Хятад улс эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүсээ долдугаар сараас коронавирусийн эсрэг туршилтын вакцинд хамруулж эхэлсэн байна. Тус улсын Үндэсний Эрүүл мэндийн Хорооны шинжлэх ухаан, технологийн төвийн захирал Зэнь Зонвэйн хэлснээр туршилтын вакцин хэрэглэх зөвшөөрлийг долдугаар сарын 22-ны өдөр өгсний дараа эмч, хил гаалийн ажилтнууд гэх зэрэг эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг вакцинд хамруулах ажил эхлүүлжээ.
Уг вакциныг “China National Biotec Group” (CNBG) компани боловсруулсан ба вакцины гурав дахь буюу сүүлчийн шатны туршилтыг Арабын Нэгдсэн Эмират, Перу, Мороко, Аргентин улсуудад хийж байгаа аж.
Хятад улс нь үүнээс өмнө зургаадугаар сард “CanSino Biologics” компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг зэвсэгт хүчний алба хаагчдад хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Тус улс нь вакцин үйлдвэрлэл болон хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд жилд 40 үйлдвэрээс нэг тэрбум гаруй тун вакцин зах зээлд гардаг. Коронавирусийн эсрэг вакцин ч мөн Хятадад хамгийн олон лаборатори, компаниудад боловсруулж байна.
Эх сурвалж: CNN