэлтгэлд хамруулж, боловсон хүчнээ бэлтгэх зорилготой. Сквош теннис, талбайн теннис, ширээний теннис, бадминтон зэрэг теннисний төрлүүдээр хичээллэж байгаа, хичээллэхийг сонирхож байгаа хүүхэд залуучуудын дунд таниулах тэмцээн, өдөрлөг зохион байгуулах, мөн спорт холбоодууд болон аж ахуй, иргэн хамт олны дунд тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулах боломжийг ирээдүйд олгоно. Яах вэ, сквош теннисний хувьд Монголдоо бусад теннисний төрлүүдээ бодвол илүү залуу, хожуу хөгжиж байгаа тул энэ спортоор анхлан хичээллэх тамирчдад илүү их боломж гарч ирнэ л дээ. Бусад спортоор амжилт гаргахгүй, сайжрахгүй, багийн тоглолтоос сэлгээнд суудаг тамирчдад сквош бол бүгдийг шинээр эхлэх алтан боломж.

Монголын сквош теннисний холбоо нь олон улсын сквош теннисний холбооноос дотооддоо шүүгчийн анхан, дунд шатны сургалт болон туслах багш, мэргэжилтэн бэлтгэх албан ёсны эрхээ авчихсан байгаа.

-Одоогоор Монголд хэд орчим тооны бүртгэлтэй сквош теннисний спортоор хичээллэдэг сонирхогчид, тамирчид байна вэ?

-Монголд сквош теннисээр хичээллэдэг тамирчдын дунд чансаа тогтоосноор яг одоогийн байдлаар энэ спортоор хичээллэдэг, сонирхдог гурван мянга гаруй бүртгэлтэй хүн байна. Хөдөө орон нутагт сквош теннис таниулж, хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Манай холбоогоор дамжуулж гадны тэмцээн уралдаанд оролцох боломж үргэлж нээлттэй байдаг. Гэхдээ бид M1 эхлэн хичээлгчид, M2 дунд шат, М3 ахисан шат гэсэн түвшингөөр цаашдаа тамирчдын ур чадварыг ангилж, олон улсын тэмцээн уралдаанд оролцуулах болно. Дэлхийд сард дор хаяж нэг олон улсын чанартай тэмцээн энэ бүх ангилалд зохион байгуулагддаг.

-Дэлхий, олон улстай харьцуулахад манай улсын сквош теннисний хөгжил ямар шатандаа явж байна ? 

-Хоёр хөршөөрөө баримжаа авч хөгжлөө тодорхойлдог байсан бол одоо бид Азийн улс орнуудаас туршлага судалж байна. Дэлхийн чансаанд Азиуд толгой цохиж байна. Ялангуяа аялал жуулчлал өндөр хөгжсөн Египет дэлхийн чансаанд дээгүүр бичигдэж байна. Аялал жуулчлал нь эрчимтэй хөгжихийн хирээр Европын баячууд, бизнесменүүдийн тоглодог сквош гэдэг энэ спортыг хөгжүүлээд ирсэн. Томоохон буудал болгонд нь сквош теннисний танхим, талбай байрлаж байдаг. Дотооддоо ч олон клубууд тамирчидтай дотоодын өрсөлдөөн сайтай улс. Ерөнхийлөгч асан Хосни Мубарак нь ч хүртэл сквошийн улаан фанат байсан. Дэлхийд “Англи школ”, “Египет школ” гээд тоглолтын арга барил байдаг. Манайд ч гэсэн системтэй, урт хугацаанд бэлдвэл өөрсдийн гэсэн “школ” бий болгож өрсөлдөх бүрэн боломжтой.

-Монголын үндэсний олимпийн хороонд саяхан гишүүнээр элслээ. Өмнө нь гишүүнээр элсэхэд юу саад болдог байв?

-Монголын үндэсний олимпийн хороонд элсэх хүсэлтээ 2018 оноос хойш хүргүүлээд хүлээж байсан. Тэгээд хорооны хурлын үеэр спортоо танилцуулаад, сурталчлах үеэр хөдөө орон нутгийн гишүүд манай спортыг үнэндээ сайн ойлгоогүй мэдэээлэл хомс байсан. Иймд дэмжээгүй. Үүний дагуу SPS телевиз, Энканто спорт төв хамтран сквош теннисийг бүх орон даяар суртачлах гурван цуврал теле хичээлүүдийг бэлтгэж, сая тавдугаар сард цацагдлаа.

-Танай холбоонд одоогоор ямар хүндрэл, саад бэрхшээлүүд тулгарч байна? Заал, танхимын хүрэлцээ муу байгаа гэж дуулсан л даа.

-Яг тийм. Манай улсад сквош теннис хөгжихөд ганц хүндрэл байгаа нь сквош теннисний дэлхийн стандартад нийцсэн спортын барилга байгууламж. Улсын, хувийн секторт олон барилга баригдаж байгаа ч эзэнгүй хэвээр байна. Үүнийг оновчтойгоор ашиглаж, Монгол Улсынхаа иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх үндсэн зорилгод нийцүүлж төр ба төрийн бус, бизнесийн түншлэлийн хүрээнд ажиллах ёстой юм. Барилга байгууламж хүрэлцээтэй байж, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Австрали, Япон, Пакистан зэрэг сквош теннис өндөр хөгжсөн орнуудын сайн дурын ажилтнуудыг эх орондоо хүлээн авна шүү дээ. Мэргэшсэн дасгалжуулагч урьж авчран, өөрийн оронд тохирсон системтэй, хөтөлбөр бэлтгэж, ирээдүй хойч үеэ бэлдэж байж л том амжилтанд хүрнэ. Мөн үүнийг ойлгодог үндэсний болон хувийн хэвшлийн хамтран ажиллах ивээн тэтгэгчтэй байж аливаа спортын төрөл хөгжлийн шатандаа ордог. Нэг олимпийн мөчлөг өнгөрөхөд л манай таван насны ангилалд сквош теннисний хөгжил өөр болно. Яг 8-10 жил тууштай бэлдэх чухал.

-Цаашдаа танай холбоо ямар ажлуудыг хийх вэ? Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн боллоо. Одоо илүү өргөн бүрэлдэхүүнтэй ажилллах уу?

-Манай холбоо жил болгон 4-6 тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Олон улсын болон Азийн холбоо ч онлайнаар хурлаа зохион байгуулж, цаашдын тэмцээнүүдийн төлөвлөгөөг энэ цаг үетэй уялдуулж төлөвлөж байна. Холбооны мааны ойрын төлөвлөгөө гэвэл цаашдаа 21 аймаг, есөн дүүрэг, гурван хотод салбар зөвлөлтэй болох. Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн Баянзүрх, Хан-Уул, Баянгол зэрэг гурван дүүрэгт нь салбар зөвлөлөө байгуулахаар санал солилцсон байгаа. Дотооддоо харилцаагаа бэхжүүлчихсэн байхад олон улсын тэмцээн уралдаан шигүү хуваарьтай зохион байгуулагддаг. Тэндээсээ аль тохиромжтой, чанартай, өндөр чансаатай тэмцээнд үе шаттайгаар оролцох болно. Монгол теннисний төрлөөр олимпийн наадамд оролцсон түүх байдаггүй шүү дээ. Бидний ойрын зорилго бол сквош теннисээр олимпийн наадамд оролцох, анхдагч болох. Хэдий хожуу хөгжсөн ч цагаан хуудсаар оролцох боломж нээлттэй. Зөвхөн оролцох бус өрсөлдөөн үзүүлж, дэлхийн тавцанд гарах ёстой. Одоогийн залуу үеэ сайн бэлдэж чадвал найман жилийн дараа гэхэд ямар ч олон улсын чанартай тэмцээнд “нүүр хагарчихсан” ороод эхний шилдэг наймд Азидаа цаашдаа дэлхийд өөрсдийгөө тунхаглахыг гол зорилгоо болгож ажиллана.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Хөгжиж буй холбоогоо төлөөлж, хэлэх үг танд байна уу?

-Монголд теннисний спортын төрлүүдийг гаргаж ирэхийн тулд төр, төрийн бус байгууллага, бизнес түншлэлүүдийн хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй байна. Манай холбоо бол эхний ээлжинд өөрсдөөсөө хамаарах, шаардагдах бүхий л зүйлсээ хийнэ. Харин түүний дараа дэмжлэг хэрэгтэй байна. Сонирхуулахад, сквош теннисний спортыг дагаж, бизнесийн 28 төрлийн үйл ажиллагаа идэвхижиж, цэцэглэн хөгждөг. Хэрвээ бидэнтэй хамтран ажиллавал 5-10 жилийн дараа юунд хөрөнгө оруулснаа хараад баярлаж бахархана шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж