&#34Орон сууцтай болсон өрхийн тоогоор дундаж давхарга тэлнэ&#34

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

&#34Орон сууцтай болсон өрхийн тоогоор дундаж давхарга тэлнэ&#34

“Бид” ярилцлагын буланд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг оролцож цаг үеийн асуудлаар ярилцлаа. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

-Таныг Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа тэр салбарт есөн том ажлыг хийсэн гэж сонссон. Тухайлбал, Бензины худалдааны нэгдсэн бодлого, Монголын алт монголдоо үлддэг болсон, түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс хайргыг ашиглах эрхийг орон нутаг нь олгодог болсон, Эрдэс баялгийн орлогоос орон нутагт хуваарилагдах хэмжээ нэмэгдсэн зэрэг томоохон ажлуудыг эхлүүлсэн гэж сонссон юм байна?

 

-Шинэчлэлийн Засгийн газарт Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа иргэдийн анхаарлын төвд байдаг шатахууны гадаад худалдааг нэгдсэн бодлоготой болгож, бизнесийн зарчимд нийцүүлэн, зөв гольдролд нь оруулсан. Зах зээл талаас нь харахад нэг орны нэг компаниас хараат учраас бараг л хэлсэн үнээр нь худалдан авч ирсэн байдаг. Тиймээс Дорнодын хоёр талбайгааас экспортолж байгаа түүхий нефтийнхээ оронд бензин авъя, ингэхдээ олон улсын аргачлалыг ашиглах дээр тогтож,үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө багаараа ажилласан.

 

Ингээд экспортолж байгаа түүхий нефтийнхээ оронд Петрочайна компаниас шатахуун авахдаа Сингапурын хөрөнгийн биржийн түүхий нефтийн үнийг үндэслэж тооцох аргачлал дээр хоёр тал тохирч холбогдох гэрээ, хэлэлцээрийг хийсэн. Тэгээд дараа нь энэ аргачлалыг Роснефть компанид санал болгосон ба, эхлээд тэдний тал дургүй байсан ч хүлээн авсан. Ингээд энэ аргачлалаа оруулж гэрээ, хэлэлцээрээ ч шинэчилсэн. Эдгээр ажлын үр дүнд 2013 онд шатахууны хилийн үнийг тонн дутамд 250 орчим ам.доллараар бууруулж байсан. Энэнээс хойш ч тодорхой хэмжээгээр шатахууны хилийн үнэ буурсан. Йим байдлаар түүхий нефтийн үнэнд суурилж бензин, шатахууны хилийн үнийг тооцдог нийтлэг аргачилалд шилжсэнээр энэ худалдаа бизнесийн зарчимд шилжсэн юм.

 

Нөгөө талаас бензин, шатахуун нь өрх бүрийн амьжиргааны өртөгт нөлөөлдөг стратегийн бүтээгдэхүүн учраас энэ гадаад худалдааг эрхлэгч аж ахуйн нэгж мэрэгжлийн холбооны гишүүн байхаас гадна, энэ худалдаанд төрийн захиргааны байгуулагатай хамтарч ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Ингэснээр энэ худалдаа нэгдсэн бодлоготой болсон юм.

 

Монголын алт монголд үлдэхгүй, гадагшаа далд хэлбэрээр гараад байна гэсэн яриа гардаг байсан.Хууль сахиулах байгуулагын судалгаанаас энэ алтны хэмжээ 4-5 тн гэсэн мэдээлэл байсан. Өөрөөр хэлбэл ийм хэмжээтэй алт газрын гав руу орсон мэт алга болчихоод байсан гэсэн үг л дээ. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газрын үйл ажиллагааныхөтөлбөрт "алтны худалдаанд ил тод байдлыг бий болгоно " гэсэн зорилтыг оруулахад Ерөнхий сайд “наадах чинь дийлдэх үү” гэж асууж байсан.

 

Судлаад үзэхээр Монгол улс алтан дээр хоёр хөршөөсөө хамаагүй өндөр нөөц ашигласны төлбөртэй (НАТ ) байсан. Хятадын улсын хувьд импортын алтнаас 2 хувь, ОХУ 3-4 хувийн НАТ авдаг байхад , Монгол улс суурь НАТ нь таван хувь, дээрээс нь үнийн өсөлтөөс хамаараад таван хувийн НАТ авдаг. Түүнчлэн НАТ-ийг борлуулалтаас тооцдог учир, энэ нь татвар төлөхийн өмнөх ашгийн бараг 30 хувьтай тэнцэнэ байх. Тиймээс манай улсад олборлогдсон алт экспортлогддог,эсхүл ил гарахгүй байгаа шалтгаан энд байна гэж үзсэн. Тиймээс энэ алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж Монгол банкинд алтаа тушаавал 2.5 хувийн НАТ төлнө, тушаагаагүй тохиолдолд 10 хувийн НАТ-ийг хуучнаараа төлөх хуулийг батлуулсан.2013 онд энэ хууль батлагдсан ба, түүнээс өмнөх жилүүдийн дундажийг аваад үзэхэд 4.5 тн орчим алт Монгол банкинд тушаасан байдаг. Харин хууль хэрэгжсэн 2014 онд Монгол банкинд тушаагдсан алтны хэмжээ 13.8 тн хүрч, өмнөх жилүүдийн дунджаас 2.7 дахин нэмэгдэж,энэ алтны 50 орчим хувийг иргэд буюу бичил уурхай эрхлэгчид тушаасан гэсэн мэдээлэл байна.2015 онд 2014 оныхоос илүү үр дүн гарна гэж найдаж байгаа. Ер нь өнгөрсөн зуунд ч, энэ зуунд ч аливаа улс орон алтыг гадаад валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх,эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахыг гол зорилт болгож ирсэн байна.Энэ хууль батлагдсанаар зөвхөн нэг жилд алтны тушаалтаас төв банкны гадаад валютын нөөц 350 орчим сая $-р нэмэгдсэн байна.

 

-Газрын тосны тухай хууль батлагдсанаар уул уурхайн салбарт бас нэгэн шинэ ахиц гарсан болов уу гэж боддог юм?

 

-Тийм ээ. Олон жил хүлээсэн Газрын тосны тухай хуулийг батлуулах гэж жил хагас болсон доо. Нөөц ашигласны төлбөр бол баялагийн эзэн орны авдаг татвар. Хуучин хуульд ч энэ талаар заалт байгаагүй.Тиймээс шинээр гарсан хуульд эхлээд Засгийн газар нөөц ашигласны төлбөрөө аваад, түүний дараа зардлыг хасч, үлдсэн тосыг хоёр тал БХГ хуваахаар хуульчилсан. Хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг,эрсдэл өндөртэй уул уурхайн салбарт урт хугацаанд эрхзүйн орчин тогтвортой байх нь хамгийн чухал. Бид энийг л зорьж ажилласан.Тиймээс Эрдэс баялгийн салбарт урт хугацааны баримтлах бодлогоо батлуулсан.Энэ бодлогод хууль санаачлах эрхтэй этгээдийн хуулийн төсөлд заавал ч үгүй бодлогын зөвлөлийн саналыг авч байхаар хуульчилсан.Бодлогын зөвлөл нь эрдэмтэд, хөрөнгө оруулагчид,судлаачид, төр засгийн гээд бүх талын оролцоотой байхаар тусгасан. Миний хувьд хүнд цаг үед уул уурхайн салбарын Засгийн газрын гишүүнээр ажилласан гэж боддог. Энэ салбарт асар их гомдол хуримтлагдсан байсан. Яагаад ингэж хэлж байна гэхээр 106 тусгай зөвшөөрөлтэй холбогдсон авилгалын асуудал, 2012 оны сонгуулийн үеэр Урт нэртэй хуулийг хэрэгжүүлж байна гээд тэр үеийн Засгийн газрын шийдвэрээр төрөөс олгосон тусгай зөвшөөрлийнхөө 40 орчим хувийг гэв гэнэт зогсоосон байсан.Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг 5 жил зогсоосон байсныг зөвхөн засгийн газрын шийдвэрээр талбайг тогтоосны үндсэн дээр эмх замбараатай дэс дараатай явуулахтай холбогдуулж Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан. Төр тусгай зөвшөөрөл өгч альнэг этгээдийн хөрөнгийг хайгуулд буюу газрын хэвлий луу хийсний дараа тэр зөвшөөрлөө нөхөн олговрыг нь шийдэхгүйгээр засаг өөрөө хүчингүй болгоно гэдэг бол маш болчимгүй, байж болохгүй шийдвэр байх. Өнгөрсөн 2, 3 жилийн хугацаанд эдгээр асуудлыг шийдвэрлүүлж чадсан гэж бодож байна.

 

-Та Уул уурхайн сайд болоод удаагүй байхдаа “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харна” гэж хэлсэн нь тухайн үед нэлээд шүүмжлэл дагуулж байсан. Одоо Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барьсан. Энэ бичигт Оюутолгойн зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрсөн нь Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болсон утга агуулгатай өгүүлбэр байна. Тэгэхээр яагаад Монгол Улсын засгийн газар зардлын хэтрэлтийг тухайн бүрт нь хянаж байгаагүй юм бэ?

 

-Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрөө УИХ-р батлуулахад Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруул гэсэн үүргийг ЗГ-т өгсөн. Нэгэнт УИХ-аас баталсан хууль учир Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй ба Засгийн газар үүнийг хэрэгжүүлэхийг салбар хариуцсан сайддаа үүрэгдэж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах саналыг тавь гэсэн. Энэ саналыг тавьсан ч нөгөө тал хүлээж авах боломжгүй гэсэн хариултыг өгсөн. Энэ асуудал 2012 онд болоод өнгөрсөн.

 

Зардлын хэтрэлт бол анхаарал татсан асуудал л даа. Анхны хөрөнгө оруулалтыг 2009 оны гэрээний төсөлд 4 тэрбум ам.доллар гэж тусгасан байсан. 2007 оны гэрээний төсөлд энэ анхны хөрөнгө оруулалт 2.7 тэрбум ам.доллар гэж байсан. Юу ч байхгүй газар том бүтээн байгуулалт явагдана гээд зардлын нөөцтэй байх хэрэгтэй гэж үзэн 2009 онд 4 тэрбум. ам.долларыг тэр хэвээр нь явуулсан. Энэ нь тухайн үедээ бөөн хэл ам дагуулж байсан. Ингэж батлагдсан анхны хөрөнгө оруулалтын зардлын хэмжээ 2012 онд 6.6 тэрбум ам.доллар болж даруй 50 хувиар өссөн байсан. Тухайн үед УИХ-ын олонхи байсан, засгийн эрх барьж байсан улс төрийн хүчин энэ зардлыг хянаж байх үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл Оюутолгой компанид монголын ард түмэн 34 хувь эзэмшдэг ба энэ эрх,хяналтыг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Компани нь сар , улирал бүр ХНХ,ТУЗ-ын хурлаа хийж гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байдаг.2012 оны 09 сард Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад энэ зардал аль хэдийн хэтэрчихсэн байсан.Энэ зардалд яагаад ач холбогдол өгсөн бэ гэдэг нь энэ зардал нь анхны хөрөнгө оруулалтын зардал байсантай холбоотой юм.Анхны хөрөнгө оруулалтын 4 тэрбум ам.долларын 60 хувь буюу 2.4 тэрбум ам.долларын 1.8 тэрбумыг хөрөнгө оруулагч өөрөө гаргана, 800 орчим сая ам.долларыг монголын тал ирээдүйд авах ноогдол ашгаасаа төлөх нөхцөлтэй, анхны хөрөнгө оруулалтын зардлын үлдсэнийг болоод,цаашдын бүх зардлыг банкны зээлээр санхүүжүүлэх тохиролцоо хийгдсэнтэй холбоотой юм. Зардал хэтрэх нь менежмент хийж байгаа талдаа ашигтай тусах нийтлэг хандлагатай байдаг. Нөгөө талдаа Монголын талын ногдол ашгаасаа хасагдах анхны хөрөнгө оруулалтын зардал нь тодорхой бус байдлаар нэмэгдэж болохгүй юм.Тухайн үед МАН-ын Засгийн газар энэ зардлын хяналтыг хариуцлагатай хийх байсан.Хүний хагжил сангийн, ашигт малтмалын тухай хуульд зааснаар стратегийн ордтой холбогдсон харилцаанд Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гол нөлөөтэй оролцдог. Гэтэл өнөөдөр ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг энэ төслийн зардлын хэтрэлтэй холбогдуулж огцруулах хуулийн төсөлд тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан гишүүн нь гарын үсэг зурж, оролцсон хараглсан.

 

Энэ төсөлтэй холбоотой бас нэг асуудал байдаг ба тэр нь Монгол улсын хууль,олон улсын дүрэм журамд нийцэхгүй асуудал юм. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар санхүүгийн зөвлөх компанийг сонгохдоо Оюутолгойн тусгай зөвшөөрлийг эзэмшигч Айвэнхоумайнз хувьцаат компанийн эхний 10-т багтах хувьцаа эзэмшигчийг авсан байдаг юм.Энийг хаана ч ашиг, сонирхлын зөрчил гэж үзэх байх. Тэр компани гэрээ байгуулагдсанаас хойш 2012 оны 07 сар хүртлэх хугацаанд 680 орчим сая ам.долларын орлого, ашиг хийсэн байдаг. Тухайн үеийн эрх баригчид яагаад ийм сонголт хийснийг ойлгодоггүй юм. Эндээс харахад сонгууль дөхөж хэт улс төржсөнөөс болоод,Монгол төрийн ой санамж муудаад байна гэж хэлэхээр байна.

 

-Та Баянзүрх дүүргээс УИХ-д гурван удаа улирч сонгогдсон гишүүн. Улаанбаатарт амьдарч байгаа иргэдийн хувьд хамгийн тулгамдсан асуудал бол орон сууц. Гэтэл орон сууцны зээл сүүлийн хэдэн сар зогсонг байдал орсон байсныг саяхан УИХ хэлэлцэж зээлийн хүүг 5 болгон буурууллаа?

 

-Зах зээлийн эдийн засагтай улс оронд төр иргэд, аж ахуйн нэгжийн урдуур орж садаа болохын оронд иргэдийнхээ ая тухтай ажиллаж амьдрах зохицуулалтыг хийх үндсэн үүрэгтэй байдаг. Эдгээр зохицуулалтаар хийх. үндсэн ажлын нэг нь иргэдээ орон сууцтай болоход хөнгөлөлттэй урт хугацааны зээл олгох ажил юм. Энэ бол олон улсын хэмжээнд засгийн газрын хийдэг нийтлэг ажил. Монгол улс нэг хүнд оногдох газар нутгаараа тэргүүлдэг. Ганцхан дэд бүтэцтэй газар хангалттай бус, дээр нь хямд үүсвэртэй санхүүжилт олдохгүй байсаар ирсэн. МАН эрх барьж байхдаа орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг төсвөөс санхүүжүүлж эхэлсэн юм билээ. Ийм ачаалалыг улсын төсөв даахгүй. Нийтлэг бус үйл ажиллагаа. Харин төв банкны мөнгөний бодлогоор дамжуулж арилжааны банкуудад үнэт цаасаар баталгаа гаргах, эргээгээд мөнгөжүүлэх байдлаар шийдэх нь хамгийн нийтлэг хувилбар юм.Монголбанк өнгөрсөн хугацаанд энэ аргачлалаар 76 мянган өрхийн орон сууцанд олгогдсон хөнгөлөлттэй зээлийн их үүсвэрийг шийдсэн гэж ойлгож байна.Монгол улс социализмын үед улсын төсвөөс барьсан орон сууцаа иргэддээ хувьчлаад өгчихсөн. Иргэдийн орон сууцны асуудлыг шийдэх нь улс орны хөгжилд ихээхэн чухал нөлөөтэй байдаг. Иргэд орон сууцтай болсноор, тэдний хуримтлал тийм хэмжээгээр нэмэгдэж, дундаж орлоготой иргэдийн тоо нэмэгддэг. Энэ бол Монголын төр, засгийн үндсэн зорилт. Өмнө энэ ипотекийн зээл хэрэгжиж эхлээгүй байхад иргэдийн орлогын ихэнх нь импортын бараанд гадагш гардаг байсан.

 

-Ипотекийн зээлийн тогтолцоонд Тэтгэврийн нөөц сан гэсэн шинэ бүтэц орж ирэх гээд, хуулийн төслийг нь хэлэлцэж байна. Үүгээр яг ямар харилцааг зохицуулах юм бэ. Иргэдийн хувьд тэтгэврийн сантай андуурч ойлгоод байх шиг байна?

 

-Сан зүйл олон үр дагавартай байдаг. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 8 хувийн хүүтэй урт хугацааны зээлийг олгож ирснээр 76 мянган өрх энэ зээлд хамрагдсан .Энэ бол сүүлийн 25жилд хийгдээгүй ажил. Одоо инфляц буурсан учраас зээлийн хүүг 5хувь болгохоор судалгаа хийж байна. Энэ бол сайн хэрэг. Орон сууцны ипотекийн зээлийн хүүгээс сард 20 гаруй тэрбум.төгрөгийн орлого олохоор байгаа.Тэгээд энэ таван хувийн хүүгийн орлого, дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөт үлдэгдлийн орлогын хүү зэргийг нэг санд төвлөрүүлж, тэтгэврийн нөөцийн сан байгуулах хуулийг сая УИХ баталлаа. Тэтгэврийн нөөцийн санд жилд 250орчим тэрбум төгрөг хуримтлагдах юм. Энэ сангийн менежментийг ил тод, сайн удирдах хэрэгтэй.Өнөөдрийн та бидний төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээс өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүст сар бүр тэтгэврийг нь өгөөд явж байгаа. Гэтэл 2018-2030 оны хооронд тэтгэвэрт гарах хүмүүсийн тоо асар ихээр нэмэгдэх юм билээ. Энэ хүмүүст цаашид тэтгэврийг нь өгье гэхээр одоо бидний төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл хүрэлцэхгүй болно. Тиймээс шинэ нөөц бий болгох, хуримтлалыг нэмэгдүүлэх зэргээр, энэ сан зөв гольдролдоо орох юм.

 

-УИХ сарын өмнө гаргасан шийдвэрээ зассан. Энэ нь хүүхдийн 20000 төгрөг. Хүүхдийн мөнгийг олгох нэмэлт эх үүсвэр хаанаас гарч байна вэ?

 

-УИХ, Төсвийн байнгын хороо Засгийн газраас оруулж ирсэн саналд ямар ч өөрчлөлт хийлгүй баталсан. Төсөв муу байгаа үед өрхийн орлогоос хамааруулж олгоё гэдэг санал гарч байсан. Тэгээд сая УИХ хүүхдийн мөнгө бол халамж биш, бүх хүүхдэддээ ялгаваргүй олгоё гэдэг дээр санал нэгдэж чадсан нь сайн хэрэг. Энэ оны төсөвт суусан хөрөнгөөр 7 сарыг дуустал хүүхдийн мөнгийг хуучнаараа бүрэн олгоод явах боломжтой байх. Харин төсвийн тодотголыг шаардлагатай үед нь хийх хэрэгтэй. Хөгжилтэй орнуудад хүн амаа өсгөх хүн ам зүйн бодлогын хүрээнд цэцэрлэгийн хүүхдийн хувьсах зардлыг хоёр дахь, гурав дахь хүүхдээс нь тодорхой хэмжээгээр нэмэгдүүлдэг юм билээ. Ийм сайн туршлагыг ч судлах хэрэгтэй байх.

 

Б.БАТ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж