Беларус руу таван жил нэвтрэхгүй гэсэн хар тамга даруулсан Оросын сэтгүүлчдийн паспортыг Беларусийн холбогдох байгууллага санаатай гэмтээж, ашиглах аргагүй болгосон хэмээн ОХУ-ын Дотоод хэргийн яам мэдээллээ.
ОХУ-ын Засгийн газраас баталсан ОХУ-ын иргэний паспортын байдал, паспортын загварын тухай журмын 6-д зааснаар паспорт дээр ямар нэг тэмдэглэгээ хийх, үг бичих хориотой байдаг. Тэмдэглээ хийгдсэн, үг бичигдсэн паспортыг шууд хүчингүйд тооцдог.
Беларуст болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус улсад сурвалжлага хийж байсан Оросын хэдэн сэтгүүлчийг Беларусын тал баривчилсан бөгөөд хэсэг хугацааны дараа суллахдаа тэдгээр сэтгүүлч таван жилийн хугацаанд Беларус улс руу хилээр нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргасан. Эдгээр сэтгүүлчийн паспорт дээр таван жил орохыг хориглоно гэсэн тэмдэглэгээ хийжээ.
“Гэхдээ сэтгүүлчдийн өөрсдийн буруугаас болж паспорт нь хүчингүй болоогүй учраас тэдэнд захиргааны хариуцлага хүлээлгэхгүй” хэмээн Дотоод хэргийн яам мэдээллээ.
"Россия сегодня" агентлагийн гэрэл зурагчин Илье Питалеве, Znak.com сайтын сэтгүүлч Никита Телиженко, "Медуза" сайтын сэтгүүлч Максим Солопов нарын сэтгүүлч Беларуст баривчлагдсан.
Холбоотой мэдээ