Нийслэлчүүдээ түгжрэлд тавтай морил

Хуучирсан мэдээ: 2020.08.26-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүдээ түгжрэлд тавтай морил

Нийслэлчүүдээ түгжрэлд тавтай морил

Зуны зугаатай өдрүүд ард үлдэж, налгар намрын шаргал өдрүүд ирж буй. Есдүгээр  сард хүүхэд багачуудын хичээл сургууль эхэлж, оюутан залуус эрдэм номын мөр хөөн нийслэлдээ хүрэлцэн ирцгээж байна. Хэсэг хугацаанд чимээгүй байсан түгжрэл эргэн ирлээ. Ачаалалгүй зам нэг ч алга. Товчхондоо  нийслэлчүүд өглөө бүр түгжрэлтэй замд хичээл сургууль, ажлаасаа хоцорч, орой бүр гэртээ харих гэж “гацна” гэсэн үг.

Өглөө ажилдаа яарсан, орой ажлаа тараад гэрлүүгээ яарсан хүмүүс хамаг уураа барж, зарим нь бүр нийслэлийн удирдлагуудыг Замын цагдаатай нь хамтатгаж байгаад харааж зүхэх нь холгүй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 450 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцдог судалгаа бий. Үүнээс 350 гаруй мянга нь замын хөдөлгөөнд идэвхитэй буюу өдөр бүр оролцдог байна. Жилд 40 мянга орчим шинэ автомашинд гэрчилгээ олгодог судалгааг мэргэжлийн байгууллагаас танилцуулсан. Энэхүү тоон судалгаанаас Нийслэл хотын зам талбайд автомашин “багталцахгүй” нь аргагүй болохыг харж болно. Өөр нэг судалгаа дурдвал, Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт нэг цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрөөдөг болохыг тогтоосон байна. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт таван  цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байна.

Өчигдөр /2020.08.25/  орой 17.00 цагт Монгол Улсын их сургуулийн автобусны буудлаас 3,4 хорооллын автобусанд суулаа. За тэгээд нам зогсов. Автобусанд янз бүрийн л ааш араншинтай зорчигчид сууна.

Зарим нь түгжрэлийг хараалаа. Зарим нь буугаад алхсан бол зарим нь суудал дээрээ унтацгаана. Шахцалдаж явахаас залхсан хүмүүс нэгэнрүүгээ “Цаашаа зогс” хэмээн хэдэрлэнэ.

Автобус байрнаасаа хөдөлгөөнгүй байж байгаад алхам алхмаар жаахан урагшилна, тэгээд л хөдөлгөөнгүй зогсчихно. Ойрхон гэртэй хүмүүс бол буугаад л алхчихна. Хол ажил, гэртэй хүмүүс нь автобус түгжрэлээс гарчих болов уу гэсэн горьдлогоор хүлээж тэвчээрээ шалгана. Түгжрэл дунд “бараагүй” болсон унаагаа хүлээсэн хүмүүс автобусны буудал дээр жирийтэл зогсч холхилдоно. Арайхийж түгжрэлээс гараад ирсэн автобусны бараа харсан хүмүүс уралдаж суухаар гүйлдэнэ, урд талын хаалгаар багталцахгүй алаан болно.  Орой болгон ийм түгжрэл байнга үүсдэг байдалд автобусны жолооч нар бүр эвлэрчихсэн. Хоёр цаг түгжирч байгаад л түгжрэлээс гарна даа гэж хээв нэг ярих аж.

Өнгөрсөн хугацаанд түгжрэлийг бууруулахын тулд замын нэгдүгээр эгнээгээ нийтийн тээвэрт зориулав. Гэтэл нийтийн тээврийн түгжрэх хугацаа багассан ч суух зорчигчдынх нь тоо нэмэгдсэнгүй. Нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачих шийдвэр түгжрэлийг арилгах нэг гарц гэж үзсэн байдаг. Гэтэл ачилтын компаниуд дураараа дургиж, иргэд харин ачуулахгүй байх гарцаа олж чадав. Зогсоол нэмсэн ч автомашин нь дагаад нэмэгдлээ. Шар зураас бий болголоо, зарим уулзвар, гарцыг нэмлээ, нэг чигийн урсгалд оруулав. Гэлээ ч түгжрэл нэмэгдсэн үү, гэхээс огтхон ч буураагүй гэдэгтэй санал нийлэх хүмүүс олон биз.

Захуудыг нүүлгэх, Их дээд сургуулийг хотоос гаргах талаар том дарга нар 10 гаруй жил ярьсан ч дорвитой өөрчлөлт хийсэн зүйл огтхон ч алга. Олон жилийн хугацаанд түгжрэлийг бууруулах ганцхан дорвитой санаа бодож олсон нь дугаарын хязгаарлалт байсан билээ. Гэвч боломжийн амьдралтай нь дахин нэг машин худалдан авч, түгжрэл нөгөөх л бахь байдгаараа. Ер нь ингээд бодоход түгжрэлийг бууруулах бодит гарц шийдэл байна уу Нийслэлийн удирдлагууд аа.

 Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж