Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2019-2020 оны улирлын шилдгүүд эхнээсээ тодорч байна. Энэ улирлын “Оны шилдэг дасгалжуулагч”-ийн шагналыг Торонто Рэпторс багийн ахлах дасгалжуулагч Ник Нөрс хүртсэн. NBA дэх Канадын ганц төлөөлөл Торонто Рэпторс баг өнгөрсөн жил аваргын цомыг хүртсэн ч багийнхаа гол тоглогч Кавай Леонардыг Лос Анжелес Клипперст алдсан. Багийнхаа лидерийг алдсан Рэпторс баг энэ жил дорнод бүстээ хоёрдугаар байранд бичигдэж, плей-оффын эхний шатаа даваад байна. Өнгөрсөн жилийнх нь амжилтыг Кавай Леонардтой холбож холбох ч энэ жилийн хувьд Ник Нөрс багаа гайхалтай удирдлаа.
Харин өнөөдөр/2020.08.26/ NBA DPOY буюу “Оны шилдэг хамгаалан тоглогч”-ийн шагналын эзэн тодорч, Милвауки Бакс багийн лидер Яннис Антетокоунмпо тодорлоо. Өдгөө 25 настай "Грек мангас" хочит залуугийн хувьд өнгөрсөн жил “Улирлын үнэ цэнэтэй тоглогч”-ийн шагналын эзэн болсон билээ.
Яннис Антетокоунмпо NBA-ийн түүхэнд “Оны шилдэг хамгаалан тоглогч” болон “Улирлын үнэ цэнэтэй тоглогч”-ийн шагналыг хоёуланг хүртсэн тавдахь тамирчин болж байна. Түүний өмнө Майкл Жордан, Хаким Олажувон, Дэвид Робинсон, Кевин Гарнетт нар дээрх хоёр шагналыг хүртэж байжээ.
Милвауки Бакс багийн түүхэнд хамгийн анх Сидни Монкриф 1982-1983 болон 1983-1984 онуудад дараалан “Оны шилдэг хамгаалан тоглогч”-ийн шагналыг хүртэж байсан аж.
Түүний араас шагналын санал асуулгад Лос Анжелес Лэйкерс багийн Энтони Дэвис, Юта Жазз багийн Руди Гобер нар удаалжээ.
Яннис Антетокоунмпо энэ улиралд 11.5 хамгаалалтын самбараас бөмбөг авалт, 1.04 бөмбөг таслалт, 1.02 хаалт дунджилжээ.