"Голомтод ажиллаж байгаа хүмүүсээ урамшуулж, дэмжих ёстой"

Хуучирсан мэдээ: 2020.08.26-нд нийтлэгдсэн

"Голомтод ажиллаж байгаа хүмүүсээ урамшуулж, дэмжих ёстой"

"Голомтод ажиллаж байгаа хүмүүсээ урамшуулж, дэмжих ёстой"

Шадар сайд Я.Содбаатар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцож КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.


УИХ-ЫН ГИШҮҮН СҮ.БАТБОЛД:
-Вакцин батлагдвал худалдаж авах, санхүүжилтийн асуудалд ямар бодлого барьж байна вэ. Гаднаас иргэдээ татаж авах тал дээр нөөц бололцоо хэр байна вэ?

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

-Би Шадар сайдын ажлаа аваад КОВИД-19 халдвартай тэмцэхэд шаардагдахад төсөв мөнгө хэр байгаа талаар ажлын хэсэг байгуулж ажилласан. УИХ –аас мөн Цар тахлын хууль гарсан. Энэ хүрээнд нийтдээ 380 гаруй тэрбум төгрөг хэрэгцээтэй гэж гарсан. үүн дотроос хүнсний хангамжтай холбоотой 244 тэрбум төгрөгийн хэрэгцээ шаардлагатай гэсэн дүн гарсан. 244 тэрбум төгрөгөөс ОБЕГ-ын бэлэн байдалтай холбоотой 70 орчим тэрбум төгрөгийг төсвийн бус эх үүсвэрээр шийдэхээр болсон. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй ялангуяа эрсдэлийн голомтод ажиллаж байгаа найман байгууллага бий. Эдгээр байгууллагад үүссэн өр мөн нэн шаардлагатай хөрөнгө оруулалт, материаллаг байдлыг шийдэхтэй холбоотой 130 гаруй тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгасан. Вакцины тухайд худалдаж авах чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн улсуудад туршигдаж байгаа 9 вакцин байгаа. Энэ дотроос манай хоёр хөрш вакцин хийсэн. Тиймээс дипломат харилцааны шугамаар хоёр хөршид хүсэлтээ тавьсан. ОХУ-аас энэ долоо хоногт манай улстай шууд харилцах байгууллагыг нэрлэж явуулна уу гэсэн бичиг надад ирсэн. Удахгүй хариуг нь явуулна.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:

-Манайхан хэт өөдрөг төсөөлөөд байгаа. Цар тахал ойрын жилдээ үргэлжилнэ гэж гаднын хэвлэлүүдээр мэдээлж байна. Вакцин гарлаа ч гэсэн түүнийг түгээхэд нэг жилийн хугацаа орно. Төсвийн тодотголд хилийн чанадад байгаа иргэдийг татан авах ажилд хэдэн төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бэ. Өөрсдөө төлбөрөө төлж чадахгүй иргэдэд ямар тусламж үзүүлэх вэ, хэдэн төгрөгийн төсөв суулгав. Хүйтрэхээс өмнө үлдсэн 15 мянган иргэнээ яаж авчрах юм бэ. Энэ талаарх төлөвлөгөөгөө танилцуулна уу.

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

-Цар тахал хэр удаан үргэлжлэхийг одоогоор мэдэх хүн алга. Ирэх оны эхний хагас хүртэл манай улсын хил гаалын асуудал хүндрэлтэй явах нь гэж төлөвлөж байгаа. Өнөөдрийн байдлаар өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарын 15-ныг хүртэл сунгасан. нөхцөл байдал хэрхэн өрнөхийг хэлж мэдэхгүй. Дэлхий нийтэд хоёр дахь давлагаа эхэлчихсэн. Гадаадаас иргэдээ татан авах ажиллагаанд төсөвт мөнгө суугаагүй. Мөн шууд төсвөөс гарч байгаа мөнгө нь маш бага. Иргэдээ гаднаас үе шаттай татаж байгаагийн шалтгаан нь дотоодын эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал дэд бүтцийн нөхцөл байдал, тусгаарлах байрны хүрэлцээ, эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан үзэж байгаа. Бүх иргэдээ авчрахыг хүсч байна. Гэхдээ эрсдэлийн үнэлгээгээ тооцож дотооддоо халдварыг алдахгүй байх нь хамгийн чухал. Зарим орнууд хээрийн эмнэлэгт иргэдээ тусгаарлаж дотроо халдвар алдсан тохиолдлууд ч байна. Гэхдээ бид эрчимтэй ажиллаж байна.

Зургадугаар сард 2000 гаруй иргэнийг, долдугаар сард 3000 иргэнээ татаж авсан. Энэ сард 4500 иргэнээ татаж авахаар ажиллаж байна. Таван нөхцөлийг хангах иргэдийн тоо нэлээд буурсан. Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан гэж бий. Энэ сангийн мөнгө дууссан учраас хандивын мөнгөнөөс 300 сая төгрөгийг нэмж өгсөн.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:

-Гадаад гацсан иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиглэлээр төсөвт суулгуулсан уу. Иргэдийн зүгээс ямар хүсэлтүүдийг тавьж байна вэ. Энэ талаар ГХ-ны сайд хариулт өгнө үү.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН:

-Өнөөдрийн байдлаар гаднын 54 оронд манай улсын 12 мянга 400 орчим иргэн ажиллаж, амьдарч байна. Тухайлбал, БНСУ-д 4540, Австралид 1180, АНУ-д 2433 хүн амьдарч байгаа талаар улс бүрээр тоог нь гаргасан. ГХЯ хилийн чанадад байгаа иргэн бүртээ хүрч ажиллах мөн иргэн бүрийг эх орондоо авчрах ажлыг бүх Элчин сайдын яамдад чиглэл өгсөн. Элчин сайдын яамд 24 цагаар ажиллаж хүсэлт гаргасан тухайн иргэн бүрийг хүлээж авч асуудлыг нь шийдэж байгаа. УОК-оос нийт 300 сая төгрөгийн эх үүсвэрийг гаргаж өгсөн. Үүнийг гадаадад хүнд нөхцөлд байгаа иргэдээ татан авахад зарцуулахаар төлөвлөсөн. Гэхдээ мөнгийг бэлнээр олгохгүй. Тийзийг нь хямдруулах эсвэл тухайн орон нутагт амьдрах орон байрыг нь хямдруулах чиглэлд тусламж үзүүлэхээр тусгай журам гарган ажиллаж байна.  Вакцин авахад зориулж 7.8 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгуулсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР:

-Иргэдээ татаж авахад эцэслэн хэний шийдвэрээр баталгааждаг юм бэ.Олон нийтийн дунд дарга нар найз нөхөд, танил талаа авчирч байна гэсэн хардлага их гарч байна. Тусгаарлах байрны орчин, хоол унд нь шаардлага хангахгүй байна гэсэн шүүмжлэл мөн их байна. Энэ талаар мэдээлэл өгөөч. УОК болон Шуурхай штабын гишүүд дотоод, гадаадын зээл тусламжыг үргүй зарцуулсан асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл хэр бодитой вэ.

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

-Тухайн сард аль улс руу, хэдэн удаа тусгай үүргийн нислэг үйлдэх үү мөн боомтуудаар хэзээ иргэдээ татаж авах уу гэдэг асуудал УОК-ын даргын шийдвэрээр гардаг. Тухайн чартерт ямар иргэд суух вэ гэдгийг Шуурхай штаб гаргадаг.  УОК-ын даргын хувьд би ажлаа аваад гурван хоногийн дараа өгсөн чиглэл бол  тухайн иргэн аль онгоцонд суух, нэрс нь орсон эсэхийг шүүдэг байхаар нээлттэй болго гэж чиглэл өгсөн. Гэхдээ тухайн онгоцонд суусан иргэдийн нэрсийг зарладаггүй олон улсын хуультай юм билээ. Тусгаарлах байрыг сонгохдоо холбогдох мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасны дараа шийддэг. Тусгаарлах байртай холбоотой гомдол гарч байгаа нь үнэн. Иргэдийн санал, гомдлын дагуу зохих арга хэмжээг авч ажиллаж байна. Зээл тусламж цаанаасаа зориулалттай ирж байгаа. Түүнийг хэн ч өөрчлөх эрхгүй мөн боломж ч байхгүй. Хандивын мөнгө, зээл тусламжийг ил тод болгосон. Хэн ч ороод харах боломжтой. Нэг ширхэг маск авсан ч, тэрийг хаанаас хэдэн төгрөгөөр авсан нь ил тод харагдана.

ОБЕГ-ЫН ДЭД ДАРГА, УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБЫН ДАРГА, ХУРАНДАА Б.УУГАНБАЯР:

-Тухайн сарын захиалгат нислэгийн хуваарийг Шадар сайдаар батлуулдаг. Өргөдлийг хүлээж авах ажлын хэсэг ажиллаж байгаа. Гадаад дахь Элчин сайдын яамдаар дамжуулж өргөдлүүдийг хүлээж авч, хоёр талаас нэрсийг тулгаж байгаа. Сүүлийн үед Солонгос,Японы нислэгийг ил тод болгосон учраас зөрчил багассан. Иргэдийн нэрсийг гаргасны дараа бид МИАТ-д хүргүүлдэг. Тусгаарлах байруудад би өөрөө ажиллаж байгаа. Хоолны амталгааны ажлын хэсэг хүртэл байгуулсан. Илэрсэн дутагдал бүрийг тухай бүрт нь шийдвэрлэж байгаа.

САНГИЙН ЯАМНЫ ТНБД С.НАРАНЦОГТ:

-Гадаадын олон улсын байгууллагууд манай улсад хоёр төрлөөр зээл, тусламж  үзүүлж байгаа. Нэг нь төсвийн дэмжлэгийн хүрээнд тавдугаар сарын 29-нд Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, зургадугаар сарын 08-нд ОУВС-аас 99 сая ам.долларыг хүлээж авсан. Үүнийг хүүхдийн мөнгө, халамжид зарцуулж байгаа. Тайланг нь дэлгэрэнгүй гаргаж АТГ-т хүргүүлсэн. Мөн нэгдсэн төсвийн гүйцэтгэлд  оруулж ирэх оны төсвийн гүйцэтгэлийн тайланд орно. 433 сая ам.долларын гэрээ хэлцэл хийгдэж байгаа. Цар тахлын хүрээнд 70 сая ам.долларыг төслийн санхүүжилтүүд орсон ирсэн. Ажлууд нь хэрэгжилтийн шатандаа явж байгаа.

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

-Шуурхай штаб болон УОК-ын гишүүдэд АТГ-аас шалгалт хийгдсэн. Мөн манай шуурхай штабынхан өөрсдөө санаачилга гаргаад шалгуулж байгаа. Одоогийн байдлаар ноцтой зүйл илрээгүй. Ард түмнийхээ аюулгүйн байдлын төлөө өдөр, шөнөгүй зүтгэж байгаа төрийн албан хаагч нартаа Монголын төр талархал илэрхийлэх ёстой. Зөвхөн Шуурхай штабт 24 байгууллагын ажилчин, албан хаагч ажиллаж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН: 

-Вакцинтай холбоотойгоор аль улсын ямар вакциныг авах нь зөв талаар манай эмч нар судалгаа хийж байгаа  юу.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН:

-Манай вирус судлаачид оношлуур болон вакцины тал дээр нэлээд судалгаа хийж байна. Олон улсад хийж буй вакцинуудыг цаг тухайд нь судалж, танилцаж байгаа. Цаашдаа энэ ажлаа улам эрчимжүүлж ажиллана.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД:

-Гаднаас асуудлыг ярихад амархан л даа. Би өмнөх засагт ажиллаж байсны хувьд асуудлыг сайн мэдэж байна. Олон нийтийн эргэлзээг тайлахад маш үр дүнтэй хэлэлцүүлэг болж байна. Цэргийн төв эмнэлгийн зардлын зөрүүг өгч чадаж байгаа юу уу. Үйл ажиллагаа нь хэвийн байсан эмнэлгийг зогсоож, тусгаарлах үйлчилгээ, өвчтэй хүмүүсийг эмчлэх чиглэлд ажиллуулж байгаа. Үүнээс болоод эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа доголдож, санхүү нь хүндэрсэн. Энэ асуудал юу болсон бэ. Бид анхнаасаа таван ангиллаар хүмүүсийг эхний ээлжинд авчрахаар болсон. Гэхдээ ангилалд багтаагүй ч гэнэтийн нөхцөл байдлаас  үүдэж  өөр хүмүүс авчирдаг. Үүнийг нь маш дэвэргэж хүлээн авдаг. Цаашдаа таван ангиллаас гадна ирэхээс  өөр аргагүйд хүрсэн цөөн хэдэн хүнийг авчрахдаа нэг хүн шийдэхгүйгээр тал талаасаа ярьж хэлэлцдэг байвал хэл ам бага гарна. Үүнд цаашдаа анхаараарай.

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

-Цэргийн төв эмнэлэгт ор дэлгэж бэлдсэн. Үүнд 8.3 тэрбум төгрөг төсвийн тодотголд суусан. Тусгаарлах байртай холбоотой хүндрэлүүд  гарч байгаа нь үнэн. Шинэ нөхцөл байдалд ажиллаж байгаа учраас хүндрэлүүд зөндөө бий.

БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ: 

-ДЭМБ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр шалтгаан нь тодорхой бус хатгаа өвчин гарсан талаар мэдээлэл өгсөн. Энэ цагаас хойш ЭМЯ өндөржүүлсэн байдалд шилжсэн. Нэгдүгээр сарын 24-ны өдөр УОК яаралтайгаар хуралдаж сургууль цэцэрлэгийг хааж, нийтийг хамарсан үйл ажиллагааг хаасан. ЭМЯ-ны зүгээс иргэдээ маск зүүхийг сануулж, цаг хугацааны хувьд мэдэрч, шуурхай, зөв шийдвэр гаргасан нь өнөөдрийг хүртэл улс дотроо халдварыг алдахгүй байхад үр дүнгээ өгсөн.  Тухайн үед Цагаан сарын баяр ч таарсан. Хэрэв бид цаг алдалгүй ийм шийдвэр гаргаагүй байсан бол өнөөдөр үндэсний хэмжээнд халдвар тархах байсныг би итгэлтэй хэлж чадна. Халдвар зөөвөрлөгдөж орж ирсэн ч өнөөдрийг хүртэл дотроо алдаагүй. Шинэ нөхцөлд ЭМЯ-ныхан маань сайн ажиллаж, халдвар авсан 299 хүнээс өнөөдөр есөн хүн эмчлэгдэж байна, бусад нь бүгд эдгэсэн. Онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах, эмч сувилагч гээд онцгой нөхцөлд, голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа шагнаж урамшуулах хэрэгтэй. ОХУ-д байдал хүндэвтэр байгаа ч тэнд баатрууд олноор  төрсөн. Халдварын голомтод ажиллаж байгаа алба хаагчдаа ямар л шагнал, урамшуулал байна тэр бүхнийг харамгүй өгөх ёстой. Ерөнхий сайд ч үүрэг өгсөн. Голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ар гэрийхэнд тусгайлан дэмжлэг үзүүл гэдэг үүрэг чиглэлийг өгсөн. Энэ ажил ямар түвшинд байна вэ. Энэ асуудалд УОК санаачилгатай ажиллах ёстой. Иргэдээ татан авах ажлыг маш сайн хийж байна. Эхлээд сардаа 1-2 нислэг үйлдэж байсан бол одоо сард 14 нислэг хийж байна. Дотоод нөөц боломждоо тааруулж татаж байгаа. Гэхдээ хэт эмх замбараагүй зөөвөрлөх юм бол халдвар дотоодод тархана. Манайхтай хил залгаа улсуудад эрсдэл өндөр байгаа учраас бид сиймхий оруулахгүй ажиллах ёстой.  Мөнгө төгрөгөө төлөөд ирж байгаа иргэдээ харж хандах хэрэгтэй. “Ирсэн нь их юм” гэсэн байдлаар хандаж болохгүй. Сангийн яам цар тахлын үед маш сайн ажиллаж байгаа. Бид олон улсын байгууллагуудад талархалтай хандах ёстой.  Тэдний хүчээр эм, тариа, тоног төхөөрөмжөөр тасрахгүй байгаа. Голомтод ажиллаж байгаа хүмүүсийн эрчийг нь алдуулахгүйн тулд урамшуулах ёстой.

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

-Өмнөх УОК-ын удирдлагууд маш сайн ажилласан. Шагнал, урамшуулалтай холбоотой асуудлаар Ерөнхийлөгчид ч уламжилсан. Төсөвт 2.5 тэрбум төгрөгийг тодотголд тусгасан. Энэ мөнгийг шийдчихвэл шагнал, урамшуулалд оруулах боломжтой. Мөн илүү цагийн мөнгийг ч шийдвэрлэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж