Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран тусгаарлах байрны нөхцөл байдалд өнөөдөр /2020.08.26/ хяналт тавилаа. Тус штабаас тусгаарлах байрны зориулалтаар ажиллаж буй “Taij business hotel” зочид буудлын нөхцөл байдалтай танилцав. Тус буудал нь маргааш Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдээ хүлээн авах юм.
Буудлын зүгээс тав дахь ээлжийн зорчигчдоо хүлээн авах ба нэг хүний өдрийн 50 мянган төгрөгөөр тооцож байрлуулж байгаа аж. Мөн ажилчдын хэлснээр ажиглалтад байгаа иргэд тухайн байрлаж буй зочид буудлын шил, толийг нь хагалах, эдэлж хэрэглэж буй эд зүйлсэд гамгүй ханддаг нь байгууллагад маш их хохирол дагуулж буйг онцлов.
Албаны хүмүүсийн хэлснээр иргэдийг тав тухтай байлгах зорилгоор эрүүл ахуйн шаардлага хангасан зочид буудал, амралтын газрыг эхний ээлжид сонгож байгаа аж.
Тусгаарлан ажиглах байрыг сонгохдоо ариун цэврийн өрөөтэй, эрүүл ахуйн нөхцлийг хардаг байна. Мөн тусгаарлагдаж буй иргэдэд цэвэрлэгээ хийх хуваарь гаргаж өгсөн ч эл журмыг дагаж мөрдөх нь ховор, дээрх зөрчлийг гаргадаг гэнэ. Нөгөө талаас тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн зарим нь тусгаарлах байрны нөхцөл шаардлага хангахгүй байгааг шүүмжилж байгаа юм. Тухайлбал энэ сарын 24-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн 257 иргэний зарим хүнийг тусгаарласан байр асуудал, шүүмжлэл дагуулаад байна. Хүй долоон худагт байрлах Налгар амралтын газарт эмнэлгийн тусламж авсан иргэд ажиглалтын байрыг голж, нэг өрөөнд олноор нь тусгаарлаж байгаад гомдол мэдүүлж буй. Мөн Вин-Зөү зочид буудал эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгааг тусгаарлагдаж буй хүмүүс шүүмжилж, энэ дагуу албаны хүмүүс нөхцөл байдалтай нь танилцаж, зарим зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг авсан билээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ