Төв аймаг Эрдэнэ сумын Цонжин болдог гэх газар өчигдөр (2020.08.24) орой 19.18 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. Хэргийг тодруулбал, Улаанбаатар хотоос зүүн тийш 52 км асфальтан замд “Toyota prius” маркийн хоёр автомашин мөргөлдөж, зорчигч дөрвөн сартай хүүхдийн амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн байна.
Энэ сард зам тээврийн хэд хэдэн ноцтой осол гарчээ. Тухайлбал, Баян-Өлгий аймаг Ногоон нуур сумын төвөөс зүүн урагш гурван километрт, есдүгээр багийн Цагаан нуур тосгон "Угтах хаалга" гэх газарт асфалтан замд наймдугаар сарын 6-ны өдрийн 19.00 цагийн орчимд “Тoyota Camry” маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч зургаан хүн нас барсан байна. Амиа алдагсдын хоёр нь найм болон 15 настай хүүхдүүд гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс 65 км шороон замд, Ходоод гэдэг газар наймдугаар сарын 4-ний оройн 22.00 цагт Зил-131 маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч нэг ой долоон сартай хүүхдийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан.
Иймд жолооч та бүхэнд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулах, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байхыг анхааруулж байна. Жолооч таны анхаарал болгоомжгүй хийсэн ганцхан үйлдэл бусдад ямар их аюул, харуусал дагуулдгийг санаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ