"PC тоглоомд донтсоноос спортод донтсон дээр"

Хуучирсан мэдээ: 2020.08.26-нд нийтлэгдсэн

"PC тоглоомд донтсоноос спортод донтсон дээр"

"PC тоглоомд донтсоноос спортод донтсон дээр"

Залуус архи, тамхинаас татгалзаж, спортоор хичээллэн чийрэг бие, булчингаараа гангарч эхэлжээ. Тэдний нэг бол турник сонирхогч залуусын “Иманнуел” багийнхан. Анх 30 залуу дуртай спортоороо нэгдэн нөхөрлөсөн бол одоо 40-үүлээ болсон гэнэ. Биднийг Чингэлтэй дүүрэгт байрлах бэлтгэлийн байранд нь очиход 10 орчим залуус турникээр хичээллэж угтав. Залуус хорт зуршил, буруу хандлагуудаас татгалзахын зэрэгцээ хуучирч мартагдах шахсан гудамжны турникны спортыг Монголдоо хөгжүүлэх зорилгыг тавиад буй ажээ. Ингээд багийн гишүүн Ц.Төгөлдөр, Г.Энххишиг, У.Эрдэнэбаяр нартай ярилцлаа.


-Хийж буй элементүүдийг нь харахад сонирхолтой хэдий ч бэртэл авах эрсдэлтэй юм. Хэзээнээс гудамжны турникээр сонирхон хичээллэх болов?

Г.Энххишиг: Анх “IMNL” багийнхаа ах нарыг хараад, гудамжны турникээр хичээллэж эхэлсэн. Өнгөрсөн өвлөөс хойш идэвхтэй хичээллэж байгаа. Миний хувьд хөл хорионы хугацаанд энэ спортоор хичээллэх цаг зав илүү их гарсан. Өнгөрсөн хугацаанд энэ спортод дурлаж, ах нар шигээ эрүүл чийрэг бие бялдартай болох юмсан гэж бодсон.

Ц. Төгөлдөр: Намайг Ц.Төгөлдөр гэдэг. Одоо 19 настай. Гудамжны турникээр хичээллээд гурван жил болж байна. Энэ багт нэгдээд, гурван сар болсон. Миний хувьд цэрэгт байхдаа турникт суниана. Цэргийн албаа хааж ирсний дараагаар биеийн жин нэмэгдэж, турникээр идэвхтэй хичээллэдэг болсон.

У.Эрдэнэбаяр: Би турникээр хичээллээд 10 сар болж байна. Багийнхантайгаа нэгдээд найман сар болж байна. Гудамжны турникээр хичээллэхэд найзууд маань их нөлөөлсөн. Үе тэнгийн залуус цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэх нь бий. Тиймээс өөрийнхөө биеийн хөгжилд анхаарч, хөгжүүлэх зорилгоор анх энэ слортоор хичээллэж эхэлсэн.

-Турникээр хичээллэдэг залуусын гар нь эвэршдэг. Өөр хүндрэл бэрхшээл бий юу?

Г.Энххишиг: Гудамжны турник бол Монголд дөнгөж хүчээ авч буй спортын төрөл. Мэдээж экстрим спорт учраас бэртэл гэмтэл их авна. Миний хувьд өчигдөр тэмцээн дээр хүчтэй унаж, хөлөө бэртээсэн. Тийм учраас турник дээр хүнд элемент хийх гэж байгаа бол дороо матрас тавих юм уу, талбайгаа аюулгүй болгох хэрэгтэй. Бид бэлтгэлийн талбайгаа хайргаар дүүргэж, дээр нь үртэс дэвсдэг. Турник дээр янз бүрийн элемент хийхэд гарын үе их гэмтдэг. Байнга төмөр барьдаг учраас хоёр гар эвэршинэ. Гарын арьс зузаарсаар байгаад задарчихдаг. Тэрийгээ аль болох шарх үүсгэхгүй байх нь чухал. Хамгийн гол нь турникээр хичээллэхэд багаараа бие биеэсээ суралцах нь чухал гэж боддог.

алуусын бие бялдрын хөгжилд хэрхэн нөлөөлж байна. Жишээлбэл, чиний хувьд ямар өөрчлөлт гарсан бол?

Ц.Төгөлдөр: Манай баг анх 30-уулаа байсан бол одоо 40 гаруй болж нэмэгдсэн. Залуус маш их сонирхож байна. Цаашид бидэнтэй сонирхлоороо нэгдэх хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй байх болно. Гудамжны турникээр хичээллэснээр бие бялдрын хөгжилд өөрчлөлт гарна. Миний хувьд энэ спортоор хичээллэж эхлэхээс өмнө жижиг биетэй байсан бол одоо өндөр нуруутай, биеийн булчингаа хөгжүүлж чадсан.

-Багийн нэрэмжит анхны тэмцээнээ зохион байгуулсан гэж сонссон. Тэмцээнд хэчнээн залуус оролцсон бэ?

У.Эрдэнэбаяр: Манай багийн нэрэмжит анхны тэмцээнийг наймдугаар сарын 24-нд Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд зохион байгуулсан. Тэнд тусгай турник талбай бий. Энэ тэмцээнд нийт 100 орчим залуус амжилттай оролцсон. Тэмцээний дөрвөн ангиллаар зохион байгуулж, “Өсөх ирээдүйтэй тамирчин” шалгаруулсан. A, B, C, M гэсэн дөрвөн ангилалтай. A ангилал нь анхан шат, B нь тэмцээн уралдаанд оролцож байсан, C нь хүчний дасгал, M нь олон улсын зэрэгтэй мэргэжлийн тамирчид байдаг.

Гудамжны турник нь спортын гимнастикийн нэг төрөл. Дотроо хүчний элемент, үзүүлбэрийн элемент, workout гэсэн төрөлтэй. Тамирчин хүн энэ бүгдийг хослуулж чаддаг байх ёстой.

-Та нарт багш бий юу?

Г.Энххишиг: Байхгүй. Бид дийлэнхдээ интернетээс бичлэг үзэж суралцдаг. Энэ спорт нь бие биеэсээ суралцаж, туршиж үздэг төрөл. Тамирчин өөрөө дасгалаа бүрэн зохиож болдогоороо давуу талтай.

-Хамгийн хэцүү элемент гэвэл?

Ц.Төгөлдөр: Энэ спортын чөлөөт үзүүлбэрийн элементийг харахад үнэхээр гоё. Өөрөө яг турник дээр хийхэд маш гоё мэдрэмж авдаг. Хүнийг их донтуулдаг спорт. Хамгийн хүнд элемент гэвэл 540 градус эргээд турникээсээ барих, бэхэлгээгүй соонс, гимнастикийн хүнд элементийг багтаасан дасгалууд орно.

-Залуустаа хандаж ямар зөвлөгөөг өгөх вэ?

У.Эрдэнэбаяр: Сүүлийн үед  залуусын амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Гэсэн хэдий ч цагийг үр бүтээлгүй өнгөрүүлж, найз нөхдөөрөө хорт зуршилд уруу татагдан, PC тоглоом хэтрүүлэн тоглох нь бий. Тийм учраас залуустаа хандаж хэлэхэд байгаа нөхцөлдөө өөрийгөө хөгжүүлэх боломж бий. Хүсэл сонирхлоороо нэгдэж, бие биедээ урам зоригийг харамгүй өгцгөөе гэж хэлье. Спортоор хичээллэсэн бол тууштай яваарай. Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ЗөвЗөв
38
ТэнэглэлТэнэглэл
14
БурууБуруу
10
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж