АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод ням гаригт /2020.08.23/ бага насны гурван хүүгийнхээ нүдэн дээр цагдаа нарт буудуулсан өнгөт арьст эр Жэкоб Блейкийн асуудал АНУ даяар арьс өнгөний эсрэг хөдөлгөөнийг дахин өдөөгөөд байгаа билээ. Жэкоб дахин хөл дээрээ алхаж чадах эсэх нь “ид шид л тохиодоггүй юм бол эргэлзээтэй байна” гэж эмч нар хэлжээ. Цагдаа нар түүн рүү нийт долоон удаа буудсан ба нэг сум нь түүний нуруунд тусч, 29 настай Жэкоб одоо бүсэлхийнээсээ доош мэдээгүй болсон гэж түүний гэр бүлийнхэн нь мэдэгджээ.
Болсон үйл явдалтай холбогдуулан Жэкобын ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийж, түүний эх Жулиа Жэксон “Бурхан хорвоо дэлхий дээр ганцхан төрлийн мод эсвэл цэцгийг бүтээгээгүй. Энэ дэлхий дээр маш олон төрлийн амьтан, ургамал байдаг шүү дээ. Хүн ч үүнтэй адил бурхны нэг бүтээл. Хэн нэгэн хүн танаас өөр харагдаж байгаа нь яагаад тийм чухал юм бэ. Би зөвхөн цагаан арьстнуудын тухай яриагүй байна. Ямар ч төрлийн хүн байсан бусдыгаа дээрэлхэж, хэн нэгнээс илүү дээдлэгдэх ёсгүй. Би одоо уйлахааргүй болсон. Би олон жил уйлсан, цөхөрсөн. Бидэнд хэн нэгний өрөвдсөн харц хэрэггүй. Бидэнд өөрчлөлт хэрэгтэй байна” хэмээн хэлжээ.
Харин Жэкобын эцэг “Хүүг минь буудсан цагдаа нарыг цаашид ажиллуулахыг хүсэхгүй байна. Тэднийг баривчлах хэрэгтэй. Хүүгийн минь хэргийг шалгаж, шүүн шийдвэрлэх ажилд оролцож буй цагаан арьстай хүн бүхэнд би одоо итгэхгүй байна” хэмээн хэлсэн байна.
Жэкоб Блейкийг эмчлэхийн тулд хүмүүс хандивын аян өрнүүлж, цугларсан мөнгө хэдийн 500 мянган ам.долларыг даваад байгаа аж. Мөн Висконсин мужид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, улмаар эмх замбараагүй байдал болон хувирсан учир тус муж онц байдал зарлан АНУ-ын Үндэсний гвардын цэргүүдийг нэмэлтээр байрлуулаад байна. АНУ-ын ард иргэд Жэкоб Блейкийг тавдугаар сард мөн цагаан арьст цагдаад хүзүүн дээрээ өвдөглүүснээс болж нас барсан Жорж Флойдтой зүйрлэж байна.
Цагдаагийн газраас Жэкобыг буудсан цагдаа нарын нэрийг зарлаагүйн дээр буудахаас өмнө ямар үйл явдал болсон талаар ч мэдээлэл өгөөгүй байна. Харин цагдаа нар ахуйн хүрээний маргааны дуудлагаар хэргийн газарт ирсэн гэж мэдээлжээ. Гэрч нарын мэдүүлснээр, цагдаа нарыг ирэх үед Жэкоб хоёр эмэгтэйн маргааныг таслах гэж оролдож байсан гэжээ.
Эх сурвалж: GUARDIAN, RT
Холбоотой мэдээ