"Улс төрийн орчин тогтвортой болсон цагт зээлийн хүү буурна"

Хуучирсан мэдээ: 2020.08.26-нд нийтлэгдсэн

"Улс төрийн орчин тогтвортой болсон цагт зээлийн хүү буурна"

"Улс төрийн орчин тогтвортой болсон цагт зээлийн хүү буурна"

УИХ-ын чуулганаар зээлийн хүү бууруулах стратеги батлах тогтоолын төсөл хэлэлцэж буй. Үүнтэй холбоотойгоор Эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-УИХ-ын чуулганаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж буй. Хуулийн төсөлд ирэх дөрвөн жилд зээлийн хүүг дөрвөн нэгжээр бууруулна гэж тусгасан нь хэр бодитой гэж та харж байна вэ?

-Юуны өмнө энэ асуудлыг цогцоор нь захиргааны бус аргаар шийдвэрлэх арга замыг удаа дараа эрэлхийлж, анхаарал хандуулж байгаад талархалтай байна. Энэ нь бидний өмнө тулгамдсан олон томоохон асуудлын нэг. Зээлийн хүүгийн түүхийг харвал эдийн засаг сэргэхэд хүү буурч, саарч уналтад ороход өссөн байдаг. Зарим тоог дурдвал, төгрөгийн зээлийн хүүний дундаж түвшин 2011 онд 15.5 хувьд хүрч байсан нь сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшин. 2020 оны долоон сарын байдлаар үүнтэй ойролцоо 15.6 байгаа нь мөн сүүлийн жилүүдийн доод түвшин, 2016 оноос 4 орчим хувиар буурсан байдаг. Энэ нь эдийн засаг хямралын дараа дунджаар гурван жил орчим сэргэж тогтвортой байсан цаг хугацаанууд юм. Үүгээр эдийн засаг сэргэж тодорхой урт хугацаанд тогтвортой, өсөлт өндөртэй байж чадвал зээлийн хүү буурах боломжтойг илтгэж байгаа хэрэг юм. Олон улсын жишгийн хувьд ч энэ нь батлагдсан зүйл.

Иймд ирэх дөрвөн жилд дөрвөн нэгжээр бууруулах боломж бий. Гэхдээ 20 хувиас 16 болох, 16 хувиас 12 болгох нь ялгаатай гэдгийг ойлгох нь аль аль талдаа чухал.

Энэ нь боломж байж болох хэдий ч биднээс илүү их хүчин чармайлт шаардах болно гэсэн үг. Үүний тулд макро, микро түвшинд маш оновчтой, цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болно.

Банкны хүү өндөр байгаа хамгийн гол шалтгаан юу вэ. Юуг өөрчилж, ямар түвшинд хүрч байж арилжааны банкуудын хүү буурах боломжтой юм бэ?

-Банкны зээлийн хүү өндөр байгаа нь өнөөдөр эдийн засгийн томоохон асуудал юм. Энэ нь бизнес эрхлэгч, иргэдэд дарамт болж байгаа нь үнэн. Үүнийг бууруулах шаардлагатай гэдэгтэй бүрэн санал нийлж байгаа гэдгээ хэлье. Үүн дээр нийт иргэд, ААН-үүдийг хамарсан энэхүү асуудлыг сүүлийн жилүүдэд бас хэт улс төржүүлж улс төрийн хүрээнд уул уурхайн дараа орох анхаарал татсан асуудал болсон. Энэ асуудлыг улс төржүүлж, улс төр, захиргааны аргаар шийдвэрлэх гэж оролдох, тийм байдлаар нийгэмд нэр хүнд олохыг хичээх нь буруу зүйл гэж би хувьдаа үздэг.

Зээлийн хүүний түвшин өндөр байгаагийн хамгийн гол шалтгаан нь макро эдийн засаг, бодлогын тогтворгүй байдал. Үүний уг гарал нь улс төрийн орчны тогтворгүй байдал.

Дээр дурдсан гадаад орчны таатай нөлөөллөөр эдийн засаг дараалан гурван жил орчим өсөхөд хүү буурдаг нь бидний туршлагаас харагдаж байна. Үүн дээр улс орны хөгжлийн шинжлэх ухаанч, тогтвортой, залгамж бүхий бодлого хэрэгжүүлж чадвал хүү буурах болно. Дараа нь санхүүгийн зах зээлийн хөгжил, банкны салбарын зардлууд зэрэг асуудал орно. Энэ бүх макро, микро асуудлыг шийдвэрлэж байж бидний хүү буурах болно.

-Өмнө нь УИХ-аар зээлийн хүүг бууруулахтай холбоотой бодлогын баримт бичгүүд цөөнгүй гарч байсан ч хэрэгжилт нь хангалтгүй явж ирсэн. Банкуудад зээлийн хүүг бууруулах сонирхол огт байхгүй байна уу гэж харагдаад байгаа шүү дээ?

-Ийм төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа анхны тохиолдол биш нь үнэн. Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд мөн үүнтэй адил стратегийг баталж хэрэгжүүлж эхэлж байсан. Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж, хэрэгжүүлэхээр бэлтгэж буй арга хэмжээний ололттой тал нь зээлийн хүү гэдэг нь зөвхөн банк, санхүүгийн байгууллага зах зээлийн асуудал биш гэдгийг ойлгосон явдал. Үүнд улс төр, эдийн засгийн орчин, санхүүгийн зах зээлийн бүтэц, тухайн салбарын дотоод нөхцөл байдал зэрэг бүгд нөлөөлж байна гэж үзэж байгаа нь сайшаалтай.

Одоогоор төслийн хувьд тэгэх хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэсэн тойм зүйлс байгаа боловч үүний дагуу нарийвчилсан төлөвлөгөөтэй арга хэмжээнүүдийг цогцоор хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Ингэж чадвал төлөвлөгөөний төслийн хувьд хэрэгжих боломжтой юм. Гэхдээ энэ удаагийн арга хэмжээний хүрээнд банкны эх үүсвэр, эрсдэлийн зардлыг хүчээр бууруулах хандлага ажиглагдаж байгаа нь арай онцлог болж байх шиг байна.

Эх үүсвэрийн зардлыг хүчээр бууруулах нь сөрөг зүйлийг дагуулах, эрсдэл нь хэвээр байхад эрсдэлийг, зардлыг бууруулах нь эргэлзээтэй зүйл юм. Бид макро түвшинд дээр дурдсан бодлогыг хэрэгжүүлж эрсдэлээ бууруулж чадвал эдгээр нь буурах болно.

Харин зохисгүй зардал байдаг бол системийн дотоод асуудлын хувьд хяналт, шалгалтын механизмыг ашиглан зохицуулах шаардлагатай.

-Зээлийн хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүүг бууруулна гэж байна. Хадгаламжийн хүүг төрөөс хүчээр бууруулна гэвэл ямар эрсдэл үүсэх вэ?

-Зээлийн хүү гэдэг нь зээлдэгчийн банкинд, хадгаламжийн хүү нь хадгаламж эзэмшигчид банкнаас төлж буй мөнгөний үнэ юм гэдгийг олон удаа хэлж байна. Би биш олон хүн хэлж байгаа болов уу. Энэ нь бусад бүтээгдэхүүний үнэтэй адил нь зах зээлийн жамаар тогтдог. Мөнгө онцгой хэрэгсэл болохын хувьд нөлөөлөх хүчин зүйл нь арай өөр. Нийтлэг тал нь тухайн эдийн засагт мөнгө их байвал үнэ нь буурна. Бид энэ 30 жилд мөнгөтэй, мөнгөний тасралтгүй орох урсгалтай эдийн засгийг бий болгож чадаагүйгээ ухаарах хэрэгтэй.

Хэрвээ хадгаламжийн хүүг төрөөс хүчээр буулгавал хадгаламжид байгаа мөнгө буурах, өсөлт нь саарах хандлага ажиглагдана. Энэ нь зарим нөхдүүдийн мэдэгдээд байгаатай адил хөрөнгийн зах зээлийг чиглэн урсахгүй л болов уу. Учир нь мөнгө өөртөө тохирсон үнэтэй, тэр үнийг хаана төлж чадна тэр зүгт л урсах болно. Эндээс богино хугацаанд эерэг зүйл бий болно гэдэгт эргэлзэж байна. Нөгөө талаас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь хүүний түвшинг буулгах нэг гол тулгуур мөн. Гэхдээ энэ зах зээл нь макро эдийн засаг тогтворжиж, даатгалын зах зээл, сангууд хөгжсөнөөр хөгжих боломжтой гэж би хувьдаа үздэг. Харин нэг зах зээлээс нь мөнгө “булаагаад” нөгөө зах зээл рүү нь шилжүүлж өсгөдөг гэж сонсоогүй.

 -Банкууд дундаа дэд бүтэц байгуулах замаар давхардаж гарч буй үйл ажиллагааны зардлуудаа танах боломжтой гэдгийг Монголын банкны холбооноос мэдэгдсэн. Манайд үүнийг  нэвтрүүлэх боломжтой юу?

-Үүнтэй бүрэн санал нийлж байна. Хэдийгээр зээлийн хүүний үндсэн шалтгаан нь макро хүчин зүйл мөн боловч салбарын түвшинд боломжит бүх арга хэрэгслийг ашиглаж зардлаа бууруулах нь зүйтэй. Үүнд ч Монголбанкны зүгээс анхаарч байгаа болов уу. Дундаа дэд бүтэц байгуулах, цахим шилжилтийг ашиглах зэрэг хувилбарууд байж болох юм. Үүний бодит боломжийг салбарын дотор ажиллаж байгаа манай банкирууд илүү тодорхой хэлж чадах болов уу.

Гадны орнуудад хүү бага байдаг үндэслэл, шалтгаан нь?

-Бид, ялангуяа манай улс төрийн хүрээний зарим хүмүүс гадаадын өндөр хөгжилтэй орнуудын хүүтэй харьцуулах нь элбэг. Үүний зэрэгцээ бид бидэнтэй адил, ойролцоо хүүтэй улс орнууд байгааг анзаарах нь зүйтэй. Хүү багатай улсуудад улс төр, засаглал, хууль эрх зүй, эдийн засгийн бодлого түүний хэрэгжилт ямар байгааг, яаж энд ирснийг судлах хэрэгтэй. Тэнд бидэн шиг ийм улс төр, бодлого, засаглал байхгүй байгаа нь тодорхой. Харин өндөр хүүтэй улс орнуудад бидэнд байдаг шинж чанарууд илүүтэй ажиглагдаж болов уу.

Товчхондоо бид цэвэр улс төрийн орчин, төрийн зөв засаглал, шударга шүүх, хүнээ дээдэлсэн бодлоготой болж, тэр нь урт хугацаанд тогтвортой хэрэгжиж чадвал бидний хүсээд, харьцуулаад байгаа өндөр хөгжилтэй орнуудтай ойролцоо хүүтэй болох боломж бий.

 -Шүүхийн шатанд шилжсэн зээлийн хүүг зогсоодог хуультайгаас өнөөдөр зээлдэгчид зориуд хүүгээ зогсоолгох байдлаар ашигладаг гэдгийг банкны салбарынхан хэлж байгаа. Үүнийг хууль эрхзүйн хувьд хэрхэн зохицуулах шаардлагатай вэ?

-Зээлийн харилцаатай холбоотой хүү зогсоох, барьцаа хөрөнгийг чөлөөлөх, захиран зарцуулах гээд зохицуулах шаардлагатай асуудал олон бий. Үүнээс болж банкны салбарт шууд хохирол бий болох, хөрөнгийн эргэлт удаашрах зэрэг асуудал бий. Жишээ нь, анх зээл авахдаа банкинд хүсэлт тавиад хөрөнгөө барьцаалдаг. Төлбөрийн чадваргүй болж зээл эрсдэлд ороход эргээд барьцаа хөрөнгөө өгөхгүй шүүхддэг. Үүнээс болж цаг хугацаа, хөрөнгө мөнгөний ихээхэн хохирол үүсдэг. Үүний нэг нь таны асуусан зээлийн хүүг зогсоох асуудал. Хүүг зогсоодог, гэтэл мөнгөний хохирол гараад л байдаг. Энэ мэт асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Нөгөө талдаа иргэдийн санхүүгийн боловсрол, зээл авахдаа хандах хандлага, зээлийн үйлчилгээндээ салбарын түвшинд анхаарах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж