У.Хүрэлсүхийн Засгийн газрын мөнгө олох "төлөвлөгөө"

Хуучирсан мэдээ: 2020.08.25-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн Засгийн газрын мөнгө олох "төлөвлөгөө"

У.Хүрэлсүхийн Засгийн газрын мөнгө олох "төлөвлөгөө"

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолыг төслийг хэлэлцэж буй. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газар ирэх дөрвөн жил нийгэм, эдийн засгийн бодлого, салбар бүрт ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгээ тодорхойлсон бодлого,  дөрвөн жилийн дараа сонгогчдыг “нэхэх” амлалтын жагсаалт юм.

Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлогоос илүү ирэх дөрвөн жилийн хугацаанд хаанаас хэрхэн орлого олж, түүгээрээ эдийн засгаа эмчлэх вэ гэдэг хамгийн том даваа бөгөөд Засгийн газрын толгойны өвчин. Ялангуяа дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж, эдийн засаг саарч, орлого буурч байгаа энэ үед бид ямар зохион байгуулалт, зөв бодлого гаргах вэ гэдэг маш чухал.

Монгол Улсын орлогын дийлэнх хувь нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос бүрддэг. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан уул уурхайн салбарт хэрэгжүүлэх бодлогуудыг сорчилж үзье.

Мөрийн хөтөлбөрт ил тод, хариуцлагатай уул уурхай,  нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, үе үеийн Засгийн газрын амладаг шиг Оюутолгойг үр өгөөжтэй болгох, Тавантолгойн бүлэг ордыг дэд бүтцийг бүрдүүлж, ашигтай ажиллах, Эрдэнэт үйлдвэрт өргөтгөл шинэчлэлт хийж өгөөжийг нь нэмэгдүүлэх гэсэн төлөвлөгөөнүүдийг ч У.Хүрэлсүхийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө багтаажээ.

ОЮУТОЛГОЙН ТӨСЛИЙГ МОНГОЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИД НИЙЦҮҮЛНЭ

Өнгөрсөн хугацаанд гадаадын томоохон хөрөнгө оруулалт татаж, томоохон бүтээн байгуулалт хийсэн нэг төсөл бол Оюутолгойн төсөл. Энэ төсөл Монголд ашигтай гэхээс илүү ашиггүй гэж цээжээ дэлдэж, хувийн ашиг сонирхол, улстөржсөн хэдэн улстөрчдийг амны уншлага болжээ. Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг сонгууль угтсан, улс төрийн намуудын амлалтыг биелүүлэх “шахаанд” орсон Оюутолгой төсөл Монголд хийгдсэн том хөрөнгө оруулалт мөнөөс мөн. Мэдээж төсөлтэй холбоотой хууль эрх зүйн орчин, засч сайжруулах зүйл бийг гарч ирсэн Ерөнхий сайд, Засгийн газар бүр ярьсаар олон жилийг үдэж.

Өнгөрсөн парламентын үед ч Оюутолгой төслийн гэрээг сайжруулах ажлын хэсэг байгуулагдаж, дүгнэлт гаргаад шийдвэр гаргаж чадаагүй сонгуультай золгосон. Засгийн газар, УИХ бүрийн хэлдэг ярьдаг зүйл нь Оюутолгой төслийг гэрээг сайжруулах. Харин үр дүнд хүрч, ажил хэрэг болсон нь үгүй. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгой төслийн гэрээг Монголын хуульд нийцүүлж, далд уурхайг ашиглалтад оруулах ажлыг ирэх дөрвөн жил хийх нь. Мэдээж Оюутолгойн гэрээг сайжруулахыг хүн бүр хүсч байгаа ч гэрээг нь үзэглэсэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ял өгснөөр ажил нь дуусчихгүй байгаасай гэж хүсэн хүн бүр ч олон бийг сануулах нь илүүц биз ээ.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ӨМЧЛӨЛИЙН АСУУДЛЫГ ЭЦЭСЛЭНЭ

Сүүлийн 30 жил төсөв, төрийн саалын үнээ болсон Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр ч үүргээ гүйцэтгэсээр яваа.  Тус үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас  худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн”-ы маргаан өнөөдөр ч Монголын төдийгүй олон улсын шүүхээр эцэслэгдээгүй учраас энэ асуудалд ирэх дөрвөн жил цэг тавина гэж Засгийн газар амлажээ.

Хууль болоод үйл явдлын процессыг харвал ирэх дөрвөн жилд шийдэгдэнэ гэдэг юу л бол. Ямар ч гэсэн Засгийн газар Эрдэнэт үйлдвэрээ улсынхаа мэдэлд 100 хувь аваад ил уурхай, баяжуулах үйлдвэрт өргөтгөл, шинэчлэлт хийж, үйлдвэрлэлийг хүчин чадал, өгөөжийг нь нэмэгдүүлэх гэнэ.

ЦАГААНСУВАРГЫН ОРДЫГ ТӨР АВЧ,  ЗЭС, МОЛИБДЕНИЙН ОРДЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

“Эрдэнэт”, “Оюутолгой” үйлдвэрийн дараа орох гурав дахь “мега” төсөл бол “Цагаан суварга”-ын орд. Гэхдээ УИХ, Засгийн газрын шийдвэрээр хувийн хэвшил болох МАК-ийн эзэмшил болсон. Гэхдээ энэ ордыг төрд авах “ажил” сүүлийн хэдэн жил улстөрчдийн ярианы сэдэв болж буй. 2019 онд гэхэд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарсны дагуу улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон 400 орчим ордын лицензийг төрд эргүүлэн авна. Тэр дундаа Цагаан суваргын лицензийг төрд авч, ашгаа хуваалцана” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлж байсан. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-ийн гурван гишүүн Цагаансуваргын ордыг төрд авах дээр санал нэгдсэн гэсэн үг.

Засгийн газар 2020-2024 оны мөрийн хөтөлбөртөө Цагаансуваргын ордыг төрд аваад, зэс, молибдений ордыг нь ашиглалтад оруулахаар тусгажээ.

Угтаа бол Цагаансуваргын ордын эзэмшигч нь МАК, төрд аван албан шийдвэр, шийдэл гараагүй байгаа. Гэвч Засгийн газар удахгүй авна гэдэгтээ “итгэлтэй” байгаа учраас мөрийн хөтөлбөртөө тусгасан биз ээ.

“Цагаан суварга”-ын ордын батлагдсан нөөц нь 250 сая тонн үндсэн сульфидын хүдэр буюу металлд шилжүүлснээр 1,6 сая тонн зэс, 66 мянган тонн молибден.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөлТүүнээс гадна Засгийн газар Салхитын мөнгөний орд, Зүүн цагаан дэлий жоншны далд уурхайг ашиглалтад оруулах, Дорноговийн Сайхандулааны Цагаан толгойн цахиурын ордуудыг ашиглалтад оруулж, экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ БУСАД БОДЛОГО:

  • Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ
  • Үндэсний геомэдээллийн нэгдсэн санг хөгжүүлж, цахим системийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлнэ.
  • Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт, өнгөт, хар, холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл, хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баялгийн нөөцийг арвижуулна.
  • Уул уурхайн салбарын институцыг бэхжүүлж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно
  • Хар төмөрлөг, зэсийн баяжмал боловсруулах, үнэт метал цэвэршүүлэх үйлдвэр зэрэг хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • Дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах
  • Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг Баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ гэж тусгажээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж