Монгол Улсын эдийн засагт цар тахлын үзүүлж буй нөлөө | News.MN

Монгол Улсын эдийн засагт цар тахлын үзүүлж буй нөлөө

Монгол Улсын эдийн засагт цар тахлын үзүүлж буй нөлөө

Монгол Улсын эдийн засагт цар тахлын үзүүлж буй нөлөө

Санхүүгийн тогтвортой байдлын тайлангийн 14 дэх дугаарыг Монголбанкнаас боловсруулан бэлэн болгожээ. Тус тайланд Хятадын эдийн засгийн удаашрал нь Монгол Улсын экспортод сөргөөр нөлөөлж буйг тэмдэглэсэн байна.

Монгол Улсын гадаад худалдааны гол түнш улс болох Хятадын ДНБ энэ оны эхний улиралд 6.8 хувиар буурсан бол хоёрдугаар улиралд 3.2 хувиар өсчээ. Зээлжих зэрэглэл тогтоогч S&P агентлагийн таамаглалаар Хятадын ДНБ-ий өсөлт 2020 онд 2.7 хувьд хүрэх аж.

Хятадын эдийн засгийн өсөлт ийнхүү удааширч буй нь Монгол Улсын экспортын орлогын 87.1 хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлжээ. Түүхий эдийн үнэ болон эрэлтийн бууралт дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэс, төмрийн хүдэр, цинк, түүхий нефтийн экспортыг хумих замаар экспортлогч орнуудын эдийн засгийн өсөлтийг сааруулсан байна.

Нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байгаа хэдий ч Хятадын нүүрсний хэрэглээ 30 гаруй хувиар буурч, цар тахлын нөлөөгөөр Монгол Улс энэ оны эхний улиралд нүүрсний экспорт тасалдсан. Монгол Улсын экспортын орлогын 40 хувь, төсвийн орлогын 15 хувийг бүрдүүлдэг зэсийн үнэ 6300-аас 5700 ам.доллар болтлоо буурав. Түүнчлэн экспортын бас нэгэн чухал бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн үнэ Хятад улсын эрэлт саарч байгаатай холбоотойгоор 119 ам.доллараас 2020 онд 89 орчим ам.доллар болтол буурч, энэ түвшнээс өсөхгүй байж болзошгүй байна.

Цар тахал, гадаад болон дотоод орчны тодорхойгүй байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор ДНБ 2020 оны эхний улиралд 10.7 хувиар буураад буй юм. Цар тахлын “цохилт"-д юуны түрүүнд уул уурхай болон үйлчилгээний салбар (нүүрсний тээвэрлэлт, агаарын тээвэр, аялал жуулчлал) нэрвэгдсэн. Уул уурхайд шаардлагатай тоног төхөөрөмж, түлшний хэрэглээ буурч, худалдааны компаниуд ашиг орлогоо алдсан билээ.

Монгол Улсад ирсэн гадаад иргэдийн тоо өмнөх оноос 21 хувиар цөөрч, аялал жуулчлалын орлого 28 хувиар, агаарын тээврийн салбарын орлого 28 хувиар тус тус буурсан бол агаарын тээврийн салбарын орлого даруй 21.7 хувиар буурчээ.

Цар тахлын нөлөөнд шууд өртсөн компаниудын борлуулалт буурснаар банкны зээл, түрээс, ажилчдын цалин олголтод доголдол үүсэв. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 23.7 хувийг бүрдүүлдэг эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32.9 хувиар буурав. Ингэснээр Засгийн газрын хэрэглээ, хөрөнгө оруулалтын эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр буурахаар хүлээгдэж байна.

Монгол Улсын ДНБ 2020 онд 1-2 орчим хувиар агшихаар хүлээгдэж байгаа боловч 2021 онд 7-8 хувиар өсч сэргэх төсөөлөлтэй байна. Гэвч энэхүү таамаглал хэрэгжих эсэх нь цар тахлын төлөв, нийлүүлэлтийн сүлжээний доголдол, дэлхийн санхүүгийн захын нөхцөл байдал хэр чангарах, зардлын бүтцэд гарах өөрчлөлт, хөрөнгө оруулагчдын итгэл, бирж дээр зарагдаж буй барааны үнэ зэрэг олон хүчин зүйлсээс хамаарахаар байгаа ажээ.

Засгийн газраас эдийн засгийг дэмжих 1.8 тэрбум ам.долларын багц хөтөлбөр зарласан. Энэ хүрээнд 18-аас доош насны хүүхэд бүрт олгох сар бүрийн тэтгэмжийг зургаан сарын турш 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн билээ. Үйл ажиллагаа нь тасалдсан хэдий ч ажлын байраа хадгалсан ААН-ийн ажилчдад сар бүр 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг зургаан сарын турш үзүүлж буй. Нийгмийн халамжийн тэтгэмжийг таван сарын турш 100000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Аж ахуйн нэгж, байгууллагуудыг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлсөн. Багц хөтөлбөрийн үр дүнд хувийн хэрэглээ өссөн нь эдийн засагт эергээр нөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-26 203.91.115.49

Кккк тииншд

Avatar

Зочин 2020-08-26 202.179.27.23

Өөрсдөа хилээ хааж, нүүрсээ зогсоогоо биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж