ТБХ: Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв | News.MN

ТБХ: Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

ТБХ: Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.26) хуралдаан гишүүдийн 52.6 ирцтэйгээр 10 цаг 36 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг санхүүжүүлнэ

Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хуралдааны эхэнд зөвшилцөв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Монгол Улсад КОВИД-19 цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 2020-2023 оны хооронд 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулах, бичил бизнес эрхлэгчдэд хөдөмөрийн зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн коронавируст цар тахлын тархалтын улмаас шаардлага хангасан даатгуулагчдыг шимтгэл төлөх үүргээс түр хугацаанд чөлөөлж байгаатай холбогдуулан НДСанд үүсэх санхүүгийн хэрэгцээний зохих хувийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлнэ хэмээн Сангийн сайд танилцуулав.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, Үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.

Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь 84.6 хувийн саналаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжсэн бөгөөд энэ талаарх санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд гишүүд үг хэлж, асуулт асууж, санал гаргах шаардлагагүй хэмээн үзэн юм. Иймд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т “Нэг хуулийн төслийг хэд хэдэн Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргахаар хууль тогтоомжид заасан бол тэдгээр нь хуралдаанаа тус тусдаа зохион байгуулж, санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ” гэж заасны дагуу Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулсан. Нийгмийн бодлогын байнгын хорооны холбогдох хууль, тогтоолын төслийг хийсэн талаар санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нар тус тус танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль бүрийг заалт тус бүрээр хэлэлцсэн юм. Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан нийслэл дэх нийтийн тээврийн шинэчлэлийн талаарх арга хэмжээний зорилт, төлөвлөгөө, хэрэгжилтийн явц, эхэн үеийн үр ашиг, хэтийн тооцооллын талаар мэдээлэл өгч, тайлбарлаад энэ арга хэмжээний хүрээнд орж ирсэн автобус, бусад тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх боломжийн талаар холбогдох албан тушаалтнуудаас тодруулж хариулт авав. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Тухайлбал, төслийн хоёрдугаар зүйлийг “Энэ хуулийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжив. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах тухай Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжсэн, харин Ажлын хэсэг дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг буцаахыг дэмжээгүй юм. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Уг төслийг төсөл санаачлагчид нь буцаах Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг Төсвийн байнгын хорооны гишүүд дэмжээгүй. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 7 дүгээр зүйлтэй холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар, Ажлын хэсгээс ирүүлсэн найруулгын шинжтэй саналуудаар тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэсэн.

Ийнхүү Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн талаар нарийвчлан тусгасан байдаг. Хуулийн дагуу төсвийн төслийг Улсын Их Хурлын бүх Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцсэн. Ингээд бусад Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүдийн гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг санал, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар тус тус танилцуулсан бол Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Жавхлан гишүүн танилцуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг танилцуулав.

Үргэлжлүүлэн Б.Жавлан гишүүн төсвийн тодотголын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг танилцууллаа. Байнгын хорооны 2020 оны 3 дугаар тогтоолоор байгуулагдсан тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан ахалж, бүрэлдэхүүнд Ц.Анандбазар, С.Амарсайхан, Х.Баделхан, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж нарын гишүүд ажиллаж байгаа гэв. Ажлын хэсэг нийт хоёр удаа хуралдаж, Монгол Улсын төсвийн тодотголтой холбогдуулан Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн шинжилгээний албанаас ирүүлсэн зөвлөмж, дүгнэлт, тодотголтой танилцжээ. Сангийн яамнаас төсвийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний дэлгэрэнгүй судалгааг гаргуулан авч танилцсан байна. Төсвийн байнгын хороо болон Ажлын хэсэгт Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлаар бусад Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүн, төрийн болон ТББ-аас албан бичгээр ирүүлсэн санал бүрийг судалж, санал дүгнэлтээ гаргасан болохыг Б.Жавхлан гишүүн танилцуулгадаа дурдав.

1.Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай бол мөн хэмжээгээр бууруулах зарчмыг баримтлан Засгийн газрын өргөн мэдүүлсэн түвшинд нь төсвийн орлого, зарлагын хэмжээг барьж, төсвийн орлого, зарлагын бүтцэд нь тодорхой өөрчлөлтүүдийг оруулж батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

2.Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлж, үр ашиггүй, гүйцэтгэл нь удаашралтай байгаа зарим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бууруулах замаар нэмэлт эх үүсвэрийг бий болгож зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагатай 2020 оны гүйцэтгэлтэй нь уялдуулж, зарим төсөл, арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх саналыг төсөлд тусгахаар шийдвэрлэлээ.

3.Төсвийн ерөнхийлөн захирагчдын багц дахь урсгал зардлын хэмжээг өнгөрсөн оны түвшинд нь барьж, хууль тогтоомжоор зардал нь нэмэгдэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа төсвийн зарим ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг тодорхой түвшинд нэмэгдүүлэхээр боллоо.

4.Улсын Их Хурлын гишүүд болон төсөвт байгууллагуудаас зардал бууруулах эх үүсвэр нь тодорхойгүйгээр урсгал болон хөрөнгө оруулалтын зардал шууд нэмэгдүүлэхээр ирүүлсэн саналуудыг зарчмын зөрүүтэй саналын шаардлага хангахгүй тул санал хураалгах шаардлагагүй гэж үзлээ.

5.Эдийн засаг, нийгмийн үр ашгийг харгалзан салбарын бодлоготой нь уялдуулан зайлшгүй тусгах шаардлагатай эх үүсвэр тодорхой зарим төсөл, арга хэмжээг төсвийн тодотголын төсөлд шинээр тусгахаар шийдвэрлэсэн байна.

6.Ажлын хэсгээс Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороо болон төрийн байгууллагуудаас гаргасан саналуудыг нэгбүрчлэн судлаад, зайлшгүй тусгах шаардлагатай төсөл, арга хэмжээний зардлыг Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналд тусгасан тул бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан дээр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжих шаардлагагүй гэж үзсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулга болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харъяалагдах төсвийн ерөнхийлөгч захирагчдаас төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзэв. Үргэлжлүүлэн төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, гишүүдээс урьдчилан бичгээр ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тус бүрээр нь танилцуулж, нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Дараа нь Ажлын хэсгээс томъёолон бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Х 2020-08-26 121.113.82.238

Хүнд хэцүү үе гэж ярисан хэрнээ баахан авахгүй хаяхгүй төсөл хэрэгжүүлдэгээ болимоор байна. Ер нь ямар нэгэн төсөл хөтөлбөр болон төрийн мөнгө орсон ажил дээр хөндлөнгийн хяналт байнга тавьж баймаар байна. Тендер гэдэг нэрээр олон жил идлээ, төрийн өмчийн компаниуд нь тендер зарлахгүйгээр хийдэг болмоор байна. Ямар нэгэн ажлын үр дүнг, мөн чанарыг шалгадаг мэргэжилтэн нь чадалтай, мэдлэгтэй баймаар байна. Хэдэн төгрөг атгуулдаг бүх зүйл сайн болж дуусаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж