УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн заалт бүрийг хэлэлцэж байна.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан асуулт асуусан юм.
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН:
-Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, замын ачааллыг сааруулахын тулд иргэдэд олон төрөлт нийтийн тээврийг санал болгох томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Тухайлбал, хүүхдийн автобус, жуулчдын автобус гэх мэт салбар салбарын нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг иргэдэд олгож байгаа. Мөн шинэ төрлийн нийтийн тээврийн төслүүд эхэлсэн. Баян хошуу-хороолол чиглэлийн, Дамбадаржаа-Долоон буудал, Чингэлтэй чиглэл рүү нийтийн тээврийн дүүжин такси мөн соронзон галт тэргийн төслийн ТЭЗҮ нь хийгдээд дууссан. Гэтэл энэ бүхэнд Татварын тухай хууль яригдаж байгаа. Эхнээсээ цахилгаан автобуснууд ороод ирсэн. Өдөрт 370 мянган төгрөгөөр шатахуун хийж бүтэн өдрийн маршрутаар явдаг автобусыг өдрийн 30 мянган төгрөгөөр цэнэглэж хоёр өдөр явдаг. Өөрөөр хэлбэл, 640 мянган төгрөгийн зардлыг бид хэмнэж байна гэсэн үг. Цахилгаан автобуснууд түрүүчээсээ туршилтаар явж байна. Энэ жил 100 гаруй цахилгаан автобус орж ирнэ. Татвараас цахилгаан автобусыг хөнгөлөх асуудал ямар түвшинд байна вэ. Энэ тал дээр ойрын хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай байна. Үүнийг шийдчихвэл хөрөнгө оруулалтын зардал буурах эргээд өгөөжөөсөө ашиг олох боломж бүрдэнэ. Нийтийн тээврийн татаас ч гэсэн буурна. Жилд нийтийн тээвэрт 140 тэрбум төгрөгийн татаас өгдөг.
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:
-Гаднын зээл тусламжаар хэрэгжиж байгаа дүүжин тээвэр төсөл татвараас чөлөөлөгдөнө. Хөгжлийн банкны 20 тэрбум гаруй төгрөгөөр давхар автобус, цахилгаан автобус авах санхүүжилтийг шийдэхээр болсон. Цахилгаан автобусыг татварын хөнгөлөлтөөс чөлөөлөх асуудал одоогоор яригдаагүй байгаа. Асуудал орж ирвэл хөндөж болно.
Хуулийн төслийн заалт тус бүрийг хэлэлцэхэд, үг хэлэх гишүүн байгаагүй тул зарчмын зөрүүтэй санал гарсангүй.
Холбоотой мэдээ