Оросын сөрөг хүчний удирдагч, Ерөнхийлөгч Путины засаг захиргааг шүүмжлэгч Алексей Навальныйг хордуулсан гэх асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Түүнийг яг хордуулсан уу, хэрэв тийм бол яагаад ингэх болов, хэн үүнийг хийв, ер нь Оросын түүхэнд нэр нөлөө бүхий хүмүүсийг хордуулан хөнөөх явдал тасрахгүй байна гэх мэт олон асуулт урган гарч ирж байгаа юм.
Навальныйн хувьд энэ сарын 20-ны өдөр Сибириэс Москва руу явах замдаа гэнэт ухаан алдаж, түүний онгоц Омск хотноо газардахаас өөр аргагүй болжээ. Тухайн өдөр ганц аяга цайнаас өөр юу ч ууж идээгүй түүнийг хордуулсан байж болзошгүй гэж хамтрагчид нь сэжиглэсэн. Тэр комад орсон байсан ба Омск хотод эмнэлгийн техник технологи, багаж хэрэгсэл хангалтгүй учир өөр газар эмчлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Энэ үед Германы “The Cinema for Peace Foundation” төрийн бус байгууллага эмнэлгийн тусламжийн онгоц Омск хот руу илгээхийг санал болгож, Францын Ерөнхийлөгч Навальныйд улс төрийн орогнол олгох боломжтойг мэдэгдсэн. Эхэндээ түүний биеийн байдлаас шалтгаалан онгоцоор тээвэрлэх боломжгүй гэж байсан ч удалгүй хүнд үеэ давсан учир Герман руу шилжүүлэхийг эмч нар зөвшөөрчээ. Ингээд түүнийг Берлины “Charité” эмнэлэгт хүргэсэн.
Оросын талын эмч нарын дүгнэлтээр түүнийг хордуулсан гэх нотолгоо олдоогүй, чихрийн шижингээсээ болоод комад орсон байх магадлалтай гэж байсан бол маргааш нь Германы эмч нарын дүгнэлт гарч, түүнийг “cholinesterase inhibitor” бүлгийн ямар нэг бодисоор хордуулсан гэж үзжээ.
Энэ бүлгийн бодисуудыг химийн зэвсгээс эхлээд шавьжны хор хийхэд хүртэл ашигладаг аж. Одоогоор амь насанд нь шууд нөлөөлөх аюулгүй ч удаан хугацаанд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг эмч нар мэдэгдээд байгаа. Энэ асуудлын талаар Германы канцлер Ангела Меркель мэдэгдэл хийж, Навальныйг хордуулсан хэргийг шалгаж, буруутай этгээдийг илрүүлэн хуулийн хариуцлага тооцохыг Оросын талд уриалсан. Мөн удаан хугацаанд чимээгүй байсан АНУ мөн мэдэгдэл хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “АНУ дээрх асуудалд ихэд санаа зовниж байна. Шаардлага гарвал мөрдөн шалгах ажилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Ноён Навальныйг хордуулсан асуудлыг ил тод шалгаж, буруутай хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй” хэмээн мэдэгдсэн байна.
Улс төрийн нөлөө бүхий хүмүүс, өрсөлдөгчдөө хор өгч хөнөөх арга Оросын түүхэнд олонтаа тохиож байжээ. Энэ арга Сталины үед бүр ч эрчээ авсан гэхэд болно.
Тухайн үеийн КГБ хорны тухай өндөр мэдлэгтэй хүмүүсээр хүрээгээ тэлж, богино хугацаанд хор боловсруулах нууц лабратори хүртэл байгуулагдан ажиллаж байсан гэдэг. Яваандаа эдгээр нь хилийн чанадад алан хядах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулахад түшиц суурь болж уг бүлгийг Яков Селбрянксий хэмээх этгээд толгойлж эхэлжээ. Хувьсгалын эсрэг сайн дурын армийн ерөнхий командлагч асан Барон Врангелийг устгах зорилгоор Бельгид 1928 онд явагдсан ажиллагааг энэ бүлгийн хамгийн анхны ажиллагаа гэж үздэг. Хор боловсруулах лабраторийг Ягода удирдаж эхэлснээс хойш маш өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж лабраторийг өргөтгөн химийн болон хими бактериологийн хоёр хэлтэст хуваасан байдаг. Хожим Ягодаг баривчласны дараа түүнд Менжинский Куйбышев, Горький болон түүний хүү Пешков нарыг хордуулсан хэрэгт ял тулгаж, эрүүдэн шүүж байжээ. Тэр үеийн улс төрийнхний дунд өрсөлдөгчөө хордуулах арга “моод” болон дэлгэрч байсан гэхэд болно. И. Сталин хэлэхдээ В. И. Ленин амь тавьж байхдаа түүнээс хор өгөхийг гуйж байсан тухай цухас дурьдсан байдаг бол үүнээс хойш энэ арга дотоод явдлын яамны доод шатныхны дунд хүртэл тахал мэт тархжээ гэж түүхийн баримт бичгүүдэд дурдсан байдаг. Энэ үед Орос маягийн хорны золиос болсон хүмүүс маш олон бий.
Орчин үеийн Орос улсын түүхэнд ч хэд хэдэн нөлөө бүхий хүн энэ аргын золиос болсон.
Георгий Марков, Лондон, 1978 он
Болгарын тэрс үзэлтэн Георгий Марков Лондонд автобусны зогсоол дээр зогсож байхад нь үл таних этгээд багахан хэмжээний рицинтэй шүхэр биед нь хатгасан байна. Марков эмнэлэгт гурав хоногийн дараа амиа алджээ.
Рицин хэмээх бодис нь хүний амьсгалын зам, цус болон хоол боловсруулах эрхтэнд орсон даруйдаа үхэлд хүргэх аюултай бөгөөд насанд хүрсэн хүний аминд хүрэхэд чимх рицин байхад л хангалттай байдаг.
Анна Политовская, 2004 он
Оросын нэртэй сэтгүүлч Анна Политковская нь Чеченийн дайныг шүүмжилдэг эрэн сурвалжлах сэтгүүлч байсан ба тэрээр 2004 онд цай уусныхаа дараа ухаан алдаж, улмаар комад орсон юм. Азаар тэр амьд үлдэж, сэргэсэн ч түүний биеэс ямар ч хорт бодис илрүүлж чадаагүй. Энэ явдлаас хойш хоёр жилийн дараа тэр өөрийн амьдардаг орон сууцандаа буудуулж амиа алдсан.
Виктор Ющенко, Украин, 2004 он
Украины Ерөнхийлөгч асан Виктор Ющенко нь 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон оройн зоогийн үеэр диоксинд хордож, хлорын гэх хэзээ ч эдгэшгүй аймшигт өвчтэй болсон юм. Түүний цусан дахь диоксины хэмжээ эрүүл хүнийхээс 6000 дахин их гарсан байна. Хордсоных нь дараа Ющенког үхсэн хэмээн цуурч байлаа. Гэнэт хөгширч, нүүр нь барзайсан Виктор Ющенког Ерөнхийлөгчийн тангараг өргөснийх нь дараа ч Украины олон иргэн таниагүй. Тэр байтугай эмч хүн хүртэл “Энэ бол жинхэнэ Ющенко биш” хэмээж, генетикийн шинжилгээ хийлгэхийг шаардаж байсан юм. Тэрбээр сонгуулийн үеэр “Украиныг Европтой илүү ойр дотно байх ёстой” хэмээн олонтоо мэдэгдсэн. “Украин хөгжихийн тулд ОХУ бус Европтой илүү ойр байх учиртай” гэж уриалж байсан ба ОХУ түүнийг хордуулсан гэж өөрөө үздэг.
Александр Литвиненко, Лондон, 2006 он
Литвиненко Оросын тусгайгийнхан болон Ерөнхийлөгчийг хамгийн ихээр буруутгадаг хүмүүсийн нэг байсан Холбооны аюулгүй байдлын албаны офицер асан Александр Литвиненко 2000 онд Их Британид улс төрийн орогнол хүсчээ. Тэрбээр Орост болсон олон халдлага, орон сууцны барилгуудыг дэлбэлсэн хэргийг Холбооны аюулгүй байдлын алба зохион байгуулсан гэж мэдээлж байв.
Түүнийг 2006 оны арваннэгдүгээр сард Лондонгийн Пиккадиллигийн суши ресторанд үдийн хоол идэх үеэр нь цацраг идэвхит бодисоор хордуулсан гэж үздэг. Задлан шинжилгээ хийхэд ховор, өндөр цацраг идэвхит элемент болох полоний-210 гэх бодисын ул мөр илэрчээ. Их Британи энэ аллагад тусгай албаны ажилтан асан, Төрийн думын гишүүн Андрей Луговойг буруутай гэж сэжиглэдэг.
Александр Перепеличный, 2012 он
Перепеличный бол 2009 онд Их Британи руу дүрвэсэн Оросын бизнесмен. Түүнийг Оросын албан тушаатнуудын авлигын схемийг судлахад олон улсын эрэн сурвалжлах бүлгийнхэнд туслаж байсан ба 2012 онд 44 настайдаа гүйлтийн дасгал хийж байгаад гэнэт нас барсан. Нас барахын өмнө эмнэлгийн үзлэгт хамрагдахад цоо эрүүл гарсан хүн ийнхүү дасгалын үеэр нас барсан нь анхаарал татаж байв. Эхэндээ нас барсан шалтгааныг зүрхний шигдээс гэж үзэж байсан ч дараа нь түүний ходоодноос гельземиум гэх нэн ховор ургамалд агуулагддаг хорт бодис илэрсэн байдаг.
Владимир Кара-Мурза, 2015 ба 2017 он
Владимир Кара-Мурза Оросын нэрт улс төрч агсан Борис Немцовын туслах, хамтран зүтгэгч төдийгүй Путиныг эсэргүүцэгчдийн нэг байв. 2017 оны хоёрдугаар сард эмнэлэгт хүргэгддэг шөнөө эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт хадмындаа байсан бөгөөд АНУ-ын Вашингтон хот руу нисэхээс ердөө хэдхэн цагийн өмнө гэнэт л биеийнх нь байдал муудаж эхэлсэн байна. Москвагийн эмч нар ийм баримт байхгүй гэж хэвлэлийнхэнд мэдээлж байсан бол хараат бус шинжилгээ хийсэн Францын эмч Паскаль Кинц өвчтөний биеэс хүнд металлуудын ул мөр илэрсэн гэж баталж байжээ. Ардчиллын төлөө идэвхитэй тэмцэгч, мөн сэтгүүлч тэрбээр 2015 онд мөн л хордсон гэх шалтгаанаар эмнэлэгт хүргэгдэж, хоёр сарын хугацааг эмнэлгийн орон дээр өнгөрүүлж байжээ. Тухайн үед бөөрний архаг дутагдалд орсон байсны зэрэгцээ цуснаас нь хүнд металл өндөр агууламжтай илэрч байж.
Петр Верзилов, Москва, 2018 он
“Пусси Риот” оросын панк хөгжмийн хамтлаг ерөнхийлөгч Владимир Путин олон улсын хүний эрхийг зөрчиж байгааг мэдэгдэхийн тулд ОХУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Хорват, Францын тоглолтыг үймүүлж шуугиан тарьж байлаа. Тухайн үед зохион байгуулагчид тэднийг хүч хэрэглэн тоглолтын талбайгаас гаргасан. Энэ явдлын дараа тус хамтлагийн гишүүн, "Медиазон" цахим хэвлэлийн эрхлэгч Петр Верзиловын бие 2018 оны есдүгээр сарын 11-ний өдөр гэнэт муудаж, Москвагийн эмнэлгийн хордлогын сэхээн амьдруулах төвд хэдэн өдөр эмчлүүлээд, улмаар түүнийг Берлиний "Charite" эмнэлэг рүү шилжүүлжээ. Германы эмч нар Верзиловыг хордуулсан гэдэгт итгэлтэй байсан ч ямар бодисоор хордуулсан талаар тогтоож чадаагүй бөгөөд 2018 оны зун Африкт Оросын гурван сэтгүүлч амиа алдсан хэргийг эрэн сурвалжилсны хариуд өөрийг нь хордуулсан гэж Верзилов үздэг.
Скрипаль ба түүний охин Юлия, Их Британи, 2018 он
Их Британийн Солсбери хотод Оросын болоод Британийн тусгай албанд тагнуулчаар ажиллаж байсан Сергей Скрипалийг охин Юлиягийнх нь хамт 2018 оны гуравдугаар сарын дөрөвний өдөр ухаангүй байхад нь олжээ. Тэднийг хордуулсан гэж үзсэн бөгөөд хэрэгт сэжиглэн Оросын иргэд болох Александр Петров, Руслан Боширов нарыг хожим баривчилсан юм.
Британийн цэргийн шинжээчид Скрипалийнхныг хордуулсан бодис нь "Новичок" гэх мэдрэл саажуулах бодисын бүлэгт багтдаг хорт бодис болохыг тогтоож, Их Британи Оросын эрх баригчдыг хүний амь насанд халдсан хэмээн буруутгаж, Оросын дипломатуудыг хөөн гаргаж байлаа. Энэ явдлаас хойш ОХУ болон Британийн дипломат харилцаа нэлээд муудсан. Юлия болон Сергей Скрипаль нар хордсон ч эсэн мэнд үлдэж чадсан ч хэрэг явдлаас хойш хэдэн долоо хоногийн дараа үнэртэй усны шилэнд хийсэн хорыг хогийн саванд хаясан байсныг 44 настай Дон Стержесс гэх эр олоод, хордож амиа алджээ. Одоо Скрипал болон түүний охин Юлия нар Шинэ Зеландад, өндөр хамгаалалт дор амьдарч байгаа.
Эх сурвалж: Washington post, Foreign Policy
Холбоотой мэдээ