Месси Английн Манчестер Ситиг сонголоо

Хуучирсан мэдээ: 2020.08.26-нд нийтлэгдсэн

Месси Английн Манчестер Ситиг сонголоо

Месси Английн Манчестер Ситиг сонголоо

НЭМЭЛТ:

Лионель Месси Английн Манчестер Ситиг шинэ багаараа сонголоо. Энэ тухай Барселонагаар дагнан бичдэг Испанийн сэтгүүлч Марсело Бехлер мэдээллээ. Хэрэв түүний энэхүү мэдээ үнэн бол Лионель Месси болон Пеп Гвардиола нар эргэн нэгдлээ.

АНУ-ын алдарт ESPN сайтын сэтгүүлч Родриго Фаез, Мойсес Йоренс нарын мэдээлж буйгаар Лионель Месси Манчестер Сити багийн дасгалжуулагч Пеп Гвардиолатай өнгөрсөн долоо хоногт утсаар ярилцсан гэнэ. Манчестер Сити багийн удирдлагын багт ажилладаг нэрээ нууцалсан албан тушаалтан үүнийг баталсан байна. Месси ч Барселона багийн удирдлагуудад илгээсэн хүсэлтэндээ гэрээг чөлөөлөх 700 сая еврог хүчингүй болгохыг хүсчээ.


БАРСЕЛОНА: МЕССИ БАГААС ЯВАХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛСЭН

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог Баллон д’Орын шагналыг зургаан удаа хүртсэн Лионель Месси Барселона багаас явах хүсэлтээ өчигдөр/2020.08.28/ хүргүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байгаа бол The Associated Press агентлагт Барселона баг үүнийг баталжээ.

Лионель Мессиг багаас явах хүсэлтээ илэрхийлсэн даруйд Барселона багийн удирдлагууд шуурхай хурал зарласан ба энэхүү хурлын төгсгөлд тус багийн ерөнхийлөгч Жозеп Бартомеу үүрэг ажлаа хүлээлгэн өгсөн байна.

Мессиг багаасаа явах хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн гэдгийг дуулсан Барселона багийн хөгжөөн дэмжигчид багийнхаа цэнгэлдэх хүрээлэн Камп Ноугийн гадаа олноор цуглаж Мессиг үлдэхийг гуйж, түүнд дэмжлэг үзүүлэн "Месси үлд, Бартомеу яв" хэмээн орилж байжээ. Мөн Барселонагийн амьд домог, багийн ахлагч асан Карлес Пуйоль өөрийн твиттер хуудаснаа “Хүндлэл, бишрэл Лео. Чамайг дэмжиж байна найз минь” хэмээн жиргэжээ.

УЕФА Аваргуудын лигт Байерн Мюнхен багт 8-2 гэсэн харьцаатай хожигдож, хүнд цохилтонд орсон тоглолтын дараа Барселона багийн ерөнхийлөгч Жозеп Бартомеу “Месси олон удаа Барселона багт тамирчны замналаа өндөрлүүлнэ гэж хэлж байсан. Тэр одоо ч дэлхийн шилдэг хэвээрээ байгаа. Нэг мөчлөг дуусч, дараагийн мөчлөг эхэлж байна гэхдээ Мессигийн эрин үе дахин эхэлж байна” хэмээн ярьж байжээ.

2017 онд Барселона Месситэй 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэлх гэрээ үзэглэж, долоо хоногийн 565 мянган еврогийн цалин олгохоор болсон билээ.

Лионель Месси анх 2000 онд 13 настайдаа төрөлх Аргентин улсаасаа явж нарлаг Испанийн Барселона багтай нэгдэж амьдралынхаа 20 жилийг энэ багт зориулжээ. 2004 онд 17 настайдаа үндсэн багийнхаа бүрэлдэхүүнд багтаж, мэргэжлийн хөлбөмбөгийн анхны тоглолтондоо оролцож байсан Месси тэр цаг үеэс хойш Испанийн Ла лигт 10 удаа, УЕФА Аваргуудын лигт дөрвөн удаа тус тус түрүүлж, олон олон амжилтыг эвдэн бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин гэж тооцогдох болсон.

Барселона баг энэ улирлыг цомгүй дуусгасан. Тэд хамгийн сүүлд 2007-2008 оны улиралд л ямар нэгэн цомгүй улирлыг үдэж байсан аж.

Мессиг багаасаа явах хүсэлтээ өгөхөд хүргэсэн гол шалтгаан нь удирдлагын зүгээс гаргасан олон тааруу шийдвэрүүд гэж аналистууд харж байна. Тухайлбал, дэндүү их мөнгө үрсэн, хэрэггүй наймаанууд, багтаа багадсан жижиг дасгалжуулагчид, багийн гол цөм байсан тоглогчдыг явуулсан тааруухан бодлогууд зэргийг нэрлэж болно.

Барселона баг хамгийн сүүлд 2014-2015 оны улиралд УЕФА Аваргуудын лигт түрүүлсэн. Тухайн үед Барселонад Неймар, Суарез, Месси гэсэн өмнөд Америк довтолгооны гурвал бүрдэж, түрүүлж болох бүхий л цомын тэмцээнүүдэд түрүүлсэн. Гэвч Неймар багаасаа явах хүсэлтэйгээ илэрхийлж, баг нь ч түүнийг Францын ПСЖ руу 222 сая еврогоор явуулчихсан. Үүний дараа Неймарын үлдээсэн орон зайг нөхөхийн тулд олон авьяаслаг залуучуудад мөнгийг гамгүй зарцуулсан. Усман Дембеле, Филиппе Коутиньо, Антуан Гризманн,Малком, Артуро Видал, Френки де Йонг, Паулиньо гээд 2017 онд Неймарыг явснаас хойш 762.7 сая еврог шинэ тоглогчид худалдан авахад зориулсан. Харамсалтай нь хэн нь ч Мессид хамтрагч болж чадсангүй мөн болж чадаагүй явна. Ганц хань болж, ачааны хүндийг үүрэлцдэг байсан Суарез ч гэсэн бэртэл гэмтлээс салахаа больсон. Одоо бүр Барселона Суарезыг явуулна гэсэн шуум гарч байна.

Месси Неймарыг багтаа буцаан авчрахыг хүссэн боловч удирдлагууд нь хүсээгүй.

Мөн багийн гол цөмийг бүрдүүлж байсан Машерано, Шави, Иньеста нар хөгширч, багаас өөрсдийн хүсэлтээр явжээ. Тэдний орон зайг нөхөж, цус сэлбэхийн тулд Барселона 2015 оноос хойш нийтдээ 33 тоглогчийг багтаа элсүүлсэн аж.

Барселона сүүлийн жилүүдэд улирал бүр шинэ ахлах дасгалжуулагчтай болдог гэхэд хилсдэхгүй. 2012 онд дөрвөн жил багийг тун гайхалтай удирдаж, бүхий л тэмцээнд түрүүлсэн Пеп Гвардиолаг ажлаа хүлээлгэн өгсний дараа Барселонаг Тито Виланова, Жерардо Мартино, Луис Энрике, Эрнесто Вальверде, Кике Сетьен нар удирдаж байсан бол хэдхэн хоногийн өмнө Роналд Куманыг өөрсдийн шинэ ахлах дасгалжуулагчаараа томилсон.

Дээрх нэрс тодроос хамгийн амжилттай Барселонаг дасгалжуулсан нь Тито Виланова болон Луис Энрике нар гэж хэлж болно. Гэвч Тито Виланова 2014 онд шүлсний булчирхайн хавдарын улмаас таалал төгссөн бол Луис Энрике 2017 онд УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд ПСЖ багт 4-0 гэсэн харьцаатай хожигдсоны дараахан улирал дуусгаад багаа орхино гэдгээ мэдэгдэж байсан юм.

Өдгөө Испанийн шигшээ багийн ахлах дасгажуулагчаар ажиллаж буй Луис Энрикегийн удирдлага дор Барселона гурван жилийн дотор найман цом хүртэж байсны дотор УЕФА Аваргуудын лигийн дэлдэн чихт ч багтана.

Ямартай ч багаасаа явах хүсэлтээ хүргүүлсэн Мессигийн дараагийн зогсоол хаана гэдэг хөлбөмбөгийн сонирхогчдын сонирхлыг ихээр татаж байна. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Мессигийн төлөө 700 сая еврог гаргах баг тун ховор гэнэ. Түүний гэрээнд зааснаар хэрэв 2021 оноос өмнө Мессиг багтаа элсүүлэийг хүсвэл гэрээг чөлөөлөх үнэ болох 700 сая еврог төлөх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж