Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлджээ. Ердөө зургаахан хоногийн дараа сургууль, цэцэрлэгүүд "амь орж" будаг нь ханхалсан шинэхэн анги танхимд хүүхэд багачуулын дуу цангинаж эхлэх нь. Энэ үед нийслэлд хөл хөдөлгөөн ихэсч, зах худалдааны төвүүд олны хөлд дарагджээ. Эцэг эхчүүд хүүхэд багачуулынхаа хичээлийн хэрэгслийг нь бэлдэх томоохон ажил дундраагүй л байна. Нэн ялангуяа дүрэмт хувцасны сонголт эцэг эхчүүдийн хувьд сурах бичигээс дутахааргүй толгойны өвчин болдог.
БШУЯ: ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ҮНЭ, ЗАГВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ
Боловсрол шинжлэх ухааны яамны мэдээлснээр дүрэмт хувцасны хүрэлцээ хангалттай байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар орон нутаг, нийслэлийн хэмжээнд албан ёсны 140 борлуулалтын цэгээр дамжуулан, тохирлын гэрчилгээтэй 66 компани сурагчийн дүрэмт хувцсыг борлуулж байгаа аж. Энэ талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэлэхдээ “Дүрэмт хувцасны нөөц хангалттай байгаа тул энэ жил гомдол санал харьцангуй бага байна. Үнэ, загварын тухайд өөрчлөлт ороогүй. Өөрөөр хэлбэл, 2013 оноос хойш эхлүүлсэн зохион байгуулалт хэвийн үргэлжилнэ. Сургуулиуд аль болох дотоод нөөц бололцоонд тулгуурла, эцэг эхийн худалдан авалтын боломжийг хар, хүүхдүүдэд ялгаатай байдал үүсгэхгүйгээр нэгдсэн байдлаар дүрэмт хувцасны чанар, жигдрэлтэд анхаараарай гэсэн зөвлөмж өгч байна” гэсэн юм.
Эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ аль болох нэг, хоёр удаа өмсөөд бөөсөрдөггүй, даавуун, чанартай бас боломжийн үнэтэй дүрэмт хувцасны эрэлд гарчээ. Дүрэмт хувцас борлуулах цэгүүд нэг үеэ бодоход харьцангуй олширч зөвхөн Нарантуул зах, дүрэмт хувцасны үйлдвэрийг зорьдог үе ард хоцорсон.
Гэсэн ч эцэг эхчүүд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үү, урд хөршийг сонгох уу гэсэн сонголттой нүүр тулж байна. Мэдээж үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хичээдэг боловч тэнгэрт хадсан үнэтэй тул арга буюу адилхан загвартай, үнэ хямд урд хөршөөс импортолсон дүрэмт хувцаснаас сонголт хийхээс өөр аргагүйд хүрдэг нь ч нууц биш. Үнийн хувьд харилцан адилгүй тул зарим айл өрх санхүүгийн боломждоо тулгуурлахаас өөр сонголт алга. Дүрэмт хувцасны загвар, чанар, үнэ зэрэг эргэн тойрон дахь асуудлаар сурвалжиллаа.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
Чингэлтэй дүүргийн нутаг Ялалтын талбайд дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа гарчээ. Бэлтгэл ангид орох гэж буй зургаан настнаас ахлах ангид орж байгаа гээд хүүхэд багачуулаа дагуулсан ээж аав нар аль болох бөөсөрдөггүй материалтай дүрэмт хувцас сонгохыг эрмэлзэж байв.
Үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл болох “Төмөр трейд” ХХК-ны тухайд бага анги 1-5 дугаар анги 110 мянган төгрөгөөс эхэлж байв. Дунд анги 193 мянга, ахлах анги 257 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Тус үйлдвэрийн менежерийн хэлснээр энэ жилийн хувьд худалдан авалт буурсан ч бага ангийнхны дүрэмт хувцас харьцангуй эрэлттэй байгаа гэнэ.
Мөн “Торгон хийц” ХХК-ны дүрэмт хувцасны үнэ ханшийг сонирхвол бага анги 80-90 мянга, дунд анги эрэгтэй 112 мянга, эмэгтэй 108 мянган төгрөг, ахлах анги 138 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Тус үйлдвэрийн дүрэмт хувцас 60 хувь хөвөн даавуу, 40 хувь ноосон материалтай тул бөөсөрдөггүй хэмээж байлаа. Эцэг эхчүүдийн зарим нь үндэсний үйлдвэрлээ дэмжье гэсэн ч үнэтэй тул санхүүд хүндхэн тусч байгааг ч нуусангүй. Харин хүүхэд нь анх удаа бэлтгэл ангид орж байгаа болон 1-2 хүүхэдтэй айлын тухайд үндэсний үйлдвэрлэгчдээс сонголтоо хийж байгаа нь харадав.
УРД ХӨРШИД ҮЙЛДВЭРЛЭСЭН ДҮРЭМТ ХУВЦАС ДОТООДЫНХООС ХЯМД
Дараа нь Алтжин Бөмбөгөр худалдааны төвөөр орлоо. Тус худалдааны төвд ёстой л түм түжигнэж бум бужигнана. Үндэсний үйлдвэрлэгчдийн болон урд хөршид үйлдвэрлэсэн дүрэмт хувцас ялгахын аргагүй адилхан загвартай. Гэхдээ тус худалдааны төвд үндэсний үйлдвэрлэгчдийн цөөн хэдэн лангуу байлаа. Бас үнийн хувьд харилцан адилгүй. Урд хөршид үйлдвэрлэсэн дүрэмт хувцас 50-70 мянган төгрөгийн үнэтэй. Эрэгтэй сорочка гэхэд 15 мянган төгрөг бол юбка 20 мянган төгрөгийн үнэтэй. Ихэвчлэн хувь хүмүүс Эрээн болон Гуанжу хотоос захиалдаг, үндэсний үйлдвэрлэгчдээс дутахааргүй загвартай, эдэлгээ сайтай гэдгийг ч худалдаачид хэлж байлаа.
УРД ХӨРШИД ҮЙЛДВЭРЛЭСЭН ДҮРЭМТ ХУВЦАС ХЯМДХАН Ч ЭДЭЛГЭЭ САЙТАЙ
Алтжин Бөмбөгөр худалдааны төвийн худалдагч Г.АЛТАНЦЭЦЭГ:
-Хүмүүс урд хөршид үйлдвэрлэсэн дүрэмт хувцас гэхээр л амархан бөөсөрдөг чанаргүй гэсэн нийтлэг буруу ойлголттой байдаг. Чанарын хувьд дотооддоо үйлдвэрлэснээс илүү эдэлгээ сайтай. Манайх гэхэд л Гуанжу хотоос дүрэмт хувцасаа жил бүр захиалдаг болохоор хүмүүс ч анддаггүй. Энэ жилийн хувьд худалдан авалт ч сайн байна. Үнэ нь ч боломжийн. Жишээ нь форм 40 мянга, сорочка 10 мянга, юбка 25 мянган төгрөгийн үнэтэй. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчдийн дүрэмт хувцас юбка нь л 40-50 мянган төгрөгийн үнэтэй мөртлөө загварын хувьд аль нь ч ялгаа байхгүй адилхан.
Алтжин Бөмбөгөр худалдааны төвийн худалдагч Б.ГАНЧИМЭГ:
-Энэ жил худалдан авалт өмнөх жилтэй харьцуулахад тааруу байна. Эцэг эхчүүд аль болох мөнгөнийхөө боломжид л тааруулж байх шиг байна. Дунд болон ахлах ангийн дүрэмт хувцсыг хосоор нь авахаас илүүтэй юбка, сорочка, хүрэм гээд ганц, хоёроор нь салгаж авах нь их байна. Мэдээж үндэсний үйлдвэрлэгчидтэй харьцуулахад илүү хямд үнэтэй шүү дээ. Эцэг эхчүүд ч бас үнэтэй гэхээс илүү боломжийн үнэтэй эдэлгээ сайтай л дүрэмт хувцас авах сонирхолтой байна. Урд хөршөөс оруулж ирсэн дүрэмт хувцас дотоодынхоос илүү эдэлгээ сайтай. Хүмүүс л хямд үнэтэй бөөсөрдөг гэж буруу ойлгодог. Гэтэл би өөрөө есдүгээр ангийн охинтой. Хүрэм нь хоёр жил болсон ч бөөсрөөгүй гэлээ. Бас өнгөө алддаггүй.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ҮНЭ, ЧАНАРТ ТӨРӨӨС ХЯНАЛТ ТАВИХ ХЭРЭГТЭЙ
Эцэг эхчүүдийн хувьд үндэсний үйлдвэрлэгчдийн дүрэмт хувцасны үнийг бууруулахад төрөөс анхаарч, чанарт нь төрөөс хяналт тавьдаг байх хэрэгтэй гэх саналыг тавьж хэт үнэтэй байна хэмээн шүүмжилж байлаа.
Иргэн Ж.ДУЛМАА:
-Ач, зээ нарынхаа хичээлийн хэрэгслийг нь бэлдэж амжаагүй одоо л зэхэж байна. Дүрэмт хувцас өмнөх жилийнхээс үнэ нь нэмэгдсэн санагдлаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхэд хамгийн хямддаа л 90-110 мянган төгрөгөөс эхэлж байна. Ганц хүүхэд бол яах вэ. Гэтэл гурав, дөрвөн хүүхэдтэй айл дүрэмт хувцаст 400 орчим мянган төгрөг зарцуулах болж байна уу. Харин зах дээр урд хөршөөс оруулж ирсэн адилхан загвартай дүрэмт хувцас 50 мянган төгрөгийн үнэтэй. Уг нь үндэсний үйлдвэрлээ дэмжиж, урд хөршийн бараанаас татгалзмаар л байна шүү дээ. Даанч үнийн хувьд харилцан адилгүй байхад илүү өртөг багатайг нь л авахыг илүү бодно биз дээ.
Иргэн Б.БОЛОР-ЭРДЭНЭ:
-Хичээлийн хэрэгслийг нь одоо л бэлдэж явна. Үнийн хувьд харьцангуй хямд боломжийн гэдэг утгаар нь Бөмбөгөр орлоо. Манайх ганц хүүхэдтэй, энэ жил бэлтгэл ангид орж байгаа болохоор дүрэмт хувцас чанартайг нь бодолцож үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн. Үнийн хувьд боломжийн 73 мянган төгрөг. Сургуульд орж байгаа анхны жилд нь хүүхдэдээ аль болох чанартай дүрэмт хувцас авч өглөө л гэж бодож байна. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгчид дүрэмт хувцасны үнээ буулгавал хүмүүс урд хөршид үйлдвэрлэсэн хямд цамц, дүрэмт хувцас авахгүй байх. Олон хүүхэдтэй айл бол нэг дүрэмт хувцсыг 100 мянган төгрөгөөр авахгүй шүү дээ гэлээ.
Иргэн Н.МӨНХДАВАА:
-Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг одоо л бэлдэж явна. Бас шаардлагатай бүхнийг нь бэлдэх боломжгүй л байна. Дүрэмт хувцасыг нь энэ жил шинээр авахгүй, юбка, сорочка зэргийг нь шинэчлэхээр л захаар явж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гээд судалж үзтэл захаас илүү үнэтэй юм билээ. Бөмбөгөрт гэхэд л 40, 50 мянган төгрөгийн үнэтэй юбка 20 мянган төгрөгөөр зарж байна шүү дээ. Санхүүгийн хувьд ч хэмнэлттэй, хөнгөн тусдаг. Ер нь чанарын хувьд ч бас эдэлгээ сайтай юм билээ. Уг нь жил бүр үндэсний үйлдвэрлээ дэмжье гээд л дүрэмт хувцасны үнийг бууруулах тухай ярьдаг боловч бодит амьдрал дээр хэрэгжсэн нь алга.
Хэдийгээр төрөөс урд хөршөөс дүрэмт хувцас нийлүүлэхийг хязгаарлах бодлого баримталдаг ч амьжиргааны түвшинээс шалтгаалан эрэлтээ дагаж худалдан авагчид байсаар байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ